БОАЖЯ: Буйр нуурын загас үхсэн хэсэгт хөрсний бохирдол их байна

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлуудтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Энэ үеэр Буйр нууранд загас олноор үхсэн асуудлын шинжилгээний хариуг хэлсэн юм.
Тэдний зүгээс "Буйр нуурт 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр хорогдсон байна. Хорогдлын шалтгаан нь өвчлөл.
Өвчилсөн загасны амны орчимп идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, биеийн гадаргуу хайрс хооронд улаан толбо үүссэн байна.
Загас ихээр хорогдсон хэсэг болох Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авсан. Ингэхэд нэг грамм хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн байв. Мөн гэдэсний бүлгийн савханцар, өвчин үүсгэгч илэрсэн тул хөрс нь бохирдол ихтэй гэх урьдчилсан дүгнэлт гарлаа" хэмээлээ.
Мөн нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа тул уух, усанд орохыг хориглох, тэжээвэр амьтдаа уяатай байлгах, өвчилсөн загас идэхгүй байх зэргээс сэргийлэхийг анхааруулсан юм. Түүнчлэн загас үхэж буй шалтгааны эцсийн шинжилгээний хариу гартал үхсэн, устгасан загасыг бүртгэж, дээж авч шинжлэх ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.