Б.Төгөлдөр: Умайн хүзүүн хорт хавдрын эдгээр түгээмэл шинж илэрвэл шууд эмчид хандаарай

“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг үрэвсэлт өвчин, дотоод шүүрэл, үргүйдэл, хавдрын урьдал өвчин, хавдрын оношилгоо, мэс засал гээд бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
-Өдөрт та бүхэн хэчнээн хүн хүлээн авч үзэж, хэрхэн үйлчилж байна вэ?
-Манай тасагт амбулториор өдөрт 40 гаруй эмэгтэй ирж үзүүлдэг. Өдөрт 3-4, сардаа 40-50, жилдээ 300-400 хагалгаа хийдэг. Эмэгтэйчүүдийн бүх л төрлийн өвчнийг оношилж эмчилдэг. Хавдрын эмнэлгийн хажууд байдаг болохоор ч тэрүү хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс засал, хими, туяа эмчилгээ түлхүү хийгдэж байна. Эмэгтэйчүүдийн хавдар эрт үедээ оношлогдсон, боломжтой тохиолдолд мэс засал хийж, боломжгүй үе шат нь ахисан бол хими, туяа эмчилгээнд явуулж байна. Нийт мэс заслын 70 орчим хувь нь дурангийн аргаар хийдэг онцлогтой.
-Хавдрын тохиолдлууд нийтлэг байна гэсэн үг үү?
-Манай дээр эрчимтэй оношлогдоод явж байгаа өвчин бол умайн хүзүүний хавдар болон умайн хүзүүний өөрчлөлт юм. Он гарснаас хойш 150 эдийн шинжилгээ авахад умайн хүзүүний хавдар 20, умайн хүзүүний өөрчлөлттэй 90 оношлогдсон. Энэ бол маш өндөр тоо шүү дээ. Умайн хүзүү шууд хавдар болчихдоггүй. Эхлээд хавдрын урьдал 1, 2, 3 гэсэн үе шаттай явсаар умайн хүзүүний хорт хавдар болдог.
-Урьдал гэдгийн энгийнээр тайлбарлавал...?
-Умайн хүзүүний хорт хавдрыг хүний хөхөнцөр вирусээр халдварлагддаг гэж үздэг. Энэ вирус хүний биед ороод шууд хавдар болдоггүй, үе дамжиж хавдрын урьдал өвчин болдог гэсэн үг. Хүний папиллома буюу хөхөнцөр вирус нь 200 орчим төрөл. Үүнээс умайн хүзүүний хавдрын урьдал өвчнийг бий болгодог нь 100 гаруй вирус бий. Энэ 100 гаруй төрөл дотроо өндөр, дунд, бага эрсдэлтэй гэсэн хэв шинжид хувааж үздэг. Хөхөнцөр вирусийн тодорхой 16, 18, 33 гэх мэт төрлөөр халдварлагдвал хавдар болох эрсдэл өндөр гэсэн үг. Мөн хүн болгон папиллома вирусын халдвар аваад урьдал ч юмуу, умайн хүзүүний хавдар болдоггүй. Тухайн вирусын халдвартай байсан ч залуу насны хүн бол 12-18 сарын дотор дархлааны системээр устдаг гэж үздэг. Харин өндөр эрсдэлтэй төрлийн вирусээр байнга халдварлагдах тохиолдолд умайн хүзүүний хучуур эсэд өөрчлөлтөд орж эхэлдэг. Нэг төрлийн эс олон тоогоор ямар нэг програмчилалгүйгээр их хэмжээгээр ургахыг умайн хүзүүний хорт хавдар гэж үздэг. Өндөр хоруу чанартай вирус удаан хугацаанд хүний биед их хэмжээгээр байхаар хавдрын урьдал болж, улмаар эсийг өөрчилдөг. Эс хүнд, хөнгөн хэмжээгээр гэмтэнэ. Улмаар умайн хүзүүний хучуур эд гурван төрөл дамжаад хорт хавдар болдог. Энэ хүртэлх хугацаа судалгаанаас харахад 5-15 жил байгаа юм. Ямар төрлийн вирусээр хэр хугацаагаар өвдсөн бэ гэдгээс шалтгаалаад 5-15 жилийн дотор үе шатаар дамжаад хавдар болдог байх нь.
-Бэлгийн харьцааны дараа болон сарын тэмдэг дууссанаас хойш бага зэрэг цус гарвал эмчид үзүүлэх шаардлагатай-
-Шинж тэмдэг нь хэрхэн илрэх вэ?
-Бэлгийн харилцааны дараа цус гарах, сарын тэмдэг удаан хугацаагаар ирэх, сарын тэмдэг ирсний дараа 2-5 хоногт бага хэмжээтэй цус үзэгдэх гэх мэт тодорхой шинжүүд хамгийн эхэлж илэрдэг. Иймэрхүү шинж тэмдэг илэрвэл үзүүлэх шаардлагатай. Эрт хугацаанд нь оношлоод эмчилбэл үр дүнтэй. Манай эмнэлгийн эд, эсийн шинжилгээний хариу харьцангуй хурдан гардаг. Тодорхой хэлбэл эсийн шинжилгээ 24 цагт, эдийн шинжилгээний хариу ажлын 3-5 хоногийн дотор гарчихдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань товлолт үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна дээрх шинж тэмдгүүд илэрвэл шууд л эмчид хандах хэрэгтэй.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар маш их байна. Оношлуулж эмчлүүлэх боломж хайя гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх нь их чухал байна. Анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр сэргийлэлт бий. Анхдагч сэргийлэлт нь гэхээр тухайн вирусээр яаж хэрхэн халдварлагдахгүй вэ гэдэг асуудал. 2012 онд гадны нэг байгууллагын тусламжаар 12-14 насны 10 мянган охинд умайн хүзүүний хөхөнцөр вирусын вакцин хийсэн. Гэтэл иргэд буруугаар ойлгоод талбай дээр жагсаад зогсоосон. Үүн дээрээ тулгуурлаад манай улс судалгаа хийгээд харахад тэр хүүхдүүд насанд хүрэхэд жирэмслэлт хэвийн гадна хөхөнцөр вирусын халдвар 10 дахин буурсан байсан. Тэгэхээр вакцин бас чухал сэргийлэлт болж байна. Мөн бэлгийн нэг хавьтагчтай байх нь өндөр үр дүнтэй. Хоёрдогч сэргийлэлт гэдэг нь нэгэнт вирусын халдвар авсан бол тогтмол хянуулж, үе шатыг нь ахиулахгүй байх хэрэгтэй. Үүний тулд ямар нэг өөрчлөлттэй бол 6 сар тутам эсийн шинжилгээ өгч, дархлаагаа сэргээхэд анхаарах хэрэгтэй. Ингээд байвал тодорхой нэг төрлийн нэг хавдраас 99 хувьтай сэргийлж чадна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эмчийн анхааруулаад байгаа "шинж тэмдэг" болон өөр олон зүйлийн т�##�аар эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэх мэт соши�##� группээр бөөн л асуулт хариулт явж байх юм. Соши�##�аар асуугаад хариулаад зөвлөөд байгаа нь их хэцүү санагддаг. Гэхдээ үнэхээр хэрэгтэй болоод л асуудаг байх. Тиймээс �##�бан ёсны эрүүл мэндийн групп нээж мэргэжилийн эмч нар эрүүл мэндийн боловсролын т�##�аар сайн сурт�##�чилж, зөвлөгөө өгч байв�##� их л буянтай үйл болно доо.