"Монгол туургатан" театрын жүжигчин Р.Янжиндулам олон улсын А зэрэглэлийн фестивальд өрсөлдөнө

Төв аймгийн "Монгол туургатан" театрын жүжигчин Р.Янжиндулам ЮНЕСКО-гийн дэргэдэх Театрын урлагийн институтээс зохион байгуулж буй “One man show” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестивальд оролцохоор болжээ. 23 дахь жилдээ зохион байгуулах А зэрэглэлийн эл фестиваль өнөө жил Македоны Битола хотод болох юм.
Жүжигчин Р.Янжиндулам эл фестивальд Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжгээрээ оролцох аж. Эл уран бүтээлээр тэрбээр 2021 онд “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн уралдаант наадмын гранпри шагналыг хүртэж байв.

“Би хэн бэ” жүжиг нь Р.Янжиндуламын энэ төрлийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр "Жүжигт бүх дүр нийлж нэг утга санааг үзэгчдэд хүргэдэг, ойлгуулдаг. Харин нэг хүний жүжигт ганц дүр бүтэн жүжгийн үйл явдал, хэлэх санааг өөрөөрөө дамжуулж үзэгчидэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ нь жүжигчнээс маш их ур чадвар, ухаан шаардгаараа онцгой санагддаг" хэмээсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.