Ч.Мишээл: Одоогоор бүх насаа урлагт зориулах эсэхээ шийдээгүй

Дуучин И.Ч.Мишээлтэй түүний уран бүтээл хийгээд үзэл бодлын талаар ярилцлаа.
-Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ гаргасанд баяр хүргэе. Таныг олон нийт баллад төрлийн дуу гаргах болов уу гэтэл эрс ондоо урсгалын дуу байлаа?
-Олон төрлийн дууг хамтарч ажилладаг хүмүүстэйгээ хийсэн. Үүний нэг нь энэ удаад гаргасан “Bad Blood” дуу маань юм. Миний хувьд одоо цагт юу мэдэрч байгаа, өөрөөсөө ялгарч буй энергийг олон нийтэд хүргэхийн тулд энэ дууг гаргасан. Зарим хүмүүс надаас уянгын дууг хүсдэг бол зарим нь өөр, шинэлэг байхыг хүсдэг. Тиймээс аль ч төрлийн дууг гаргахыг зорьсон.
-Таны энэ удаад гаргасан дуу реп төрлийнх байсан шүү дээ?
-Тийм ээ. Энэ дууг гаргах маш хэцүү байсан. "Яг түүн шиг" шоунд оролцох явцад хоёр дүрээ гаргахын тулд реп хийсэн юм. Энэ нь сонирхолтой санагдаж, нөгөө талаараа би энэ төрлийн дуунд дуртайгаа мэдсэн. Олон нийтэд ч энэ төрлийн дууг хүргэхийг хүссэн.
Юутай ч энэ дууг гаргаад уран бүтээл маань зогсохгүй. Синглээр нь хүмүүст хүргэснийхээ дараа албумаар нь гаргана. Энэ удаа гаргасан дуу нь “Dear Mother” гээд дууны гаргаж буй уран бүтээл юм.
-Яг түүн шиг шоунд хоолойгоо гарахгүй болтлоо бэлтгэл хийсэн. Би анх удаагаа ингэж бэлтгэл хийж үзсэн-

-Уран бүтээлээ гаргахаас өмнө Яг түүн шиг шоунд оролцсон. Энэ нь ч таныг олны хараанд ороход нөлөөлсөн. Урилгыг нь хэрхэн хүлээж авч байв?
-Байнга үздэг байсан шоундаа өөрөө орох үед догдлол, айдас, сандрах мэдрэмж илүүтэй байсан. Зөвхөн дуулахгүй, бүжиглэнэ, жүжиглэнэ, хүнээс гарч болох бүхий л авьяасыг гаргадаг байлаа. Тиймээс их айдастайгаар урилгыг хүлээж авч байсан.
Дугаар бүрд нь сандардаг байв. Эрэгтэй, эмэгтэй дүр авахаас үл шалтгаалж айдастай, сандарна. Долоо хоногийн дотор бэлддэг байсан тул амар байсан хэлж чадахгүй.
-Хамгийн ихээр сэтгэлд хоногшсон дүрээсээ нэрлэвэл?
-Сүүлийн дугаарт миний өөрийн сонгосон Фредди Меркури маш ихээр таалагдсан. Шүтэж, биширдэг хүн маань юм. Мөн эрэгтэй дурд хувирсан тул ихэд таалагдсан.
-Тус тэмцээнд оролцоход шантрах үе байв уу?
-Хамт олноороо дэмжиж, тусалж байсан. Бие биенийхээ дүрд тусалж, зөвлөмж их хэлж өгдөг. Энэ нь яах аргагүй хүч болсон. Түүнчлэн телевизийн арын албаны ажилчид оролцогчдыг дэмжиж, хайрлаж байсан болохоор энэ том шоуг эрч хүчтэйгээр дуусгаж чадсан.
Мөн олон нийт хэрхэн хүлээж авах бол гэх айдас байсан ч хамгийн гол нь өөрт оноогдсон дүрээ хамгийн гоёор, хэрхэн ижил болгож аваачих вэ гэдэгт анхаарсан. Тэгж бодоод дүрээ гаргахад л анхаарч, анхны тайзан дээрээ гарч байснаа санадаг.
-Эрэгтэй дүр гаргах нь эмэгтэйгээсээ хэр ялгаатай байсан бэ?
-Алхаа гишгээнээсээ эхлээд л өөр шүү дээ. Биеийн хэмжээ, ясны бүтэц хүртэл өөр тул парлон их чихүүлж хувиргалт хийнэ. Халууцаад, даралт ихсэх мэдрэмж авсан. Хоолойгоо гарахааргүй болтол бэлтгэл хийсэн өдрүүд ч байлаа. Би анх удаа л тэгж бэлтгэл хийж үзсэн.
-Никитоноос өрх тусгаарлана хэмээн хэлэхэд Баачка ах их дэмжсэн-

-Та урлагтай хэрхэн холбогдож байв?
-Анх UBS телевизээс зохион байгуулсан “My Voice” тэмцээнд 2016 онд орж байсан юм. Тухайн үед урлагийн хүн болно, өөрийгөө урлагт зориулна гэх ямар ч бодолгүйгээр сонирхолтой санагдсандаа ээжтэйгээ ярилцаад л тус тэмцээнд оролцож байлаа. Энэ нь надад олдсон гоё боломж байв. Миний продюсер Б.Чинбат ах маань тэмцээний дараа хамтарч ажиллах санал тавьж байсан юм. Үүнээс хойш долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд намайг бүрэн бэлдэж, сэтгэл зүй хийгээд надад байх бүхий л хүч чадлыг бий болгож өгсөн хугацаа өнгөрчээ.
-Ч.Мишээл гэх нэрийг Ц.Сарнайгийн шавь гэдэг тодорхойлолт дагадаг. Багш шавь болж байсан түүхээсээ хуваалцвал?
-Олон жилийн түүхтэй Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай багш даа хадаг бариад, багшлахыг гуйж байлаа. Тухайн үеэс хойш удалгүй Никитонд дуучнаар нэгдэж, бэлтгэгдэж эхэлсэн. Одоо бодоход миний хувьд бэлтгэл их хийж байсан үе. Долоо хоногт нэг удаа л амардаг байсан санагдаж байна. Өдөр бүр дуулдаг байсан болохоор чухал орон зайг эзэлсэн, хүндлэхгүй байж чадахгүй багш юм.
-Никитонд хэр их хугацааг өнгөрөөв. Тэднээс өрх тусгаарлахаар шийдэхэд ах нар нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Никитон хамтлагт 3-4 жилийг өнгөрөөжээ. Тэдний 25 жилийн ой гэх тоглолт цэнгэлдэх хүрээлэнд болсон шүү дээ. Тэр том тоглолтоос би их зүйлийг сурч, мэдэж авсан. Баачка ахаас дуулалт, өөртөө анхаарч буй байдал, бэлтгэл гэх мэт бүхий л зүйлээс нь суралцаж байлаа. Баачка ахдаа өрх тусгаарлана гэдгээ хэлэхэд их дэмжсэн. "Чиний өөрийнхөө уран бүтээлийг хийх үе болсон" хэмээн дэмжсэн юм. Ингэж л бие даан уран бүтээл хийх замнал эхэлсэн.
-"My Voice"-д орсон Ч.Мишээл болон одоогийн Ч.Мишээл хооронд хэр их ялгаа байна?
-Маш их ялгаа бий. Өдөр бүр бэлтгэл хийдэг байсан нь намайг бага багаар сайжруулсан. Одоо ч би өөрийгөө хангалттай чадвартай хэмээн боддоггүй. Бэлдсээр л байна. Энэ хугацаанд урам хугарсан, хугараагүй, итгэл найдвараа алдсан, олсон бүх мэдрэмжүүд өнөөдрийг намайг бий болгосон. Дандаа сайхан зүйл тохионо гэж байхгүй шүү дээ.
-Дуучин болъё хэмээн эргэлт буцалтгүй шийдсэн үе тань хэзээ бол?
-Би сэтгэл зүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ мэргэшиж, ажиллах чин хүсэлтэй. Залуу нас болон гоё боломжийг алдахыг хүсээгүйдээ мөн "Яг түүн шиг" шоу өөртөө итгэх итгэлийг маань нэмсэн тул эхний хэдэн жилдээ уран бүтээлээ эрч хүчтэйгээр хийе гэх бодол төрсөн. Одоогоор бүхий л насаараа уран бүтээл гаргах эсэхээ шийдээгүй.
-Хэв маягт баригдахгүйгээр уран бүтээл хийхийг хүсдэг-

-Ярилцлагын сэдвээсээ бага зэрэг хазайя. Шинэ дуун дээрээ бүжиглэж байна билээ. Та хэр сайн бүжигчин бэ?
-Би бага наснаасаа л урлагийн үзлэгт оролцож байсан. Дунд, ахлах анги болон оюутан байхдаа ч ялгаагүй, оролцсоор л байсан юм. Мундаг бүжигчин гэж өөрийгөө тодорхойлохгүй. Хөдөлгөөний эвсэл байгаа байх. Дуундаа зориулж ч бүжгээ бэлдсэн. Squadz хамлагийнханд талархаж байгаагаа энэ үеэр хэлмээр байна. Халуун дулаан уур амьсгалаар бүжгийг маань дэглэж, бэлдэж, зураг авалтыг амжилттай дуусгасан.
-Шинэ дуугаа гаргахад хэр их хугацааг зарцуулсан бэ?
-Хоёр сарын турш зөвхөн энэ дуун дээр ажилласан.
-Таны хувьд дуулах хэв маягаа олсон гэж өөрийгөө тодорхойлох уу?
-Хүмүүс нэг төрлийн дууг сонсдог гэж би боддоггүй. Төрөл бүрээс өөрт таалагдсанаа сонсдог байх. Миний хувьд янз бүрийн дуу сонсдог. Рок, вальс, хид хоп, поп гэх мэт. Тиймээс өөрт таалагдсан төрлийн дуугаа дуулахыг хүсдэг. Хэв маягт баригдахгүйгээр.
-Яг түүн шиг шоуны дараагаар олны анхааралд өртөх нь нэмэгдсэн. Үүний улмаас хувь хүний тань төлөвшил тань өөрчлөгдсөн үү?
-Мэдээж хэрэг өөрчлөгдсөн. Их сургуульд орох гээд аав ээжийнхээ гараас хөтөлж байсан охинтой харьцуулахад аливаа зүйлд яаж, хэрхэн хандах, харилцах гэх мэтээс эхлүүлээд л өөрчлөгдсөн гэж бодож байна. Учир нь энэ салбар уян налархай бус хатуу салбар. Чадна, чадахгүй гэдэг дээр тогтдог. Тиймээс надад сэтгэл зүйн хувьд олон төрлийн мэдрэмж төрдөг.
-Олон нийт өөрийг тань ямар уран бүтээлчээр хараасай гэж хүсдэг вэ?
-Уран бүтээлч хүн үргэлжид шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэхүйтэй, шинэ зүйлийг гаргаж ирдэг байх хэрэгтэй гэж боддог. Ингэхдээ тэр бүх зүйлээ сайнаар илэрхийлэх хэрэгтэй. Тиймээс хүмүүст шинэлэг бүтээл хүргэхийн тулд ажиллахыг зорьдог. Ямар уран бүтээлч болохыг нь олон нийт тодорхойлох байх.
-Нэг хэсэг таныг "эмэгтэй Серёжа" гэж хочилж байсан. Тухайн үед тоглолтоо хийнэ гэх мэдээлэл ч цацагдсан. Та хэзээ тоглолтоо хийх вэ?
-Артист хүн бүр өөрийн дуунуудаа хүмүүст хүргэж, сонсогчидтойгоо цагийг өнгөрөөхийг хүсдэг. Миний хувьд ч ялгаагүй. Өөрийн уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа болохоор одоогоор тоглолтын тов байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн шүү Мишээл
Мишээл мундаг
Бүх насаа манай найз Молорт зориул