Нийгмийн

Б.Болороо: Цогцсын байдал задлангийн дүгнэлт хоёр хоорондоо зөрж байгаа

Өнгөрсөн зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан байдаг. Тухайн хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл иргэн Б.Болороо нөхрийнхөө задлан шинжилгээний хариу гартал ганц ч үг дугарахгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд “хаалттай” байсан юм. Өнөөдөр /2019.10.23/ харин тэрбээр хэвлэлийн хурал хийж олж мэдсэн баримтуудаа дэлгэлээ.

Түүний яриаг хураангуйлан хүргэхэд, тэрбээр:

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДҮГНЭЛТ ГАРЧХААД БАЙХАД БИД КОМПАНИЙН ХҮМҮҮСЭЭС 14 ХОНОГИЙН ДАРАА МЭДСЭН

“Би шууд хэлье, шулуухан нь дээр. Магадгүй хоёр өмгөөлөгчөөсөө зөвшөөрөл авалгүй хэвлэлийн бага хурал хийсэн маань хоёр өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэлтэй тулж магадгүй. Та бүхэн надаас татгалзаж болно. Учир нь манай хоёр өмгөөлөгч хуулийн хүмүүс учир хуулийнхаа л дагуу явъя гэж намайг энэ хүртэл тайвшруулсан. Гэвч надад дөрвөн сар тэвчээд явахад үнэхээр хэцүү, хагас галзуурлын байдалтай дөрвөн сарыг өнгөрүүллээ.

Мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцаад энэ бүхнийг мэдээлье гэдэг шийдвэрийг өөрөө гаргаад хэвлэлийн бага хурал хийж байна.

Намайг Б.Болороо гэдэг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд ажиллаад гурван жил болж байна. Би өөрийн нөхөр, тэр сайхан хүнээ бусдын буруутай үйлдлээс болж алдаад дөрвөн сар болж байна.

Тухайн компанийн зүгээс юу хийж байгааг нь мэдсээр байж, цаг нь ирэхийг хүлээнэ, хуулийн дагуу явах нь боломжгүй санагдаж, мэдээлэл хийж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой.

Манай нөхөр Хишиг Арвин ХХК-д ажилд орж зургаадугаар сарын 19-ний өдрийг хүртэл нэг ч асуудал гаргаж, нэг ч удаа согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Сүүлийн сарын хугацаанд 24, 24 цагаар гарч явж байсныг тэр хавийн оршин суугчид хэлнэ. Ходоод нь хов хоосон гэж гарсан.

Нөхөр маань тэр нэг өдөр ирээгүй. Хэрэг явдал тухайн компанийн хамгаалдаг Залуус хорооллын 50 А байрны лифтний хонгилд болж, нөхөр маань нас барсан байдалтай долоодугаар сарын 08-ны өдөр олдсон. Манай нөхрийг өнөөдөр буруутгаж буй нэг шалтгаан нь ажлын байран дээр архи уусан гэх бөгөөд түүнээсээ болж ажлаа хийж явахдаа нас барсан гэх мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Болсон явдлыг өгүүлбэл Зургаадугаар сарын 19-ний өдөр 12:00 цагийн үед нөхөр маань ажлын байран дээрээ уурхайд ажилладаг найзтайгаа нэг шил пиво хувааж уусан гэж мэдээлсэн. Үүний дараа 14:40-15:40 цагийн хооронд нөхөр маань ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара хөнгөн атлетикийн тэргүүн Батдорж гэх хүн ажлын байранд нь очиж нөхрөөр маань архи авхуулж уусан. Тухайн өдөр архины холбогдолтой зүйл болсон нь энэ. Тэгээд 16:00 цагийн үед багш нь нэлээд согтсон байсан тул хажуугийн буудалд оруулж унтуулах гэсэн боловч, буудал нь хүлээж аваагүй. Тиймээс таксинд суулгаж явуулчхаад ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Яагаад энийг ярьж байна вэ гэвэл 2019 оны наймдугаар сарын 5-нд бид шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тэгэхэд хамгийн анхаарал татсан нэг зүйл нь нөхрийн минь цуснаас илэрсэн архины хэмжээ маш өндөр буюу 2.4 гэж гарсан.  Өөрийгөө контролдох боломжгүй байсан мэтээр гарсан нь өнөөдрийн миний хэвлэлийн бага хурал хийх шалтгаан болж байна.

Бид наймдугаар сарын 05-нд очиж хэргийн материалтай танилцсан. Уг танилцсан материалыг МХЕГ-руу наймдугаар сарын 23-нд явуулаад хариу нь аравдугаар сарын 04-нд ирсэн. Үүнээс 14 хоногийн дараа би уг мэдээллийг авсан бол хариуцагч компани аль хэдийнээ авсан байсан.

НӨХРИЙН ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ БУЙ БИЧЛЭГ БАЙСНЫГ БИДНЭЭС НУУСАН

Мөн бичлэг байсныг биднээс нуусан. Долоодугаар сарын 17-ны өдөр доошоо унасан буюу ажил үүргээ гүйцэтгээд явж байхдаа унасан бичлэгийг шүүж, ямар байдалтай нас барсан болохыг мэдсэн байсан. Тэгсэн мөртлөө наймдугаар сарын 17-нд бид сарын дараа мэдсэн.

Би тэвчээрээ бараад фэйсбүүкээрээ лайв хийсэн. Үүн дээр хэд хэдэн сэжиг бүхий таамгуудаа хэлсэн. Тухайлбал,

Нэгдүгээрт, 2019-08-05-нд шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад хавтаст хэрэгт нөхрийн маань цогцосны эргэн тойронд байсан цуснаас авсан биомхимийн  шинжилгээний хариу нь байсан мөртлөө цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг 30 минутын турш цагдаа ч цагдаагийн хажууд зогсож байсан эмэгтэй ч хайгаад олоогүй. Хаана байгааг нь цагдаа мэдэхгүй байсан. 30-40 минут хайсныхаа дараа огт өөр газраас шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг гаргаж ирж байгаа юм.

Хоёрдугаарт, Мэргэжлийн хяналтын хариуг яагаад бид бүхэл бүтэн 14 хоногийн дараа сонсох ёстой юм. Надад юу ч хэлэхгүй явж байгаад компанийн хүмүүс надад хэлээд явсан.

Гуравдугаарт, Мэргэжлийн хяналт руу бичгийг явуулахдаа бичлэгийг 5 минутын бичлэг болгоод явуулсан байсан бөгөөд яг CD хэлбэрээр нь Мэргэжлийн хяналт руу явуулж болоогүй юм. цагдаа нар бичлэгээс өөрт хэрэгтэй чухал хэсгүүдийг нь тасдаад авсан байсан. Би явуулж болох эсэхийг нь өөрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хүн тэр бичлэгийг үзээд 2.4 промиллтэй буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтолттой байсан хүн лифт гацсан дуудлагыг аваад өөрийн ажлын байрнаасаа гараад лифт дээр очиж шалгаж үзээд, буцаж лифтний түлхүүрээ аваад, гацсан лифт рүүгээ гүйж очоод янзалж байгаа тэр үйл явцыг харсан ямар ч эрүүл ухаантай хүн энэ хүн согтуу байна, энэ хүн согтуугаасаа болж амь эрсэдсэн гэсэн дүгнэлт хийхээргүй байсан юмаа. Надад ийм гурван сэжиг байгаа. Ийм аймар өндөр согтолттой байсан юм бол яагаад түлхүүрээ өгөөд явуулсан юм бэ.

НӨХРИЙН МААНЬ ЦОГЦОС БОСОО ШУГАМАН ХЭЛБЭРТЭЙ ОЛДСОН

Мөн тэр 20-ны өдөр яагаад тийм худал мэдээлэл өгсөн юм бэ. Тэр 23 цагт лифт рүү унаад тэр шөнөжин ээлжийн ахлах нь тэр хүнийг шалгах үүрэгтэй мөртлөө, шалгах тоолонд байхгүй байхад байгаа мэтээр явж байснаа өглөө 10 цагийн үед над руу ярьж байгаа юм. Үнэхээр алга болсон юм бол шөнө яагаад над руу яриагүй юм.  Зургаадугаар сарын 20-ны өглөө над руу “Танай нөхөр хамаг юмаа аваад ажлын байраа орхиод явсан. Нэг хүнтэй гараад явж байхыг нь оршин суугчид харсан байна. Станц түлхүүрээ авья” гэж ярьсан. Өглөө, өдөр бүр надаас станц, түлхүүрээ нэхээд байхаар нь би тэр компани дээр очиж чадаагүй. Залгах бүрт нь айгаад манай нөгөөдөх чинь хэнтэйгээ хаашаа явчихсан юм бол доо гэж бодож байсан. 22-ны өдөр үеэл ахыгаа камерын бичлэгийг нь үзээд ямар хүнтэй, хаашаа гараад явсныг нь мэдээд өгөөч гээд явуулахад танай дүү чинь камер унтраагаад явсан, юуг нь үздэг юм гээд ойртуулаагүй байсан. Би маш их гайхаж байна.  Харин тэр станц манай нөхрийн биенээс гарч ирж байгаа юм. 19 хоногийн дотор цэнэггүй болсон байх нь тодорхой. Зүв зүгээр ажиллаж байсан станц шүү дээ. Би компанийн хүмүүс ирэхэд нь “Та нарын станцыг ажиллуулахад станц нь дугардаг биздээ” гэхэд тиймээ гэж хариулж байгаа юм. Гэтэл тэр хүн доор байхдаа станцаа дугаргаж үзсэн л байгаа. Станц нь дугараад байхад тэр хүнийг тэр доор байгааг мэдээгүй юм гэдэг том сэжиг таамаг надад төрөөд байгаа юм.

Мөн долоодугаар сарын 17-нд камерын бичлэгийг хурааж авч, манай нөхрийг ямар байдалтай өнгөрснийг мэдчихээд байгаа мөртлөө Сонгинохайрхан дүүрэг дээр очих тоолонд “Та нар нөхрөө хэрхэн өнгөрсөн гэж бодож байна” гэж асууж байлаа.

Би өөрөө цогцсын байдлыг харсан тэгэхэд босоо шугаман хэлбэртэй олдсон. Тэгж олдсон нь хүн амины хэрэг юм биш байгаадаа, хүний амь насыг бүрэлгэчихээд доош нь шидвэл ийм байдалтай унадаг гэсэн гэмт хэргийн шинжтэй харагдаж байна гэж манай өмгөөлөгчид хэлж байсан. Яагаад биднийг тэр олон удаа очиход нэг ч удаа камерын бичлэг байгаа шүү дээ гэж хэлээгүй юм.

МАНАЙ НӨХӨР НЭГ Ч УДАА АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АРХИ УУГААГҮЙ

Хамгийн сүүлд Мядаг гэж манай нөхөртэй ярьсан эмэгтэй бий. Тэр эмэгтэйтэй яриад ухаан мэдрэлгүй лифтээ шалгаад, лифтээ онгойлгоод лифт нь хоосон унаж байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байдаг.

Над руу 20-ны өдөр ярихдаа “Танай нөхөр архи уудаг байсан биздээ” гэж асууж байгаа юм. Үгүй шүү дээ гэхэд “Худлаа яриад байгаарай, тэр тэмцээнд ороод уусан гэж ярьж байсан шүү дээ. Тэгээд алтан медаль авсан хүн багийнхантайгаа баярлаад жаахан амссан байж болно. Гэхдээ ажлын бус цагаар шүү. Яаж ийгээд архи уудаг болгох гээд л үзээд байсан. Хамгийн аймшигтай нь алга болоод 4-5 өдрийн дараа “Танай нөхөр өөр эмэгтэй дээр очоод хэвтчихсэн байхаа, бараг чамайг голсон” гэж хэлж байсан. Би гайхсан. Тэр хүн өдөр бүр станц түлхүүрээ нэхээд ярьдаг байсан байж хамгийн сүүлд тэр хүнтэй байнгын харилцаатай байдаг Мядаг гэдэг хүнийг олоогүй юм бэ.

Мөн ээлжийн ахлагч Бадамдорж яагаад манай нөхрийн утсыг 7 сарын 20-23-ны өдөр хүртэл ашигласан бэ. Манай нөхрийн S6 утас тэр цогцсыг олоход байгаагүй. Nokia буюу хоёр дахь утсаараа Мядагтай ярьж байгаад унасан. Гэтэл над руу өдөр бүр ярьж станц нэхээд байсан хүн манай нөхрийн утсыг ашиглаад явж байгаа юм. Тэр хүн өдөр 02 цагийн үед шалгалт хэвийн, орой 08 цагийн үед хэвийн байна гэж гарсан байсан. Тийм өндөр согтолттой байсан бол орой 08 цагийн үед яагаад хэвийн гэж хэлээд явсан бэ.

Манай нөхөр нэг ч удаа ажлын байран дээрээ архи уудаггүй байсан.

Мөн 19 хоног болоод ялзраад өтөөд, ямар ч шинжилгээ хийх боломжгүй болчихсон цогцосноос тийм өндөр хэмжээний архины хэмжээ гарсан мөртлөө хэзээ нас барсныг нь тогтоож чадахгүй байгаа юм.

Хүнээ алдсан айлаас уучлалт гуйх сэтгэлгүй компани ирэх тоолондоо өөр юм ярьдаг. Ирэхдээ Хамгаалалтын албаны захирлууд нь хэзээ ч ирж байгаагүй. Ирэхдээ нэг юм ярина, дараа нь ирэхдээ зөрчихсөн байдаг. Тэр бүрийг бид баталгаажуулсан байгаа. Ирэх тоолондоо хариуцлагаас зугтаахгүй гэдэг.

Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна.

Хоёрдугаарт, Мэргэжлийн хяналтын газар руу шүүх эмнэлгийн дүгнэлтийг, бичлэгийг CD дээр хуулаад дахин явуулах хүсэлтэй байна” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button