УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Оршихуйгаас бусад нь худал Г.Ган-Очир Х.Нямбаатарыг хүлээлтгүй

Франц улсад гэр бүлийн хүчирхийллийн хэргээр хорих ял эдэлж буй иргэн Г.Ган-Очир Монголд амьдарч буй өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ.

Тэрбээр хар машины булхайг илчилж, улмаар олон улсын хууль зүйн байгууллагуудыг зорьсон гэдэг ч улмаар гэр бүлийн хүчирхийллийн хэргээр тус улсад ял эдэлж буй.

Г.Ган-Очир хэвлэлийн хурлын үеэр "Францчууд хүний эрх ярьдаг улс хэрнээ өөрсдөө энд олон улсын хүмүүсийг хар тамхиар хордуулдаг. Дөрвөн сарын дараа эмнэлэгт үзүүлтэл тархинд өөрчлөлт орсон байна гэсэн. Одоо бол өрөөгөө сольчихсон, эмчилгээ хийлгэж байгаа. Одоо өдөр болгон  толгой дүүрч өвддөг болчихсон. Нүүрсний нотлох баримтууд надад байгаа. Би шоронгоос хэзээ гарахаа мэдэхгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэж байгаа. Намайг 6-р сарын 25-нд гаргана гэсэн. Францчууд мэдэхгүй байна, танай улсаас хариу ирээгүй байгаа гэж хэлсэн" гэв.

Харин энэ талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ам нээв.

Тэрбээр "Надад хэлэх үг олдохгүй байна. Иргэн Г.Ган-Очир дотор нь хүн байсан байшинг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан хүн. Бусдын амь насанд санаатай халдсан хүн тул ирж шалгуулах ёстой. Өөр бусад үйлдлүүд ч бий. Тэр талаар дэлгэрүүлж яривал цаг хугацаа их шаардана.

Хоёрдугаарт, болсон хэргийн талаар Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Нэгт, Европын холбоо руу хууль бусаар хил нэвтэрч орсон. Хоёрт, монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүндээ гар хүрч, хүчирхийлэл үйлдсэн тул тухайн улс хариуцлага хүлээлгэсэн гэх мэдээлэлтэй байгаа.

Манай талаас энд үйлдсэн гэмт хэрэгтээ шалгуулах ёстой тул шилжүүлэн өгөх хүсэлтийг Францын талд тавьсан. Гадаад харилцааны яамны мэдээллээр арванхоёрдугаар сард суллагдах шийтгэл авсан. Бусдаар улс орны дотоод асуудалд оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа. Товчоор бол ийм байна" хэмээлээ.

Г.Ган-Очир өөрийгөө хилс хэргээр Францад шоронд суусан хэмээн тодорхойлоод буй. Тиймээс ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийг нь энэ сарын 25-нд суллах талаар дурдсан гэх. Түүнд ч итгэж буйгаа хэвлэлийн хурлаараа хэлчихлээ. Харамсалтай нь Х.Нямбаатар түүний оршихуйгаас бусад нь бүгд худал гэдгийг ийн тайлбарлан мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button