Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Системийн 5 банк IPO хийв: "Хаан банк" хаанчилж, "Голомт банк" голомтоо сахилаа

Системийн нөлөө бүхий таван банкны сүүлийнх болох "Хас банк" өчигдөр анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслолоо хийв. Ингэснээр системийн нөлөө бүхий таван банк бүгд IPO хийж дууслаа.

Хуулийн дагуу энэ оны эхний хагаст бүх банкийг IPO хийх шийдвэр гаргасан нь хөрөнгийн зах зээлийг тэлэх гол хүчин зүйлээс гадна, банкны олигополь байдлыг таслан зогсоож, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаатай болгож буй хувилбар юм.

Хамгийн сүүлд IPO зарлаж буй "Хас банк"-ны хувьд анхдагч зах зээлд 35.68 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой байгаа билээ. Урьдчилсан байдлаар 77.8 хувьтай буюу 27.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна.

"Хас банк"-ны хувьд нийт хувьцааныхаа 5.01 хувийг олон нийтэд санал болгож буй. Ингэхдээ нэгж хувьцааг 677 төгрөгөөр санал болгож байгаа билээ.

Тэдний анхдагч зах зээлийн арилжаа зургаадугаар сарын 5-ны өдрийн 16.00 цаг хүртэл үргэлжлэх хэдий ч IPO-оо гаргасан даруйд хэдийн 78 хувийн санхүүжилтээ босгож чаджээ.

-Тэгвэл энэ хугацаанд банкуудын IPO-ийн ханш ямар байгаа вэ-

НЭГТ. "Төрийн банк"-ны хувьцааны ханш тогтвортой байна

Системийн таван банкнаас IPO-оо зарлан анхдагч болсон нь "Төрийн банк" юм. Тэд банкны IPO-ийн салхийг хагалсан гэхгүй ч системийн нөлөө бүхий банкууд дундаа анхдагч нь болсон түүхтэй. Эргэн сануулахад банкуудаас анх удаа Богд банк IPO зарлаж байсан юм.

"Төрийн банк"-ны хувьд нэгж хувьцаагаа олон нийтэд 590 төгрөгөөр санал болгосон билээ. Өнөдрийн байдлаар тус банкны нэгж хувьцааны үнэ 570 төгрөгтэй тэнцэж буй. Бусад банкнуудын ханштай харьцуулахад ханшийн савлах нь бага зураглалтай байна.

Энэ он гарснаас хойш тус банкны нээлтийн дээд ханш 690, хаалтын доод ханш 549.6 төгрөгтэй тэнцэж байв. Эл банкны хувьд тавдугаар сарын 1-нийг хүртэлх нэгж хувьцааны ханш 600 төгрөгөөс буугаагүй юм. Энэ сар гарснаас хойш ханш нь буурсан зураглалтай байгаа ч сүүлийн долоо хоногт өссөн үзүүлэлттэй байна.

ХОЁРТ. "Голомт банк"-ны хувьцааны ханш анхны үнээсээ 24 хувийн уналттай байна

Хөрөнгийн зах зээлд IPO гаргасан хоёр дахь компани бол "Голомт банк" юм. Тэдний хувьд нэгж хувьцаагаа 1285 төгрөгөөр олон нийтэд санал болгосон билээ.

Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааных нь ханш 972.55 төгрөг байна. Нийтдээ 24.3 хувийн уналттай байгаа юм. Энэ сарын нээлтийн ханш хамгийн дээд цэгтээ 1042 төгрөгт хүрсэн бол хаалтын ханшны хамгийн доод үнэ нь 970.45 төгрөг байгаа юм.

"Голомт банк"-ны хувьд он гарснаас хойш ганц л удаа анхдагч зах зээлд гаргасан нэгж хувьцааны үнэдээ хүрсэн байдаг. Тодруулбал, хоёрдугаар сарын 3-ны өдрийн нээлтийн ханш нь 1285 төгрөгт хүрсэн бол бусад өдөр нь үргэлж уналттай байсан юм.

ГУРАВТ. "Хаан банк"-ны хувьцааны ханш үргэлж өсөлттэй байв

Банкны IPO-д нэгдсэн дараагийн банк бол "Хаан банк" юм. Тэд нэгж хувьцаагаа 959 төгрөгөөр үнэлж, зах зээлд гаргасан.

Өнөөдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны ханш 1141 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь тэдний нэгж хувьцааны ханшаас 16 хувиар өссөн үзүүлэлт юм.

"Хаан банк"-ны хувьд нээлт болон хаалтын ханш нь энэ сарын турш 1100 төгрөгөөс буураагүй. Хамгийн дээд ханш нь 1457 төгрөгт хүрч байсан түүхтэй.

ДӨРӨВТ. Нэгж хувьцаагаа хамгийн өндөр үнээр буюу 33 мянган төгрөгөөр гаргасан "Худалдаа хөгжлийн банк"

"Худалдаа хөгжлийн банк" энэ сарын 18-наас 23-ны өдрийн хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг авч дууссан. Тэгвэл тус банк нийт хувьцааныхаа таван хувийг буюу 2.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд гаргасан бөгөөд нэгж хувьцааны үнэ 33 мянган төгрөгтэй тэнцэж буй.

Тэдний хувьд 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулж байв. Тэгвэл тэдний хувьд 105.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээр анхны дүнгээсээ 26.4 хувиар давуулан биелүүлсэн юм.

Ийнхүү системийн таван банк IPO зарлаж дууслаа. Ирэх сарын 5-ны өдрийг хүртэл "Хас банк" захиалгаа авах бол Худалдаа хөгжлийн банк удахгүй хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлнэ. Эхний гурван банкны хувьд "Голомт банк"-ны нэгж хувьцааны ханш үргэлжид уналттай байсан бол "Хаан банк"-ных өсөлттэй, "Төрийн банк"-ных тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button