Ц.Сандаг-Очир: Цалин, тэтгэвэр нэмэгдэх нь сайхан ч, хувийн хэвшилд дарамт болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж буй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Сангийн сайд Б.Жавхлан: "Энэ удаагийн яригдаж байгаа тодотголын дүн 1.8 их наяд. Энэ бол бага мөнгө биш. Тантай санал нийлж байна. Гэхдээ боломжгүй дүн ч биш. Далд эдийн засгийн мөсөн уулын цухуйц буй оргил нь юм. Тиймээс улам гүн рүү орж углуургаар нь орж үе шаттай шийдэх ёстой. Хойтон жилийн төсөв дээр 4 их наяд болж орж ирнэ. Ингэхийн тулд орлогоо нэмэгдүүлнэ. Захиргааны болон эдийн засгийн арга. Салбар салбарын хууль оруулж ирэхдээ тийм ч татвар хөнгөлнө, ийм ч НӨАТ-ыг чөлөөлнө гэж оруулж ирдэгээ больцгооё. Оруулж ирэхгүй л бол давсгүй хоол болчихдог юм шиг байна. Ийм зүйлээ багасгаарай. Хязгаарлах хэрэгтэй. Тэгж байж төсвийн орлогоо хамгаална.
Эдийн засгийнхаа идэвхжлийг нэгт тавина. Боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт гэхчлэн эдийн засгийн онцгой хөшүүрэг арга хэмжээ авсны үр дүнд иймэрхүү орлого олох боломж бидэнд байгаа" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "225 мянган төрийн алба хаагч, 480 мянган тэтгэвэрт тэтгэмж авагчдад цалин тэтгэвэр нэмэгдэх нь сайхан хэрэг. Гэтэл ажил олгож байгаа хувийн хэвшлийнхэнд дарамт болдог. НДШ, ААОАТ, нэмэгдээд явчихдаг. Хувийн хэвшлээ дэмжсэн ямар бодлого Засгийн газарт байна вэ гэдгийг асууя" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийн сэргэлтээ дэмжих нь Засгийн газрын үүрэг. Гадаад өрөөс хамааралтай эрсдэлээс бүрэн гарч чадсан. Зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээж байна. Валютынхаа нөөцийг нэмэгдүүлчихлээ. Энэ хэрээр баялаг бүтээгч, хувийн аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдэх учиртай. Төрийн албан хаагчдын цалин мэдээж нийгэмд шууд нөлөөлдөг. Шинэ сэргэлтээр дамжуулан гадаад худалдаагаа дэмжиж байна" хэмээн хариулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн хэвшлийг хөлдөө чирч байгаагаа ойлгодоггүй Сайд гэж байдаг аа. Жавхлан гуай, сайн бодоод үзээрэй . Одоо үнэхээр цаг нь биш!!!