НИЙГЭМНийгэм мэдээ

10 жил хөндсөн 1 хувийн шимтгэлийн асуудал Дээд шүүх дээр дахин замхрах вий

Арилжааны нэр бүхий 11 банк иргэдэд ипотекийн болон өндөр дүнтэй зээл олгохдоо зээл судалсны шимтгэл хэмээн зээлийн дүнгээс 0.5-1 хувийн шимтгэл авдаг билээ. Үүнийг үндэслэлгүй гэх шийдвэрийг 2022 онд ШӨХТГ-аас гаргасан байдаг.

Улмаар нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгож, уг зөрчлийг арилгах шаардлага тавьсан хэдий ч эл асуудал эцэстээ шүүх дээр очсон юм.

Тэгвэл уг асуудлаарх давж заалдах шатны шүүх хурал болж, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээлийн дүнгээс нэг хувийн шимтгэл авдаг нь үндэслэлгүй гэх шийдвэр гарсан билээ. Шийдвэртэй холбоотойгоор банкууд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх бүрэн бий.

Хэрэв Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээвэл ипотекийн зээл авсан иргэд нэг хувийн шимтгэлээ нэхэмжлэх бүрэн боломжтой болно.

Гэвч ШӨХТГ-ын дарга Н.Мандуулын мэдээлснээр зээлийн шимтгэлийн асуудал зөвхөн 2021 болон 2022 онуудад хамаарах ажээ. Товчоор бол ипотекийн зээлд хамрагдсан 110 мянган өрх бус тухайн жилүүдэд зээл авсан айлууд л шимтгэлийн нэг хувиа нэхэмжлэн авах боломжтой гэсэн үг.

Хэдийгээр тодорхой хэмжээний өрхийг хамрах хэдий ч арилжааны банкуудын зээл гаргахдаа нэг хувийн шимтгэл авдаг явдлыг цаашид энэ мэтээр шийдвэрлэх боломжтой.

-Зээлийн нэг хувийн шимтгэл 10 жилийн өмнөөс хөндөгдсөн-

Зээлийн нэг хувийн шимтгэлийг өнгөрсөн жилээс хойш хөндөөгүй. ШӨХТГ-ын дарга асан О.Магнай анх ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эл асуудлыг хөндөж байсан.

Тэрбээр 2014 онд нэр бүхий 13 банкийг шалгаж байв. Ингэхдээ мөн л дээрх хэмжээний шимтгэлийг авдаг нь хууль бус хэмээж байлаа. Тэрбээр "Зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог банкууд зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь зүйд нийцэхгүй, зээл олгоход хураамж,  шимтгэл авч буй үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн аль алийг нь зөрчиж байгаа хэрэг" гэсэн юм.

Гэтэл арилжааны банкууд ч тухайн үед ШӨХТГ-ыг шүүхэд өгч байсан юм. Сонирхолтой нь, тухайн үед ч нэг хувийн шимтгэлийн асуудлыг анхан шатны шүүхээс хууль зөрчсөн хэмээн мэдэгдсэн.

Арилжааны банкууд Дээд шатны шүүхээр шийдвэрлүүлэхэр хандаад байв. Харамсалтай нь эл асуудал Дээд шатны шүүхэд очоод замхарч байсан билээ. Шалтгаан нь анхан шатны шүүх рүү хэргийг явуулсан гэх мэдээлэл байдаг.

10 жилийн турш үргэлжилсэн эл асуудал Улсын дээд шүүх дээр очиж, өмнөх алдаагаа дахин давтах эрсдэл байсаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button