СУРВАЛЖИЛГА: Налайхын түр зам ТАМТАГ болж, Рейлбусны үйлчилгээг ч ЗОГСООЖЭЭ
Налайхын түр замын иргэдэд учруулж буй ЭРҮҮЛ МЭНД БОЛОН ЦАГ ХУГАЦААНЫ ХОХИРОЛ

Гацууртаас Налайхын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг хийх ажил өнгөрсөн сард эхэлсэн. Замыг энэ онд багтааж дуусгахыг Засгийн газраас үүрэгдээд байгаа юм.
Замын ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хуучин засмал замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр болсон билээ.
Гэвч уг замаар Улиастай, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчдын зорчиход ихээхэн хүндрэл үүсч, иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Бид уг асуудлаар ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА бэлтгэн хүргэж байна.
-БАЯНЗҮРХИЙН ТОВЧОО ОРЧМЫН АЙЛУУД ТООС ШОРООНД ДАРАГДАЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ АСУУДАЛД ОРЖ БОЛЗОШГҮЙ БАЙДАЛ ҮҮСЖЭЭ-

Баянзүрхийн товчоо орчим дахь түр зам айлуудын хашаа байшин дундуур үргэлжилж байгаа аж. Энэ дүр төрхийг гаднаас нь харахад ч хүндрэлтэй дүр зураг байлаа. Түр замаас үүдэлтэй боссон тоос шороо айлуудын хашаа байшин болон гэрийг дагтаршсан шороотой зууралдуулж орхижээ. Гэрийн дээвэр, хашааны нүүрэнд тал тэр чигтээ дагтаршсан шороонд дарагдаж, хуурайшилт ихээр үүссэн байна. Ийм нөхцөлд бороо орвол орчны бохирдол ихээр үүсэхээр нөхцөл байдал бүрджээ.
Оршин суугчдад энэ асуудал хүндээр тусч буй юм. Наад зах нь угаасан хувцсаа хаана өлгөж хатаах вэ. Цаашлаад энхрий бяцхан үрсээ зуны дэлгэр цагт агаарын бохирдол гэж айхгүй гадаа тоглуулдаг хөг нь өнгөрчээ.
Өдөр шөнөгүй тээврийн хэрэгсэл зорчих тул иргэдийн амгалан тайван байдал энд нэгэнт үгүй болсон мэт дүр зураг харагдав. Оршин суугчид ийм л нөхцөл байдал дунд амьдарч байна.
Оршин суугчдын орчны бохирдлоос үүссэн гэр орны гадна тохижилтын завсар, өнгө үзэмжийг засах асуудлыг хэн шийдэж өгөх бол. Иргэд байгаль орчин, эрүүл мэндийн хувьд хохирсоор л...
-ЗАМЫН УСАЛГААНЫ МАШИН 17:00 ЦАГТ АЖЛАА ЭХЛҮҮЛЖ БАЙВ-

Түр замын хувьд сайжруулсан гэж хэлэхээсээ илүү халтуурдсан саарал зам гэмээр байлаа. Сайжруулсан гэх нэрээр ганц нэг газар нь шороо асгаж тэгшилсэн ч дагтаршаагүй байсан юм. Түр замаар зорчиж явахад ихэнх газраа нидрүүлгэн дээгүүр гулсаад байгаа мэт маш их чулуутай, донсолгоо байдлаар сэгсрүүлж явдаг аж.
Иргэд болон жолооч нар “Налайхын түр замаар явах нь ихэд хүндрэлтэй. Сав саарал болчихсон унаанаас гарч ирэх нь энгийн асуудал. Гэвч аргагүй нь эрхэнд цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэхийн эрхэнд уг замаар зорчиж байгаа” гэж ярьж байлаа.

Уг түр зам дагуу цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалт байнга ажиллана гэж мэдэгдэж байв. Гэвч хоёрхон газарт л замын цагдаагийн алба хаагч хөдөлгөөн зохицуулж байлаа. Энэ нь “Ургах наран” хорооллын урд, налайхын засмал зам луу ордог хэсэгт буюу тос шороо багатай төвийн хэсгүүд юм.
Жолооч нарын хувьд замын цагдаагийн хяналт байхгүй л бол орон нутгийн замд галзуу хулгана мэт хурдалдаг бичигдээгүй дүрэмтэй. Энэ нь муухан сайжруулсан замыг манантуулсан саармаг зам болгох эх үүсвэрүүдийн нэг байлаа.

Мөн Налайх Улаанбаатар хоёрын хооронд явдаг таксины жолооч “Налайхын түр замаар өдөрт хэд хэдэн удаа зорчдог. Замыг ганц л удаа усалж байгаа харагддаг. Шороо нь сайн дагтаршаагүй учраас үргэлж л тоос шороо босдог” хэмээн ярьсан юм.

Харин биднийг уг түр замаар 17 цагийн орчимд Налайх руу орж явахад зам усалгааны машин Налайхаас дөнгөж гаран, замаа усалж эхэлж байлаа. Бид замдаа бууж зураг дарсан бөгөөд жолоочтой яриа өрнүүлэхийг хичээсэн ч бүтэлгүйтсэн юм.
-ИРГЭД: РЕЙЛБУСЫН ӨРТӨӨ НЬ ХОЛ, ШОРООН ЗАМ НЬ НУРАЛТТАЙ ТУЛ НИЙТИЙН УНААНДАА СУУЖ БАЙГАА -

Хоёр долоо хоногийн өмнөөс буюу энэ сарын 15-аас Налайхын түр замын ачааллыг бууруулах зорилготойгоор Улаанбаатар төмөр замаас-Налайхын Баян өртөө чиглэлд Рэйлбус явж эхэлсэн.
Иймд бид Налайх дүүргийн иргэдээс замын нөхцөл байдал болон рэйлбусны талаар лавлаж сэтгэгдлийг сонссон юм.

ИРГЭН-1: Налайхын цэргийн ангид ажилладаг болохоор өглөө дөө ажлын автобусанд сууж төв аймгаар тойрч ирдэг. Харин орой эрт харихын тулд ажлын автобусанд биш такси юм уу нийтийн унаанд сууж байгаа. Зам бол үнэхээр хэцүү, тоос шороо босно, асуй автобусанд суувал босож явахад ч хүндрэлтэй.
ИРГЭН-2: Ах нь таксины жолооч, хот луу бол зүглэхээ байсан, бусад чиглэлд л яваа. Хот луу явж ирлээ гэж бодоход бензиний мөнгө, машинаа угаалгах мөнгө гээд ашиггүй. Зам гэж там, тоос шороо босно гэж авах юмгүй. За яахав сайхан замтай болно доо гэж бодоод л хүлээх юм. Рэйлбус явж эхлээд удаж байна шүү дээ. Энэ жижиг асуйг л бид рэйлбус гэж нэрлээд байнга зорчиж яваа шүү дээ. Тэрнээс биш тэр вагоныг бол мэдэхгүй ээ телевизээр явж эхэллээ гээд гарч л байсан.
ИРГЭН-3: Энэ түр замаар удаан зорчвол амьсгалын замын өвчтэй болох биз. Том сайхан замтай болох юм чинь гээд л хүлээгээд сууна. Гэхдээ одоо замын ажил эхлээд ганцхан сар болж байдаг. Нөхцөл байдал ийм муу л байна. Уул нь энэ ажлын нэлээн хэдэн компанид өгөөд эхлүүлчихсэн бол энэ ондоо амжих л байх, иргэдийн хувьд ч удаан тоос шороонд дарагдахгүй. Гэхдээ замын ажлыг дөрвөн компани хийж байгаа гэж сонссон. Ер нь он дамнасан ажил болох биз. Харин рэйлбусны хувьд хүн суух болов уу даа өртөө нь хол бас тийшээ явах зарим шороон зам нь нуралттай байгаа шүү дээ. Манайхан бол рэйлбус гэж жижиг цэнхэр асуй автобусыг л хэлээд суугаад яваа шүү дээ.

Энэ мэт иргэд рэйлбусыг иргэд жижиг оврын асуй автобустай андуурч байсан юм. Мөн иргэдэд галт тэрэг явж эхэлсэн мэдээлэл хомс байхын сацуу өртөө хол гэдэг шалтгаанаар олон хүн очихгүй байх даа хэмээж байсан юм.
-ТҮР ЗАМЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХААР РЭЙЛБУС ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН Ч АЛДАНГИД ОРЖ ЗОГСООЖЭЭ-

Түр замын ачааллыг бууруулах зорилготой рэйлбус нь өглөө ажил цуглах цаг болон орой ажил тарах цагуудад явах бөгөөд 2500 төгрөгийн өртөгтэй аж. Харин вагон замыг туулах хугацааны хувьд 80 минут орчим төлөвлөгдсөн байсан юм.
Иймд манай сурвалжлах баг уг рэйлбусаар зорчиж буй иргэдийн сэтгэгдлийг сонсохоор “Баян” өртөөг /иргэдийн хэлж заншсанаар 4-р өртөөг/ зорьсон юм. Гэвч биднийг өртөөнд 19 цагийн үед очиход өртөөний ажилтнаас өөрөөр хүн байсангүй.
Рэйлбусны талаар өртөөний ажилтнаас тодруулахад тэрбээр,
“Рэйлбус явахаа больчихсон. Энэ сарын 15-17-нд туршилт гэж явуулж эхэлсэн бөгөөд цаашид байнга явах болсон гэх тушаал дээрээс ирсэн. Гэвч энэ сарын 20-ны орой рэйлбус ирээд л 21-ээс эхлэн дахин яваагүй. Ер нь энэ санаа анхнаасаа бүтэхгүй л байсан. Манай 4-р өртөө налайхаас хол, наашаа иргэд нийтийн унаа байхгүй учир таксигаар ирэхээс өөр аргагүй. Такси нь наанадаж 5000-6000 төгрөг гарна. Харин рэйлбусны үнэ 2500 төгрөг, таксины үнийг нэмбэл 8500 төгрөг болж байгаа юм. Ийм байхад хэн суухав дээ тэрний оронд хот луу 3000 төгрөгөөр явдаг таксиндаа суугаад хүссэн цагтаа ирж очно шүү дээ.
Чухам хотын удирдлагууд манай өртөө лүү явдаг нэгдсэн хямд унаатай болгочихвол юу юм гэхээс өндөр зарлагатай унаанд иргэд суух нь худлаа биз.
Рэйлбус явах хугацаанд өглөө дөө нэг ч хүн сууж байгаагүй , орой ирж байгаа хүмүүс нь гарын таван хуруунд багтахаар байсан. Ашиг олохоосоо илүү алдангитай байсан гэхэд хилсдэхгүй биз” хэмээн ярьсан юм.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар комунизм шиг хямд байх биш төмөр замыг хувьчилахаар заавар зах зээлийнхээ зарчмаар үнээ нэмж байж ашигтай ажилдаг өөрөөр хэлбэл тансаг унаа