Top StoriesНИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Иргэд хоёр өдрийн цалингаараа 4 кг мах авч байна

Нийслэлд хаврын хаварт махны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Нийслэлийн статистикийн газраас нэг кг махны үнэ 12-21 мянган төгрөгийн ханштай байна гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр нэг кг махны үнэ хэдийн 25-26 мянган төгрөгт хүрээд буй.

Бид зах худалдааны төвөөр махны үнэ ямар ханштай байгаа талаар сурвалжиллаа.

13.00 цагийн үед “Хүчит шонхор” зах, худалдааны төвд очиход дийлэнх лангууны мах дуусаж, худалдаа эрхлэгчид цэвэрлэгэгээ хийж байв. Тэдний ажил өглөөний 04.00 цагт эхлээд өдийд цэгцэрдэг. Үүрээр махны худалдаачид хөдөөнөөс болон зоориноос мах авч ирнэ. Тэднээс Улаанбаатарын хотын ихэнх захын жижиглэн худалдаачид тухайн өдөр зарах махаа базаана. Энэ лангууныхан ч мөн ялгаагүй, үүрээр ченжүүдээс авсан махаа үд гэхэд борлуулаад дуусчээ.  

-“Хөдөөнөөс мах орж ирэхгүй байгаа тул нөөцийн махны үнэ өссөн”- 

Гадна талбайд мах зарж суух худалдаачдыг зорилоо. Ихэвчлэн ачааны машины арын хэсэгт хэд гурван гулууз зарж суух тэднээс мах авах нь тун цөөхөн аж. Яагаад гэвэл иргэд махыг гулуузаар нь авч чаддаггүй, ихэвчлэн жижиглэнгийн мах авах сонирхолтой байдаг аж. Махны үнэ өссөнтэй холбоотойгоор өнөөдөр энэ зах дээр хэд хэдэн хэвлэлийнхэн ирж, мэдээ бэлтгэж байна. Тиймээс мах нийлүүлэгчид буюу олны нэрлэж заншсанаар махны “ченж”-үүд нэрээ хэлэхээс татгалзаж, дараах байр сууриа илэрхийлсэн юм. 

Махны худалдаачин: Нөөцийн мах бага байгаа нь өндөр үнэтэй болоход нөлөөлсөн 

-Махны нийлүүлэлт ховор байна. Нөөцийн мах бага, үүнтэй холбоотойгоор махны үнэ өссөн. Зарж буй махны ихэнх хэсгийг хувь хүмүүсийн зооринд хадгалсан мах эзэлж байгаа юм. Мал таргалаагүй, туранхай байна.Тиймээс малчид малаа төхөөрч, мах бэлтгэхгүй байгаа юм. 

Мах үнэтэй учир иргэдийн худалдан авалт тааруухан байгаа. Хэчнээн шинэ мах орж ирсэн ч иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учир зарагдахгүй байгаа хэрэг. Иргэд их хэмжээгээр мах авдаггүй, ихэвчлэн жижиглэнгийн мах авч харагддаг. 

Нэг ширхэг гулууз мах дунджаар 300-400 мянган төгрөгийн үнэтэй. Өдөртөө гуч орчим гулууз мах борлуулаад гэртээ харьдаг. Хүмүүс “ченж”-үүдийг их мөнгө олж, иргэдийн халаас руу өнгийж байна гэлцдэг. Бид чинь янз бүрийн төлбөр, татаасыг төлж хоолныхоо мөнгөтэй золгодог юм шүү дээ. Миний хувьд тэрэгчин болон мах ачигчаа цалинжуулж, түрээсийнхээ төлбөрийг төлдөг” хэмээсэн юм. 

Махны худалдаачин: Хөдөөнөөс мах орж ирэхгүй байгаа 

-Махны үнэ өдөр бүр харилцан адилгүй байдаг. Өнөөдөр үнэтэй байхад маргааш буурч болдог. Хэлбэлзэлтэй байдаг л даа. Хөдөөнөөс мах их хэмжээгээр орж ирсэн тохиолдолд үнэ буурч, мах ховордох үед үнэ өсдөг. Одоогоор хөдөөнөөс мах орж ирэхгүй байгаа болохоор үнэ өссөн зураглалтай байгаа. Иргэдийн авч буй махны ихэнх хэсгийг зоорины мах эзэлж байгаа. Шинэ мах ер нь ховор доо 

Махны худалдаачин: Махны одоогийн үнэ боломжийн ханштай 

-Хувь хүмүүсийн нөөцөлсөн мах давамгайлж байна. Хэрэв нөөцгүй бол махны хомсдол үүсэх эрсдэлтэй. Улмаар махны үнэ дахиад л өснө. Одоогийн үнэ ханш нь боломжийн санагддаг 

Мах нийлүүлэгчид буюу гулуузаар борлуулагсад хөдөөнөөс ирсэн махнаас илүүтэй нөөцийн махыг зарж байгаа гэдгээ онцолсон юм. 

-“Иргэдийн худалдан авах чадвар буурсан. 500 гр мах авах хүмүүс ч бий”- 

Махны худалдаачдын нийлүүлсэн гулууз махыг жижиглэнгийн худалдаачид авдаг билээ. Тэд яснаас нь салгаж, шулах эсвэл цул махыг жижиглэж, хүмүүсийн хэрэгцээнд тохируулан борлуулдаг юм.  

Бид эхлээд бод малын мах худалдаалдаг хэсэгт очив. “Мах аваарай, мах аваарай” гэх үгсээр үйлчлүүлэгчдийг угтаж байлаа. Харин камер хараад үнэ бичсэн цаасаа цааш нь хийж, яриа өгөхөөс татгалзав. Жижиглэнгийн худалдаачдаас махны үнийн талаар асуусан ч хариулах нь цөөн байлаа.  

Адууны махны жижиглэн худалдаачинтай ярилцав. Тэрбээр махаа хүмүүст худалдаалахдаа 500 төгрөгийг нэмдэг хэмээлээ. “Адууны мах 11.5-12 мянган төгрөгийн ханштай байна. Бид “ченж”-ээс 9.5-11 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Махаа борлуулахдаа 500 төгрөгийг л нэмдэг. Миний бодлоор мал таргалаагүй, мах ховор учраас махны үнэ ийнхүү өссөн байх. Гэхдээ хаврын улирал бүр үнэ өсдөг дөө. Энэ бараг бичигдээгүй хууль болсон” хэмээв. 

Харин үхрийн махны худалдагч нэрээ хэлэхээс татгалзсан ч бидэнд яриа өгсөн юм.  

-Махаа хэдээр борлуулж байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар үхрийн мах 19.5-21 мянган төгрөгийн үнэтэй байна. Ченжээс 14.5 мянган төгрөгөөр авсан. Махны нийлүүлэлт бага байгаа. Нөөц нь нэмэгдвэл аяндаа үнэ буурах биз.  

-Махны олдоц хэр байна? 

-Энэ жилийн хавар хүндэвтэр байлаа. Малчид ядруухан, мал туранхай байна. Мал төхөөрье гэхэд туранхай, мөн хорогдол их байгаа нь хомсдол үүсгэлээ. 

-Үнэ ханш нь буурах төлөв байна уу? 

-Махны үнийг бууруулна л гэлцэх юм. Миний харж байгаагаар бол бууруулах боломжгүй санагддаг. Иргэд махны үнэ нэмэгдсэн тухай сонсоод бухимдаж байна. Бухимдах нь аргагүй дээ. Өндөр үнээр мах зарахад бидэнд ч хэцүүхэн байдаг. Яагаад гэвэл 14,500 төгрөгөөр худалдаж аваад, махыг нь шулж, ясыг нь хаядаг. Ясны хорогдлоо махандаа шингээж зардаг юм. Дан ганц худалдан авагчдад бус бидэнд ч  хүндрэл, бэрхшээл байдгийг ойлгоосой хэмээн хүсэх байна. 

Миний хувьд цул мах зардаг учир ястай махны ханшийг сайн хэлж мэдэхгүй байна. Махны үнэ ганцхан өнөөдөр огцом нэмэгдсэн юм биш л дээ. Аажим аажмаар өссөөр өнөөдрийг хүрлээ.  

-Өдөрт хэдэн кг мах борлуулж байна вэ. Зарж дуусгаж чаддаг уу? 

-Би өдөртөө 130-150 орчим кг жинтэй нэг үхрийн мах авдаг. Заримдаа авсан махаа худалдаж дуусгалгүйгээр гэртээ харьдаг. Хүмүүс их хэмжээгээр мах авах нь багассан. Харин 3-5 кг-аар авах нь элбэг. Бүр 500 гр буюу хагас кг мах аваад гарах хүн ч бий. Ер нь 10 кг мах аваад харих хүн байхгүй дээ. Үүнээс харахад ард түмний минь амьдрал доройтож буй нь харагддаг. 100 мянган төгрөгт таван кг мах л авах боломжтой. Ам бүл олонтой айлын хувьд гурав дөрөвхөн л хонох байлгүй дээ. 

Бид цааш бог малын мах худалдаалдаг хэсэгт очлоо. Лангуунууд харьцангуй их махтай харагдав. Бод малын мах худалдаалдаг хэсэгтэй харьцуулахад олны хөлд дарагджээ.  

Бог малын махны худалдаа эрхлэгч “Хонины мах 15, ямааны мах 12.5 мянган төгрөгийн ханштай байна. Өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн. Өнөөдөр л гэхэд шинэ хонины махыг 14, ямааны махыг 12 мянган төгрөгөөр авсан” хэмээлээ. 

Жижиглэнгийн мах борлуулах хэсэгт махны үнэ дунджаар 12-21 мянган төгрөгийн ханштай байсан юм.  

-Нөөцийн мах нэрийдлээр компаниудад хүүгүй мөнгө тараасан ч үр дүнгүй байна гэв- 

Мах худалдаалагчид дээрх байр суурийг илэрхийлсэн юм. Бид бог малын мах худалдаалах хэсэгт худалдан авалт хийж байсан Сүхбаатар дүүргийн иргэн Ё.Ганбаатартай ярилцлаа.

Тэрбээр “Мах үнэтэй байна. Хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Хүний хэрэглээ болохоор авахаас өөр аргагүй. Зарим хүмүүс ярихдаа “ченж”-үүдийг л үнэ өсгөдөг гэлцдэг. Гэхдээ дан ганц тэд өсгөөгүй юм шиг санагддаг юм. Энэ жил зудтай өвөл болсон тул мал тарга тэвээргээ авч чадаагүй. Малчид хэцүүхэн өвлийг туулж хавартай золгосон.  

Мөн улсаас нөөцийн махыг хангалттай бэлтгэсэн гэлцдэг. Гэтэл зарагдаж буй махны нэг хувийг ч нөөцийн мах эзлэхгүй байгаа харагдаж байна. Нөөцийн махны нөлөөгөөр хэдэн компанид хүүгүй мөнгө тараагаад өгчихдөг. Гэтэл ямар ч үр дүн гараагүй нь илхэн харагдаж байгаа биз дээ. 70 сая толгой малтай монгол орны иргэд 10 мянган төгрөг хүрэхгүй үнээр л махаа авдаг байвал сайхан” хэмээн хэлсэн юм. 

Гэвч бүхий л иргэд махны үнэ өссөн хэмээн буруушаасангүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн О.Адьяа махны одоогийн үнийг нь “Хүчит шонхор” зах дээр боломжийн ханштай байна хэмээн тодорхойлов. Тэрбээр “Хонины хаа болон нурууны махыг кг тутмыг нь 15 мянган төгрөгөөр авч байна. Үнийн хувьд боломжийн санагдлаа. Манайх ам бүл гурвуулаа. Энэ махаараа олон хонох байх” гэв.  

-Дайвар бүтээгдэхүүн өмнөх жилээс 2-3 мянган төгрөгөөр өсжээ- 

“Хүчит шонхор” худалдааны төвийн өөр нэгэн чухал, хөл хөдөлгөөнтэй хэсэг бол дайвар бүтээгдэхүүн борлуулах газар юм. Иргэдийн хувьд гулууз болон жижиглэнгийн махны үнийг сонирхсоныхоо дараагаар эл газраар үйлчлүүлж байв. Гаднаасаа хурц үнэртэй хэдий ч дотор нь байх иргэд үүнийг анзаарах сөхөөгүй. Учир нь дайвар бүтээгдэхүүн буюу малын дотор гэдэсний махнаас “бор” махыг нь хямд үнээр их хэмжээгээр авахаар зогсоцгооно.  

Худалдагчдын зүгээс ч дайвар бүтээгдэхүүн авах иргэдийн тоо олширсон гэдгийг онцлон хэлж байлаа. Бид хэд хэдэн худалдагчаас дараах байр суурийг авсан юм. 

Дайвар бүтээгдэхүүн борлуулагч: Үхрийн шинэ гэдэс 40 мянган төгрөгийн үнэтэй 

-Махны үнэ нэмэгдсэн болохоор дайвар бүтээгдэхүүн худалдаж авах иргэд олширсон. Гадар махаа дагаад дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Өмнө нь үхрийн шинэ гэдэс 25-30 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь хавар болгон махны үнэ иргэдийн толгойн өвчин болдог. 

Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа. Махны үнэ сонсоод бухимдлаа илэрхийлэх нь ч бий. “Та нар яагаад махныхаа үнээ нэмээд байгаа юм бэ, унтаад сэрэхэд л үнээ тэнгэрт хүртэл өсгөлөө” гэлцдэг. Арга ч үгүй байх л даа 

Дайвар бүтээгдэхүүн борлуулагч 2: Гадар махны үнэ өссөнөөр дайвар бүтээгдэхүүн авах иргэд нэмэгдсэн 

Харин удаах худалдагч нь энэ жил дайвар бүтээгдэхүүний үнэ бусад жилээс өндөр байгаа хэмээлээ. 

-Үхэр хонины зүрх 8000-8500 төгрөг байна. Өмнөх жилийн мөн үеэс 2000-3000 төгрөгөөр өссөн. Ер нь бусад жилтэй харьцуулахад дайвар бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Гадар мах үнэтэй болохоор манайхыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн 

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг мэдээлдэг билээ. Ингэхдээ нийт 17 зах, худалдааны төвийн дундаж ханшаар тооцоолон үнийн судалгааг гаргадаг байна. 

Тодруулбал, тавдугаар сарын 29-ний байдлаар долоо хоног бүрийн дундаж ханшаар, 

  • Хонины мах, ястай – 16,460 
  • Хонины мах, цул – 16,787 
  • Үхрийн мах, ястай – 19,500 
  • Үхрийн мах, цул – 21,882 
  • Адууны мах, ястай – 14,000 
  • Ямааны мах, ястай – 12,667 төгрөгтэй байгаа юм. 

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад, 

  • хонины ястай махны үнэ 3.5 хувиар буюу 550 
  • хонины цул мах 2.3 хувь буюу 375 
  • үхрийн ястай мах 2.3 хувь буюу 438 
  • үхрийн цул мах 1.7 хувь буюу 364 
  • адууны ястай мах 3.1 хувь буюу 417 
  • ямааны ястай мах 8.6 хувь буюу 1000 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Энэ бол дундаж үнэ ханш. Бөөний гэх тодотголтой Дэнжийн 1000-ын зах дээрх үнэ цаашаа бусад зах, томоохон дэлгүүрүүдэд очоод дахиад л нэмэгдэнэ. Үнийн өсөлтөд орлого, цалин хөлс нь дүйхгүй байгаа иргэд махын үнийн талаар сэтгэгдлээ хэлэхээс татгалзаж байв. Харин нэг иргэн өөрөө зурагаа авахуулж, нэрээ хэлэхгүйгээр сэтгэгдлээ хэлье гэв.

-Иргэн: Хоёр өдрийн цалингаараа 4 кг мах авч байна-

"Би 1,1 сая төгрөгийн цалинтай. Долоо хоногт 4 кг мах авч, тэрийгээ хүргэж иддэг. Түрүү долоо хоногт үхрийн мах нэг кг-ыг 26 мянгаар авсан. Ингээд 4 кг мах авахаар 100 гаруй мянга болно. Миний хоёр өдрийн цалин гэсэн үг. Даваа гарагт амардаг болохоор махаа дуусаад, өнөөдөр дахиад авахаар ирлээ. Ястай мах арай хямд ч өөх, ясыг нь ялгаад бараг илүү алдагдалтай болчихдог. Арай л дэндүү үнэтэй байна. Бага цалинтай үүнээсээ 400 мянгыг нь маханд өгөөд, нийгмийн даатгалын шимтгэлээ өгөхөөр миний хувьд амьдралын бусад хэрэгцээ, асуудлаа яаж зохицуулдаг нь ойлгомжгүй байгаа биз. Яалт ч үгүй, өдөр тутмын амин чухал хэрэглээ болохоор махаа л авчихвал бусад нь болно доо гээд явж байна"

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2023 18:15

mahaa hynaltgui gargahaa ulirlaar ni zohitsuulj horij arga hemjee avaach tor zasgaa

Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:05

hytad ruu huu hamaad gargachhhar arga baijuu

Хувирах чадвар
Хувирах чадвар
6 сар 7, 2023 13:20

Нэг өдрийн ц�##�ингаараа 2 кг мах авё байна ...гэвэл оновчтой байна

Зочин
Зочин
6 сар 7, 2023 20:15

Америкт 4 өдрийн ц�##�ингаар 1кг гэлүү (өөр нэртэй) мах авдаг гэсэн. Аль болгон үнэ барих юм бэ төр засгаа бодсон ч тэр,хэдэн гамшиг царайлсан м�##�чдаа бодсон ч тэр . Дэлгүүрээс 1кг красный шапочка гэдэг чихэр 50.0 авдаг л бүздээ.Мах бол дэлхийд үнэтэй хоол. Сарвайсан болгон авч идэж чаддаггүй л юм бн лээ. Мах 1кг 50.0 болчихвол нэг хонины гуяаар бараг сар болгоно доо. Хамгийн үнэтэй хүнсээ үнэгүйдүүлээд байна. Үнэтэй болвол толгой, гэдэс цувдай гээд гоё махнуудаа хог руу хаяхгүй байх; Харин хэвийн �######�ыг бол хаяж болно. Яагаад гэвэл 1 �######� 1000 т байх;

Zochin
Zochin
6 сар 7, 2023 21:58

ХХААЯ ны сайд Болорчулуун гэж тэнэг сайд үнийн хөөрөгдлөө барьж чадахгүй �######�уулб�##� таарна. Тэрэнд чадах юм гэж байхгүй. Мах хүнсээ барьж чадахгүй махан толгой.

Холбоотой мэдээ

Back to top button