Гадаад мэдээДЭЛХИЙНийгэм мэдээ

Харвардын Хуулийн их сургуулийн онцолсон монгол оюутан Б.Түшигжаргал

Харвардын Хуулийн их сургуулийн албан ёсны сайтад Фулбрайтын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутан болох Б.Түшигжаргалыг онцолсон нийтлэлийг орчуулан хүргэе

Б.Түшигжаргал олон төрлийн сонирхолтой байжээ. Тиймээс аль нэг сонирхлоо сонгоно гэдэг түүнд хэцүү зүйл байсан аж. Тэрбээр Монголд бяцхан охин байхдаа шинжлэх ухаан, физик, одон орон судлалд сонирхолтой байсан ч цэцэрлэгт байх үеэсээ дууны уралдаанд оролцдог байжээ. Улмаар математик, шинжлэх ухаанд чиглэсэн ахлах сургуульд элсэн орсон ч монгол хэлний хичээлдээ илүү дуртай байв. Энэ мэт түүний анхаарлыг олон зүйл татаж байсан тул өөрт таалагдах ганц мэргэжлийг сонгон суралцана гэдэгтээ санаа зовсон байна.

Өдгөө тэрбээр Хавардын Хуулийн сургуульд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, АНУ, Канадад магистрантурт суралцах олон улсын эмэгтэйчүүдийг дэмждэг Дельта Каппа Гамма тэтгэлэгт хамрагджээ. Тэрбээр өөртөө тохирох мэргэжил сонгоход нь дэлхийн алдарт мөрдөгч хэрэг болжээ.

Б.Түшигжаргал ахлах сургуульд байхдаа ВВС телевизийн "Шерлок" олон ангит киноны шүтэн бишрэгч болсон аж. Зохиолын гол дүр болох Шерлок Холмс нууцыг задлахдаа логик төдийгүй бусад олон ур чадварт тулгуурладаг байсныг тэр ойлгов. Ийн агуу хуульч, мөрдөгчдийн хувьд логик сэтгэлгээ, бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байдгийг ойлгожээ. Ингэж тэрбээр хууль эрх зүйн салбарыг сонгосон байна.

2019 онд МУИС-ийн хуулийн ангид суралцаж байхдаа хэлэлцээр болон арбитрын талаар сонирхох болжээ. Тэрбээр Японы Токио хотод болсон их дээд сургууль хоорондын хэлэлцээрийн тэмцээнд оролцож, манай улсаас сертификат авсан анхны баг болсон аж. Тэмцээнд бэлдэж байхдаа Харвардын хэлэлццээ хийх төслийн хамтран үүсгэн байгуулагч, олон улсын эрх зүй ба хэлэлцээ хийх арга зүйг үндэслэгчдийн нэг Рожер Фишерын хамтран бичсэн алдарт бүтээл болох "Тийм хэмээн хэлүүлэхүй" номыг багаараа уншсан байна. Багш нарынхаа нэг болох А.Мандуулын зөвлөмжөөр Харвардын хуулийн сургуульд үргэлжлүүлэн сурахаар болжээ.

Гэвч эхлээд Улаанбаатар хотод олон улсын арбитрын чиглэлээр мэргэшсэн нэрийн хуулийн фирмд гурван жил ажилласан бөгөөд түүний төслүүдийн нэг нь Монгол, Япон, Хятадын ивээн тэтгэчдийн консорциумын нар, салхины эрчим хүчний төсөл байв. Мөн тэрбээр хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой Монголын ашгийн бус байгууллагад олон улсын түвшинд хүрээгээ тэлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх зорилгоор "probono" төслийг санаачилжээ.

Түүнчлэн 18 мянган дагагчтай "Бүдэг цэнхэр цэг" цахим платформ, шинжлэх ухааны клубыг үүсгэн байгуулжээ.

2018 оны зун Канзас мужийн Лоуренс хотод АНУ-ын Төрийн департментын судалгааны хүрээлэнд Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдан, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүдтэй хамт суралцсан байна. Энэ жил Харвардын Хуулийн сургуульд Б.Түшигжаргал хэлэлцээ хийх, арбитрын талаар хэд хэдэн хичээлд суусан бөгөөд үүнд хэлэлцээ хийх семинарын хичээл багтжээ. Тэрбээр "Та хэлэлцээрийн тухай сурч байна гэж бодож байж магадгүй. Гэвч та өөрийнхөө тухай, тодруулбал, таны боловсрол, мэргэжлийн суурь, соёл, сэтгэлгээ хэлэлцээ хийх үед зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг суралцана гэсэн үг юм. Хэлэлцээрийг хэрхэн үр дүнтэй хийх, өөрийн талаар ч таньж мэдэж, сурлаа" хэмээн ярив.

Тэрбээр үе тэнгийн олон гайхалтай оюутантай суралцаж буй нь Харвардын хамгийн том давуу тал хэмээн онцолсон юм. “Манай ангийнхан болон багш нараасаа сурах зүйл их. Энэ бол бас нэгэн боломж. Сайн боловсрол гэдэг чухал зүйл. Учир нь би дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай. Ээж маань намайг ахлах ангид сурч байхад илүү сайн сургууль руу шилжүүлэхийн тулд зээл авсан” хэмээлээ.

Үргэжлүүлэн тэрбээр “Шинэ сургуульд суралцах боломж олдсон. Энэ бол амьдралыг минь өөрчилсөн хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Харвардад ирсэн маань ч мөн адил. Боловсрол энгийн хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна. Харвардын Хуулийн сургуулийн бүх боломжид би үнэхээр талархаж байна" гэв.

Б.Түшигжаргал долоодугаар сард Нью-Йорк муж улсын хуульчдын холбооны хуралд суухаар төлөвлөж байгаа ажээ. Харин Монголд очоод хуулийн профессор болох хүсэлтэй юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-16 08:40

Мундаг

Зочин
Зочин
2023-05-16 08:58

Сайн боловсон хүчин болохыг ерөөе

Зочин
Зочин
2023-05-16 11:51

МУИС Хууль зүйн сургуулийн төгсөгчид сайн сайн

Холбоотой мэдээ

Back to top button