Фрагиас Василиус: Бид “Ченгду 2021”-д тоглосон баг бүрээ хожих гэж очно

“Ченгду-2021” дэлхийн оюутны Универсиад спортын их наадам БНХАУ-д 7 дугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болно. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек Улсын иргэн Фрагиас Василиус ажиллаж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Бэлтгэл нь сайн хангагдаж байна уу. Ямар шатандаа явж байна вэ?
-Тамирчпынхаа бэлтгэлд сэтгэл хангалуун байна. Залуу тамирчидтай харилцахад юмыг хурдан сурдаг болохоор их сайхан байна. Бэлтгэл сайн байна.
-“Ченгду-2021” дэлхийн оюутны Универсиад спортын их наадамд оролцох багийнхаа тамирчдыг таныг өөрөө сонгож авсан гэж сонссон. Та багийнхаа тамирчдад ямар шаардлага тавьж сонгов?
-Сүүлийн хоёр улиралд Монголд ажилласан болохоор тоглогчдыг ерөнхийдөө мэдэж байсан. Хэн нь яаж тоглодог, ямар онцлогтой гээд мэднэ. Тэгээд Монгол дасгалжуулагчидтайгаа ярьж байгаад тамирчдаа сонгосон.
-Багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн төрөлд Монгол залуусын авьяасыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Тамирчин бүр өөрийн гэсэн онцлог, авьяастай. Яг багаар ажиллах тухайд залуу тамирчдын хувьд үндсэн суурийг нь дутуу тавьснаас болоод ч юм уу дамжуулах, шийдвэр гаргах зэрэгт нь ажиллах шаардлага байгаа. Сурах зүйл маш их бий. Тэмцээн болоход сар гаруй хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд маш сайн бэлдээд тэмцээндээ оролцоно.
-Нууц биш бол та дасгалжуулагчийн хувьд энэ тэмцээнд ямар зорилго тавиад байна вэ?
-Энэхүү спортын их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийн шилдэг 16 улсын шигшээ баг оролцоно. Монгол Улс "B" зонд Румын, Аргентин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын багтай тоглоно. Эсрэг багийнхны хувьд “27 хүртэлх насны тамирчид тоглоно” гэдгээс өөр мэдээлэл одоогоор алга. Ямар тамирчин ирэх нь тодорхойгүй байгаа учраас тамирчдаа судлах, тоглох арга барилыг нь мэдэх аргагүй байна. Гэхдээ бид тоглосон баг бүрээ хожих гэж очно. Тийм ч зорилготой байгаа.
-Өмнө нь та ямар багтай хамтарч ажиллаж байсан бэ?
-Би 38 жил мэргэжлийн түвшинд дасгалжуулагчаар ажиллаж байна. Грек улсын дээд лигт 17 жил баг дасгалжуулсан. Катар Улсын шигшээ багийг гурван жилийн хугацаатай дасгалжуулаад, түүхэнд нь анх удаа Азийн аваргад тавдугаар байрт оруулсан. Энэ нь тухайн үедээ маш том амжилтад тооцогдож байсан. Кипр Улсын багийг дасгалжуулаад Европын цомд шилдэг дөрвөн багт шалгаруулсан. Амжилтуудынхаа хэсгээс цухас дурдвал ийм байна. Үүнээс гадна хэд хэдэн улсын багийг дасгалжуулж байсан түүх бий.
-Монголыг сонгох болсон шалтгааныхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Ковидын шалтгаанаар 3, 4 сар ажилгүй байх үед Монголоос надтай “Эрдэнэтийн уурхайчид” баг холбогдож, санал тавьсан. Монголын сагсан бөмбөгийн талаар ямар ч ойлголтгүй байсан болохоор шийдвэр гаргахад надад хэцүү байсан. Монголоос холбогдсон багийнхантайгаа ярилцсаны эцэст, шинэ зүйлийг туршихаар шийдсэн. “Яагаад Азийн оронд очиж, ажиллаж, амьдарч, шинэ зүйл туршиж болохгүй гэж...” гэж бодоод шийдвэрээ гаргасан. Монголд 12 дугаар сарын сүүлчээр, шөнө ирж байсан. Монгол надад маш их таалагдсан. Цаг агаараас эхлээд хэцүү зүйлүүд зөндөө байсан ч хурдан дасаж, ажиллаж чадсан.
-Та түрүүн дурдсан шүү дээ, Монгол тамирчид суурийг нь тааруу тавьснаас үүдэн шийдвэр гаргахад удаан байна гэж. Тэгвэл нөгөө талаас Монгол залуусын онцлог давуу тал юу байна вэ?
-Монгол залууст сурах хүсэл, эрмэлзэл маш их байна. Энэ нь бол том давуу тал. Хэчнээн сайн дасгалжуулагч, хэчнээн сайн заал, хангамж байлаа гээд залуус нь, тамирчид нь сурах хүсэл эрмэлзэлгүй бол хэцүү шүү дээ. Миний зорилго бол тамирчдынхаа толгойд нь юм хийх. Сагсан бөмбөгийн талаарх ойлголтыг өөрчлөх, талбай дээр хэрхэн бодох, шийдвэр гаргах гэх мэтэд нь өөрийнхөө туршлага, мэддэгээ эдгээр залуустай хуваалцахыг хүсэж байна. Монгол тамирчдыг өөр түвшинд хүргэхийг зорьж байна.
-Та ийнхүү өөрийнхөө туршлага, мэдээллийг хуваалцахдаа бэлтгэлийн үеэр ямар зарчим баримталж байна вэ?
-Дасгалжуулагчийн хувьд хамгийн их анхаарч ажиллаж байгаа зүйл нь хамгаалалт юм. Багаараа хамгаалалтыг маш сайн хийвэл тоглолт бүр дээр хожих боломжтой. Довтолгоо бол яах вэ дээ, амжилттай байх нь ч бий. Зарим үед амжилтгүй нь ч бий. Харин хамгаалалт бол хожих боломж байдаг. Тиймээс хамгаалалт дээр түлхүү төвлөрдөг. Өдөр бүр хүүхдүүддээ ямар нэгэн шинэ зүйлийг хийлгэхийг хичээдэг. Тэр утгаараа өдөр бүр бэлтгэл дээр шинэ зүйл бэлдэж, ирдэг. Өдөр бүр л толгойд нь шинэ зүйл хийж өгч, өдөр шат ахисан зүйлийг бэлтгэл дээр тамирчдаараа хийлгэхийг хүсдэг.
-Аливаа спортод амжилт гаргахад хангамж, спонсор маш чухал байдаг шүү дээ. Энэ тал дээр та бүхэн хэр байна вэ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Дэмжлэг сайн байснаар тамирчдын бэлтгэл хийх нөхцөл дагаад сайжирдаг. Сайн орчинд бэлтгэл хийснээр дагаад үр дүн, бүтээмж ч нэмэгдэнэ. Тамирчдын сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлд ч энэ нь эергээр нөлөөлдөг. Биднийг энэ тэмцээнд оролцоход 22 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Капитрон банк дэмжин ажиллаж байна. Банк өөрийн үйл ажиллагааны нэг зорилго болгон спортыг дэмжиж байгаа нь тун талархууштай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр шүү дээ. Баярлаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.