Зэсийн үнэ ба "Оюу толгой": Ханш буурах хандлагатай ч үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж байна

/Тавдугаар сарын 31-нд оруулсан нийтлэлийг сэргээн нийтлэв/
Манай орны уул уурхайн экспортын гол түүхий эдийн нэг зэсийн үнэ дөрөвдүгээр сараас хойш тогтмол унаж байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын эхээр 4 ам.доллар байсан зэсийн үнэ таван өдрийн өмнө 3.5 болж буусан. Харин график харвал сүүлийн өдрүүдэд өсөх хандлага үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.67 ам.долларт хүрчээ.
Графикийг таван жилийн интервалиар харвал, 2019-2020 онуудад ердөө 2 ам.долларын хэмжээнд хэлбэлзэж байсан. 2021 оноос огцом тасралтгүй өссөөр 2022 оны гуравдугаар сард сүүлийн таван жилийн дээд хэмжээ буюу 2022 оны гуравдугаар сард 4.9 ам.долларт хүрч байлаа.
Энэ үүднээс нь харахад зэсийн үнэ эргээд буух хандлагатай буюу уруудсан мурий шугам үүсэж байгаа юм.
"Оюу толгой"-н гүний уурхайн олборлолт эхэлснээр нэгдүгээр улирлын төлөвлөгөө давж биелжээ
"Оюу толгой"-н далд уурхайн олборлолт албан ёсоор энэ оны гуравдугаар сарын 13-нд эхэлсэн.
Ордын нийт баялгийн 80 хувийг гүний уурхайгаас олборлох учиртай. Гүний уурхайн хүдэр дэх зэсийн баяжмалын агууламж өндөр. Жил жилээсаа хамааран 1.2-1.7 хувь байна хэмээх баримт бий. Өдгөө гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд Панел 0-ээс олборлолт хийж эхэлсэн. 2028-2036 онд Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд 500,000 тонн зэсийн баяжмал олборлох тооцоотой.
Тэгвэл, "Оюу толгой" ХХК-ийн тайлан мэдээг харвал 2023 оны нэгдүгээр улиралд 42,575 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ (33,000 тонныг үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн). Энэ жил 180,000-210,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн нь хангалттай биелнэ гэж албаны хүмүүс үзэж байна.
Энэхүү нэгдүгээр улирлын тайлан мэдээ нь 2023 оны эхний гурван сарын хэмжээнд юм. Гүний уурхай сүүлийн сарын дундаас нь ажиллаж эхэлсэн боловч төлөвлөснөөс 10 мянга гаруй тонн зэс илүү үйлдвэрлэсэн байгаа юм.
Тэгэхээр хоёрдугаар улирлын тайлан өндөр гарах хүлээлттэй.
Нөгөө талаас, гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн нь улс төрийн хувьд ч сайн мессеж боловч бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа. Панел 1, 2-ын бүтээн байгуулалтын судалгааны ажлыг энэ оны хагас гэхэд эцэслэнэ гэсэн. Гурван панелаар зэрэг олборлож эхэлбэл дээр дурдсан биет хэмжээ даруй гурав дахин өснө.
"Оюу толгой"-н гүний уурхай ажиллаж эхэлснээр зэсийн салбарт томоохон амжилт үзүүлж, ДНБ-ий өсөлтөд нөлөөлнө гэсэн эерэг хүлээлт бий. Харин зэсийн үнийг харвал, сүүлийн үед буурах хандлагатай байгааг дурдууштай. Урт хугацаандаа зэсийн хэрэглээ нэмэгдэх учир богино хугацааны ханшийн уналт гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсад юу ч өгдөггүй тэгээд
OTiin achaar baahan tetgever, tsalin nemegdeh geed bhad yu ch ugduggui geed bhiima, yoo buur neg dunhuuu