Нийгмийн

Нисдэг тэрэгтэй эмч С.Дэлгэрмягмар: 42 удаагийн дуудлагa нислэгээр 59 иргэний амь авраад байна

Нислээ. Хөөрлөө. Буулаа. Ийм эргэх зарчмаар хөх тэнгэрт дүүлэн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангадаг хүн бол хошууч С.Дэлгэрмягмар. Онцгой байдлын байгууллага нисдэг тэрэгтэй болж, Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдахад томилогдон, үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Өнгөрсөн онд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид Cabri G-2 маркийн 1 нэгж нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах EC-145 маркийн 3 нэгж нисдэг тэрэгтэйгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалсан юм.

Хошууч С.Дэлгэрмягмар нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид Авионик инженерээр ажиллаж байна. Нэг ёсондоо түүнийг нисдэг тэрэгний “эмч” гэж тодорхойлж болно. Түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Хүн бүрийн багын мөрөөдөл нисгэгч болох. Тэнгэрт дүүлэх нисэх онгоцыг хараад “намайг аваад яваач” гээд л дагаж гүйдэг байлаа. Таныг ч гэсэн ийм мөрөөдлөөр жигүүрлэн мэргэжлээ сонгосон гэж ойлгож байна?

-Тийм шүү. Нисгэгч болох мөрөөдлөө биелүүлээгүй ч нисэх онгоцных нь аюулгүй байдлыг хангадаг инженер болсон. Миний хувьд ҮБХИС-ийн Ахлагчийн коллежийг 2005-2006 онд төгсөөд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид Холбоочин-кабельчингаар ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. 2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас зарлагдсан Залуу ахлагч нарыг дэмжих ажлын хүрээнд Оросын холбооны улс руу Цэргийн сургуульд явах сонгон шалгаруулалтад хамрагдаж тэнцээд 2011 онд Краснодар хотын Цэргийн нисэхийн дээд сургуульд сөнөөгч “СУ-127” онгоцны цахилгаан тусгай тоноглолын техник мэргэжлийг эзэмшиж, эх орондоо ирсэн. Төгсөж ирээд 2019 он хүртэл Зэвсэгт хүчний 303 дугаар ангид “Ми-171” нисдэг тэрэгний Цахилгаан тусгай тоноглолын техникч, бүлгийн дарга, борттехникчээр үүрэг гүйцэтгэж байгаад 2020 оноос ҮБХИС-ийн Агаарын цэргийн тэнхимд багшилсан. Улмаар 2021 онд Онцгой байдлын байгууллага нисэх ангитай болоход нь авионик инженерээр томилогдон, үүрэг гүйцэтгэж байна. Ажил, амьдралынхаа хувьд шинэхэн түүхийн хуудсыг эхлүүлж, бичилцэж яваадаа баяртай байдаг. Цэргийн албанд нийт 18 дахь жилдээ алба хааж байна.

- Техник үйлчилгээний ажил бол нисэхийн салбарын гол “зүрх”. Тийм ч учраас таны ажил, мэргэжлийн онцлогийг нисдэг тэрэгний “эмч” гэж тодорхойлж болохоор юм?

-Онгоцны инженер болоход урт хугацаанд тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Тиймээс мэдлэг боловсролоос гадна хувь хүний хандлага маш чухал. Агаарын хөлгийн цахилгаан хангамжийн системийн аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж, илэрсэн дутагдлыг шуурхай арилгах үндсэн үүрэгтэй ажилладаг учраас хариуцлага өндөртэй. Үзлэг хийж шалгаад, гарын үсэг зурж баталгаажуулан нисэх зөвшөөрөл олгосон онгоц тэнгэрт хөөрч, бууж,суухыг харах хамгийн сайхан.

-Албаны онцлог, үйл ажиллагааны хувьд ямар өөрчлөлтүүдийг мэдэрч байна?

-Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба бол нэг чиглэл, нэг үүргийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага учраас ерөнхиийдөө үйл ажиллагааг нь мэднэ. Гэхдээ том ялгаа бий. Өдөр тутамдаа хүний амь насыг авран хамгаална. Аюултай нүүр тулна. Дасгал, сургуулилт, сэтгэлзүйн хувьд байнгын өндөр бэлтгэлтэй байх шаардлагатай. Монголын бахархал болсон аврагч, гал сөнөөгчдийн эгнээнд элсэж, нэг эд болсон маань том өөрчлөлт байлаа. Миний хувьд Зэвсэгт хүчинд байхдаа 2017, 2018 онд Сэлэнгэ, Минжийн хангайд гарсан ой, хээрийн түймрийн голомод болоод Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг “МИ-171Е” загварын нисдэг тэргээр хүргэж өгөхөд нь борттехникч /нислэгт хамт явдаг инженер/-ээр ажиллаж байсан.

-Энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн. Мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэж байсан хүний хувьд Монголын аврагчдын ялгарах онцлогийг тухайн үед юу гэж дүгнэж байв?

-Исламын Бүгд найрамдах Афганистан улсад 2012, 2013 онуудад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд нисдэг тэрэгний сургалтын бүлэгт хоёр удаа багш-орчуулагчаар үүрэг гүйцэтгэж байлаа. Энэ ажиллагаа нь Афганистанд Нато-гийн нисэхийн цэргийн хүчнээс зохион байгуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу явагдсан. Хөтөлбөрийн хүрээнд тус улсын үндэсний армийн инженер техникийн бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор “МИ-171” нисдэг тэргэн дээр эрх олгох сургалтуудыг зохион байгуулсан. Тухайн үед олон улсын сургалтын багууд ч үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үеийнхээ үнэлгээгээр Монгол улсын бэлдсэн сургалтын бүлгийн төгсөгч нар хамгийн өндөр үнэлгээтэй шалгагдсан. Монгол хүний тэсвэр хатуужил бол дэлхийн аль ч улс орны цэргүүдтэй харьцуулшгүй. Мөн оюуны потенциал маш өндөртэй, чадвартай байдаг.

- Тэгвэл энэ мэргэжлийг эзэмшээд хамгийн их баярласан үе хэзээ байдаг бол?

-ОХУ-д сурч ирээд аав, ээждээ үнсүүлэх тэр мэдрэмж одоог хүртэл “шинэхэн” хэвээрээ байдаг. Тэр үеэс л би хичээх хэрэгтэй юм байна гэдгийг илүүтэйгээр мэдэрч, баримталж явна. Би эцэг, эхээс зургуулаа. Дөрвөн эгч, нэг ахтай айлын бага. Эхнэртэйгээ 2009 онд ОХУ-д суралцаж байхдаа танилцаж байлаа. Хоёулаа нэг хотод хамт суралцдаг байсан. Тэгээд 2014 онд гэр бүл болоод хөөрхөн хүүгийн аав, ээж болцгоосон. Миний хамгийн нандин бүхэн ОХУ-д сурч байсан үетэй маань холбоотой байдаг.

-Энэ их ажлын хажуугаар өөртөө болоод гэр бүлдээ зарцуулах цаг зав хэр байна?

-Амралт, чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ агаар салхинд гарах дуртай. Цэргийн хүн учраас бие бялдрын хувьд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай учраас сагс, гар бөмбөгийн спортыг сонирхож, тоглодог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-06 20:40

Бахарх�##�тай санагдлаа. Гэр бүл, ажилд нь сайн айхныг хүсье.

Zochin
Zochin
2023-05-07 05:35

Нисдэг тэрэгний эмч,нисдэг тэрэгтэй эмч

Холбоотой мэдээ

Back to top button