Нийгмийн

Шинэ үзэсгэлэн: Эрвээхий нисэм эмэгтэй хүний, монгол ахуй, балчир багын дурсамжууд

Нэг л өөдрөг, гэгээн.

Өнгө өнгөөр баялаг дүр зураг үзэсгэлэнд хөл тавимагц мэдрэгдлээ. Энэ ялгарал нэн тэргүүнд анзаарагдсан шалтгаан нь, контемпорари үзэсгэлэнгүүдэд ихэнхдээ философийн эргэцүүлэл, бараан, гүн гүнзгий дүр дүрслэл давамгайлах болсонтой холбоотой. Нээрэн л яагаад ч юм контемпорари үзэсгэлэн гэхээр нэг тийм бүгт, нууцлаг, хүнд уур амьсгал хүлээдэг болчихжээ.

Тийм ч учраас “S.O S.O” үзэсгэлэнгээр нэг тойрмогц л өөдрөг гэрэл гэгээт илэрхийлэл нь эрхгүй нэг дугаарын онцлог болон ажиглагдаж байлаа.

Мөн өмнө нь уран бүтээлч гурав, дөрвөөрөө нийлж үзэсгэлэн дэлгэж байхтай ховор таарсан. Энэ удаа С.Саранцацралт, Д.Отгонбаяр, Ц.Солонго, Э.Ононгуа нарын эмэгтэй арист уг үзэсгэлэнд хамтран ажиллажээ. “S.O S.O” нь “Тэгээд, тэгээд?” “Тэгээд л ийм” гэсэн утга илэрхийлэх ч уран бүтээлчдийн нэрний эхний үсгүүдийг товчилбол мөн С.О.С.О буюу “So, So” болно.

Үзэсгэлэнгийн куратораар Ц.Солонго ажилласан ба анхлан санаачилжээ.

Дөрвөн эмэгтэй аристын хоёр нь илүү туршлагатай, өөрийн орон зайгаа эзэлсэн, ахмад тодотгол хүлээх юм. Тодруулбал Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, уран бүтээлч, керамик артист Д.Отгонбаяр нар хэвшмэл хэлбэрээс цаг хугацаа өнгөрөх хэрээр алсарч, өөрсдийн дуу хоолойг контемпорари илэрхийллийн хүрээнд тогтоон барьж, улам бүр хүчирхэгжиж буй.

С.Саранцацралт цар тахлын дараахан “Оюун санаагаа аваръя” хэмээх контемпорари үзэсгэлэн дэлгэсэн нь түүнийг зөвхөн зураач, барималч тодорхойлолтоор хардаг хандлагыг эрс эвдэж, уран бүтээлчийн мастерствог батлан харуулсан.

Харин Д.Отгонбаяр багашаар арал дээр сандал, хаалга тавиад, дээл өмсөн зогссоноор лэнд-арт төрлийг туршсан нь өдгөөгөөс жилийн өмнө олны анхаарлыг татаж байлаа. Залуу уран бүтээлчдэдээ үлгэр дуурайл болохуйц цоо шинэ, шинэлэг дуу хоолойг тэр илэрхийлсээр байгаа.

Тэгвэл сүүлийн жилүүдэд куратораар дагнан ажиллаж буй Ц.Солонго, хатгамал, болон холимог техникээр сонирхолтой бүтээлүүд хийдэг Э.Ононгуа нар залуу үедээ хамаарах юм.

Ийм дөрвөн онцлог бүхий эмэгтэй уран бүтээлчид нэгдэн “S.O S.O” үзэсгэлэнг ХААН галерейд дэлгээд буйг үзэж сонирхлоо.

Далайд ойр, Латин Америкийн халуун орнуудын цэцэгс алаглаж, нар төөнөсөн, “100 жилийн ганцаардал” дахь Макондо суурин анх ийм л орчинд байгуулагдан, өсөж өндийсөн болов уу гэмээр, эрвээхий нисэлдэж, шувууд жиргэм дүр зураг үзэсгэлэнд анхлан хөл тавимагц мэдрэгдэнэ.

С.Саранцацралт,

С.Саранцацралт “Зунцаг зунцаг” бүтээлээ энэ хэсэгт байршуулжээ. Ерөнхий хэлбэр нь морь. Гэхдээ С.Саранцацралтын сүүлийн жилүүдэд бүтээлдээ ашиглаж буй алтан шар, эсвэл мөнгөлөг өнгөнүүд сүлэлдсэнээр эрхгүй Монголын хээр талаар, зун цагт давхилдах, эсвэл идээшлэн шилгээх морьдын дүр зураг сэтгэлд бууна. Мөртлөө дурсамж дурдатгалын, зөвхөн оюун санааны өөр хэмжээст ертөнцөд л байх шидлэг мэдрэмжийг үүтгэнэ.

Мөн энэ үзэсгэлэнд зориулж дуусгасан “Хайр” бүтээл нь тавигджээ. Ижил элемент бүхий ч бөгсөн бие нь байхгүй хоёр морь бие биенээ түшсэнээр хүндийн хүч нь тэнцвэржиж, тэд хамтдаа газар дээр тогтжээ. Хайрлахын тулд, хайрыг бүтээхийн тулд хэн хэн нь буй “бие”-ийнхээ тодорхой хэсгийг орхиж гээх учиртай гэмээр. Хэрэв морьд бүтэн биеэрээ байсан бол зогсохын тулд заавал нэг нэгнээ түших амин чухал шаардлага үүсэхгүй сэн.

Мөн Монголын Урчуудын эвлэлийн оны шилдэг бүтээлээр шалгарч байсан С.Саранцацралтын “Бөөгнөрөл” ч энд дэлгэгдсэн байна.

Д.Отгонбаяр,

Тэгвэл Д.Отгонбаяр “Өөртөө илгээх захидал” хэмээх бүтээлээ байршуулжээ. Керамикаар хийсэн олон тооны уулыг хананаас өлгөж, инстолляц болгосон байна.

Д.Отгонбаяр нэг ширхэг уулыг хийхийн тулд багагүй хугацаа зарцуулдаг аж. Шавраа өөрөө бэлдэхээс эхлээд хэв хийх, хэвэндээ цутгах, улмаар шатаах, хатаах гээд олон шат дамжлагатай. Зарим уул шатах явцдаа эвдэрнэ, хэлбэрээ өөрчилнө, эсвэл хагарна. Тухайн агшин, хувь тохиолын шинжтэй энэ “эвдрэл”-үүдийг ч Д.Отгонбаяр бүтээлдээ ашиглажээ.

Д.Отгонбаяр ЗХУ-д сургууль төгсөж ирээд төрсөн нутагтаа ирэхэд нь уулс ийн цэнхэрлэж харагджээ. Тэр мөчид уйлжээ. Чухам тэр дурсамжаа уудалж, уулсыг ширхэг ширхгээр нь удаан хугацааны туршид бүтээн хадгалж бас цуглуулсаар “Өөртөө илгээх захидал”-ыг бүтээжээ.

Э.Ононгуа,

Э.Ононгуагийн хэсэг ихээхэн нандин бас сонирхолтой. Бас дотоод эрчим ихтэй.

Тэрбээр бага ахуй цагт нь монгол гэрт өрнөдөг байсан хурга хөл дор майлалдах, эмээ нь тогоон дээр тараг бүрэх үйл явцыг дурсамжаа уудалжээ.

Ширж, хатгаж, зурж, будаж хийсэн холимог техник бүхий энэ бүтээлүүдийн нэгэнд нь таргаа ширдэг дээр асгачхаж. Харин нэгэнд нь таргаа уучхаад, түрүүлгээ харан унтаж байна (нүцгэн хөл нь үзэгдэнэ). Эсвэл нөгөө нэг бүтээлд нь эмээ яг тарагаа бүрж байна. Тараг бүрдэг эмээ араасаа харагдаж байна. Эсвэл тарагтай аягаа бариад уухаар зэхэж байна.

Энэ бүтээлүүдийн дунд нэгэн инстолляц байгаа нь цаг хугацааг зогсоосон мэт аниргүй, чинадын биелэлтэй. Э.Ононгуа эмээгийнхээ тараг бүрдэг байсан тогоог бүтээл болгожээ. Дотор нь цэцэгс дэвсэж өгснөөр ихээхэн нандин, тансаг илэрхийлэмжийг үүтгэжээ.

Ц.Солонго,

Харин уг үзэсгэлэнд куратораар ажилласан Ц.Солонгын хувьд зураг болон монопринтээр ажиллажээ. Зургуудад нь мөн л хүүхэд ахуй насан дахь хөдөө хээрийн дурсамжийг урин дуудсан шинж ажиглагдаж буй. Нов ногоон дурсамжийн давлагаан дунд монгол гэр бүртэлзэн үзэгдэх жишээтэй.

Мөн монопринт бүтээлүүд нь анхаарал татна.

Хүн чулуу бол олон мянган жилийг туулж өдгөөд хүрсэн тал нутаг, үүх түүх, үндэс угсаа, соёл иргэншлийн нэгэн илэрхийлэл билээ. Ц.Солонго хүн чулууг зурж, дараа нь түүнийгээ цаасан дээр дарах байдлаар дардсыг нь гаргаж авчээ. Дардас буюу монопринтээр ажиллахын тулд өмнө нь сайтар бэлтгэсэн байх шаардлагатай. Бүтээлийг эхлэх, үргэлжлүүлэх, засаж сайжруулах, дуусгах процесс гэж энд байхгүй. Нэг удаа дараад л авна. Ингэснээр зөвхөн тухайн агшны бүх бүрдэл хэсэг цаасан дээр мөрөө үлдээж, тэмдгэрдэг.

Ц.Солонгын зарим дардас өнгө нь өөр хоорондоо ууссанаар зурвас харахад чичирхийлэн хөдлөөд байгаа ч юм шиг, динамик хэлэмжтэй үзэгдэж буй нь сонирхолтой. Зургаан ширхэг хүн чулууны зургийн дардсыг өлгөжээ.

Хөдөө ахуйд өсөж торних үеийн дурсамж,

Тэр дундаа эмэгтэй хүний дурсамж,

Мөн нүүдэлчин, монгол ахуйг илэрхийлэх дурсамж,

...нийлэхээрээ энэхүү нүд гялбам гэгээлэг хэлэмжийг үзэсгэлэнгийн турш бий болгожээ. Ингэснээр үзэсгэлэн өөрөө бусдаас онцлох ялгарлаа олж, нэгэн хүчирхэг дуу хоолойг тунхаглан зарласан гэлтэй.

ХААН банкны галерей уран бүтээлчдэд заалаа түрээсэлдэггүй, төлбөр авдаггүй. Тэгж дэмждэг. “S.O S.O” үзэсгэлэн өнгөрсөн бямба гарагаас эхлэн 20 хоногийн турш ХААН галерейд та бүхний хүртээл болно.

ГЭРЭЛ ЗУРГУУД:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button