ЭРҮҮЛ МЭНД

Г.Идэр: Компьютер дээр олон цаг ажилладаг хүмүүст бугуйн сувгийн хам шинж үүсэж байна

Оффисын орчинд олон цагаар сууж ажилласнаас болон ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан бугуйн сувгийн болон тохойн сувгийн хам шинж түгээмэл илэрч байна.

Бид уг эмгэгийн шинж тэмдэг болон оношилгоо, эмчилгээ бусад сэдвээр “Бриллиант” нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн гар сарвуу бичил мэс засал болон гэмтэл согог судлалын эмч Г.Идэртэй ярилцлаа.    

-“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгаас иргэд ямар үйлчилгээ авах боломжтой вэ?  

-Манай эмнэлгийн мэс заслын тасаг гэмтлийн бүх төрлийн мэс засал болон өвдөг, түнхний үе солих болон зөөлөн эдийн мэс заслуудыг хийж байна. Өвдөг, түнхний үе солих мэс заслыг даатгалын хөнгөлттэйгээр хийдэг. Мөн бусад мөчдийн гэмтэл болон мэдрэл зөөлөн эдийн мэс заслуудыг даатгалын тодорхой хэмжээний хөнгөлөлттэйгээр үзүүлж байна. Ер нь гэмтлийн шалтгаантай бүх тохиолдлыг үзүүлэх, оношлуулах, бүрэн эмчлүүлэх боломжтой гэсэн үг.  Мөн мэдрэлийн гаралтай болон ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан гарны эмгэгүүд, мэдрэлийн дарагдал гэх мэт өвчнүүдийг давхар үзэж, оношилж, эмчилж байна.  

-Ямар нэг байдлаар гэмтсэн хүн эмнэлэгт хандахаас өөр сонголтгүй. Харин ажил мэргэжлээс шалтгаалсан эмгэгийн үед хүмүүс хаана хэрхэн хандахаа мэдэхгүй байж болох юм. Тэгэхээр танайхыг ямар, ямар шалтгаанаар зорин ирж үйлчилгээ авах боломжтой вэ?

-Дээр дурьдсан төрлүүдээр бид эмийн болон мэс заслын, сэргээн засах эмчилгээнүүдийг хийж байна. Мөн бугуйн сувгийн хам шинжүүд, тохойн сувгийн хам шинжүүдийг үзлэг болон багажийн шинжилгээний тусламжтайгаар оношилж, физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ болон мэс заслын эмчилгээ хийдэг.  

-Бугуйн сувгийн хам шинж хэрхэн үүсдэг вэ?

-Карпалный синдром буюу бугуйн сувгийн хам шинж нь хүний ажил мэргэжлийн онцлог, архаг болон хууч өвчин, гэмтэл бэртэл гэх мэт хэд хэдэн өвчний улмаас үүсдэг. Жишээ нь, бугуйн сувгийн хам шинж нь архаг болон цочмог гэсэн шалтгаанаар үүсэх магадлалтай. Архаг гэхээр зөөлөн эдийн хавдрууд, удаан хугацаанд үргэлжилсэн ажил мэргэжлийн онцлогтой мэдрэлийн дарагдлаас үүдэлтэй. Харин цочмог гэдэг нь  ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зөөлөн эдийн хаван зэргээс үүсэх магадлалтай. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан шинж тэмдэг ихэвчлэн 40-өөс дээш насны дээрээс нь эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байсан. Харин орчин үед нийт хүн амын 15 хувьд нь энэ шинж тэмдгүүд илэрч, насны хязгаарын тухайд хамаагүй залуужсан. Яагаад гэхээр гарны хөдөлгөөн буюу сарвуу бугуйн хөдөлгөөнөөр их ажил хийх, компьютерийн хулгана, гартай тогтмол ажилладаг хүмүүст бугуйн сувгийн хам шинж ихээр үүсч байна.

-Оффисын ажилтнуудад энэ эмгэг нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?  

-Оффисын орчинд удаан хугацаагаар компьютер дээр суудаг хүмүүст эхлээд эрхий, долоовор, дунд, ядам хуруу өвдөж эхэлдэг. Ингэхдээ шөнийн цагаар өвдөлт маш хүчтэй мэдрэгдэнэ.   Хоёрдугаар шатандаа ороод ирэхээр өвдөлтүүд тасралтгүй явагдахын зэрэгцээ мэдээ, мэдрэхүйн алдагдал үүсч эхэлнэ. Өөрөөр хэлбэл гарын үзүүр рүү бадайрах, чимчигнэх,  хурууны үзүүрийн мэдрэхүйнүүд нь алдагдана. Цаашлаад үйл ажиллагааны алдагдалд орох буюу барьж байсан эд юмсыг алдах, гүйцэд атгах, чанга барих, тавих гэх мэтчилэн гарын нарийн үйл ажиллагаануудаа алдаж, чимхлүүр ажлыг гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.

-Харин тохой, мөр, гарын булчин өвдөх нь ямар шалтгаантай вэ?

-Бугуйн сувгийн хам шинжийн үед тохой, мөр рүү өвдөж болно. Мөн тохойн сувгийн хам шинжийн үед бугуй болон тохойн үеэр илүү өвддөг. Тохойн үенээс урагшаа чигчий, ядам хурууны гадна талаар илүү их өвдөж, бадайрах шинж тэмдэг илэрдэг. Харин булчин өвдөх нь  тухайн хүн ажил мэргэжлийн шалтгаантайгаар зөвхөн нэг хэсгийн булчингуудыг хэт их ажиллуулаад л байна гэсэн үг. Гар, мөр, бугалга, шууны булчин удаан хугацаагаар ажиллаж ачаалал ихсээд байхаар тухайн хэсэг ядарч улмаар өвдөлт үүсэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийг эмчлүүлэхгүй удаан явбал даамжирсаар мэдрэлийн гаралтай өвдөлт болох эрсдэл өндөр.

-Ажил мэргэжлийн онцлог, өдөр тутмын дадал зуршлаас бол гар, мөч, сарвуу нь өвдөөд хаана хандахаа мэдэхгүй яваа хүмүүс танайд ирснээр ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

-Дээрх шинж тэмдгүүдтэй холбоотойгоор манайд ирээд эхний ээлжинд оношлуулна. Ингэхдээ тухайн өвчний явц, хэддүгээр зэрэгт байгаагаас нь хамаарч бид эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Хэрвээ шаардлагатай бол мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button