Д.Эрдэнэбаатар: Шамбарам өвчний үед өдөрт 2-3 литр шингэн ууж, 30-40 минут алхах хэрэгтэй

“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн эмч, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Энэ удаад хүн амын дунд нийтлэг тохиолддог шамбарам өвчний талаар ярилцлаа.
-Шамбарам өвчний талаарх ерөнхий мэдээллийг та өгөөч?
-Шамбарам хүн амын дунд хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Шулуун гэдэсний төгсгөл хэсэгт судаслаг эд, хөвсгөр биетээс тогтсон анатомийн хэвийн бүтэц байдаг.Тодорхой шалтгаануудын улмаас энэ нь томорч, өвчлөхийг шамбарам гэнэ. Энэ нь хоёр төрлийн шалтгаантай. Эхнийх нь цусны урсгалд өөрчлөлт орох, дараагийнх нь шамбарамыг хананд бэхэлж байдаг холбоосууд гэмтсэнээр томролт явагдах. Артерийн судсаар цус ирж, венийн судсаар буцдаг. Венийн судсаар урсаж буй цусны урсгалд ямар нэгэн саад үүссэнээс болж томролт явагддаг. Судас нь бүлэнгээр бөглөрсөн үед гадна шамбарамын зангилаа томорч болно.
Өөрөөр хэлбэл цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.Тайван үед эдгээр атираа нь хошногоны сувгийг хаахад оролцож байдаг. Өтгөн гадагшлах үед саад болохгүйн тулд атираанууд нь тэнийж байх ёстой. Харин венийн буюу хураагуур судасны цус тогтонгиших, хэт дүлэх үед атираануудын байрлал алдагдан салст бүрхэвчийн хамт доошилдог. Улмаар энэ хэсгийн цусан хангамж алдагдан өөрчлөгдөснөөр атирааны хэмжээ нь томорч гадагш овойж гардаг.
-Шамбарамаар өвдөхөд хүргэдэг хүчин зүйлс, шалтгаан гэвэл...?
-Өтгөнөөр бие засахдаа ойр ойрхон хүчтэй дүлэх, хэвлийн хөндийн даралт нэмэгдэх, өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь шамбарам үүсэхийн шалтгаан болдог. Эмэгтэйчүүдийн хувьд гол төлөв төрөх үед үүсдэг. Их удаан суугаа ажил эрхэлхээр аарцагны цусан хангамж саатан удааширч эхэлдэг. Энэ нь өвчлөл үүсгэх хүчин зүйл болдог. Үүнээс сэргийлэхийн тулд хоёр цаг тутамд хөдөлгөөн хийх ёстой. Ажлын бус цагаар идэвхитэй хөдөлгөөн хийвэл удаан сууж ажилладаг ч өвчлөхгүй байх боломжтой. Сандалны хувьд хатуу, зөөлний ялгаа байхгүй. Харин өвчилсөн тохиолдолд хатуу сандал дээр суух хэрэгтэй. Гадна, дотно шамбарам гэж ерөнхийд нь ангилах боловч, томролтоор нь дөрвөн зэрэгт хуваадаг. I, II зэргийн үед илрэх байдал нь шамбарамын зангилаа хоёр тусдаа байдаг бол III, IV зэргийн үед нэг том зангилаа болж, илрэх шинж тэмдгийн хувьд ижил болдог. Бүх үед шатанд цус алдалт, хорсох, загатнах, нойтон оргих шинж тэмдгүүд илэрдэг.
-Хүмүүс хоол хүнсний хэрэглээтэй ихээхэн холбож ойлгодог байх?
-Хоолны дэглэм их нөлөөтэй. Шамбарамын үед өтгөх хатах бас гүйлгэхийг цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн зохистой хоолны дэглэм баримталсан үед л боломжтой.
Шамбарамтсан үед хоногийн хоолны орцонд 2-3 литр орчим шингэн, гэдэсний гүрвэлзэн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн заавал байх ёстой. Эдгээрт нь хар талх, хивэгний талх, түүхий ногоо, жимс, хошуу будаа буюу овъёос, хар чавга, сагаг будаа зэрэг ургамлын эслэг агуулсан бүтээгдэхүүн орно. Харин дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүн, сүүний хэрэглээг багасгах хэрэгтэй. Харин тараг, йогурт зэрэг бүтээгдэхүүн, ялангуяа бифидобактер, лактобактериар баяжуулсныг өдөр тутам хэрэглэж болно. Хүнсний эслэг үр тарианы төрлийн ургамалд агуулагддаг бүдүүн ширхэг эсүүд юм. Эдгээр нь уураг, өөх тос, нүүр ус, амин дэмийн хамтаар хүнсэнд заавал багтаж байх ёстой юм. Хүнсний эслэг нь хоол боловсруулах замд боловсрогддоггүй харин гэдэсний бичил биетүүд шингээдэг. Эслэг нь усыг шингээх, цусан дахь холестериний агуулгыг бууруулах үүрэгтэй. Гэдсэн дэх усыг өөртөө шингэснээрээ өтгөний эзлэхүүнийг нэмэгдүүлэн өтгөн хатахаас сэргийлж байдаг. Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэхдээ шингэний хэрэглээг заавал нэмэгдүүлэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Үгүй бол хүнсний эслэг нь усыг шингээж чадахгүй. Ер нь эслэг нь өтгөн хатахаас сэргийлэх хоолны дэглэмд заавал орж байх ёстой.
-Согтууруулах ундаа шулуун гэдэсний судсыг тэлдэг-

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг рашаан, эрдэсжүүлсэн ус эрчимжvvлж єгдєг. Өндөр болон дунд зэргийг эрдэсжилттэй ус, магни болон сульфатын ион агуулсан тасалгааны хэмтэй усыг нэг аягаар өдөрт 3 удаа ууна.
Үүнээс гадна хүчтэй үйлчилгээтэй туулгах эм, бэлдмэлийг тогтмол уухаас татгалзах нь зүйтэй. Өтгөн хатах хандлагатай бол эмээр бус харин хоолны дэглэмийн талаарх мэдлэг туршалагтай диетолог эмчийн тусламжтайгаар энэ бэрхшээлийг давах хэрэгтэй.
-Ямар хүнснээс татгалзах хэрэгтэй вэ?
-Халуун ногоо, хуурсан шарсан хоол, хурц хоол, утсан мах, хатуулаг өндөртэй согтууруулах ундаа зэргээс бүрэн татгалзах нь зүйтэй. Согтууруулах ундаанд агуулагддаг алкоголь буюу этилийн спирт нь хоол боловсруулах зам, түүний дотор шулуун гэдэсний судаснуудыг тэлэх үйлчилгээ үзүүлдэг. Судас тэлэх нь хошногоны атираанд цус тогтонгишин, үрэвсэхэд нөлөөлдөг. Халуун ногоотой, хурц хоол нь хоол боловсруулалт, шингэлтийг эрчимжүүлдэг ч үүнтэйгээ зэрэгцэн шулуун гэдэсний цусан хангамжийг эрс нэмэгдүүлснээр салст бүрхүүлийг цочроох нөлөө үзүүлдэг. Сул дарс, коктейл зэргийг бага хэмжээгээр ууж болно. Хоолоо амтлагчтай идэж сурсан бол бага зэрэг яншуй, базилик, гоньд зэрэг халуун амттай хурц биш ургамлыг хэрэглэж болно. Гүйлгэдэг бол шалтгааныг нь тогтоолгохын тулд эмчид үзүүлэх зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь ойр ойрхон гүйлгэх нь гэдэсний өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байж болзошгүй.
-Суудлын ажилтай хүмүүс энэ өвчнөөр илүү өвддөг гэдэг. Тэгэхээр дасгал, хөдөлгөөн нэмэртэй юу?
-Шамбарамтсан үед 2-3 цаг явган явах нь маш нөлөө үзүүлдэг. Энэ хооронд хүн 10 км багаагүй зам туулах ёстой. Гэвч харамсалтай нь цаг заваар ядмаг байдаг орчин үеийн амьдралд энэ зөвлөгөөг тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй. Иймд өдөртөө ядаж 30-40 минут явган явж байхыг хичээ. Шамбарамтсан үед гэдэс, өгзөг, хярзангийн булчинг бэхжүүлэх гимнастик хийнэ. Гэхдээ шамбаратсан хүн өвчин сэдэрч хурцадсан үед дасгал хийж болохгүй. Дасгалыг 10-15 давталттайгаар өдөрт 2-3 удаа хийнэ. Жишээ нь, хоёр хөлөө зөрүүлж зогсоод өгзөг, хошногоныхоо булчин хэмнэлтэйгээр чангалж суллана. Хөлөө өвдгөөр нь өндөр өргөн нугалж алхана. Зүүн, баруун хөлөөрөө ээлжлэн урагш, хойш, баруун зүүн тийш эргэлдэх хөдөлгөөн хийнэ. Хатуу сандал дээр цээжээ үл мэдэг урагшлуулан нуруу цэх суугаад хошногоныхоо булчинг хэмнэлтэйгээр чангалж суллана. Өвдгөө нугалан дээш харж хэвтээд тавхай, мөрөөрөө тулан “таазаа” өргөж шалнаас хөндийрүүлнэ. Хөлөө нугалалгүйгээр дээш харж хэвтээд хоёр хөлөө ээлжлэн дээш өргөнө. Дээш харж хэвтээд хөлөө газраас хөндийрүүлээд хайчлах хөдөлгөөн хийнэ. Мөн хоёр хөлөөрөө дугуу жийж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. Дээш харж хэвтээд хоёр хөлөө өвдгөөр нь нугалан гэдсэндээ аль болох ойртуулна. Доош харж хэвтээд өвдөг, алга, тохойгоороо тулж байгаад өгзөгөө шаланд тултал “таазаа” хоёр тийш ээлжлэн эргүүлнэ.
-Эмчилгээний тухайд...?
-Шамбарамд эмийн болон мэс заслын эмчилгээ хийнэ. I, II шатанд эмийн эмчилгээг хийдэг. Хэсэг газрын үрэвслийг намжаах, судасны агшилтыг сайжруулах, биеийн дархлааг сайжруулах үндсэн чиглэлүүдээр эмийн эмчилгээг хийнэ. Үүнээс гадна хэт ягаан туяагаар шарлага хийх, резинэн боолт тавих, хатаах тариа хийх зэрэг ажиллабарууд байдаг. Лаа эмчилгээ, эмийн эмчилгээ, тосон эмчилгээ, тариа эмчилгээ энэ үед үр дүнтэй. Харин III, IV шатанд шамбарамын зангилааг тайрч авах мэс заслын эмчилгээг хийнэ. Хүндэрсэн тохиолдолд хагалгаа хийхэд хүндрэлтэй байдаг. Учир нь шамбарамын зангилаа ихэвчлэн цагийн зүүний байрлалаар 3, 7, 11 гэсэн байрлалтай байдаг бол эмчлэхгүй удсанаар шамбарам томорсон тохиолдолд завсрын зангилаанууд үүсч, хоорондоо нийлдэг учир хагалаа хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа. Хэрэгтэй мэдээлэл байна.
Мэдэхэд илүүдэхгүй.шанлаж бгаа олон хүн байгаа.баярл�##�аа.
Баярллаа
Мундаг сайн эмч шүү баярл�##�аа
Ажилд нь амжилт хүсье мундаг эмчдээ