80 настай Б.Жалбаа: Сур харваагаар 48 жил хичээллэж, улсын наадамд 20 дахиа орж байна
Наадмын өдрүүд үргэлжилж байна. Эрийн гурван наадмын нэг болох сурын хана харвааны эхэн, дунд өрөг Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр боллоо.
Бид 48 жил сур харваагаар хичээллэж буй Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Монгол Улсын Үндэсний сурын хүндэт харваач Б.Жалбаатай ярилцлаа. Тэрбээр өдгөө 80 настай, монголын хамгийн ахмад харваач ажээ.
-Энэ жилийн баяр наадамд 600 гаруй харваач оролцож байна-
-Сайн байна уу. Сайхан наадаж байна уу. Энэ жилийн Улсын баяр наадамд хэчнээн харваач цэц мэргэнээ сорьж байна вэ?
-Энэ жилийн баяр наадамд 600 гаруй харваач оролцож байгаа юм. Онцолж харвал 16-17 үеэр харваачид эгнэсэн байгаа юм.
-Баяр наадамд оролцож буй харваачид хэдэн насныхан байна вэ?
-Насанд хүрэгчдийн харвааны тэмцээнд 18-аас дээш насны харваачид оролцдог юм. Хамгийн өндөр настай харваачдын хувьд Хүндэт мэргэн н.Рэнцэнханд бид хоёр л байна даа.
-Таны бодлоор энэ жилийн баяр наадам ямар онцлогтой болж байна?
-Сүүлийн өдрүүдэд тэнгэр хангай хур нэлээн хайрлаж, Улаанбаатар хотод үер усны байдал хурцдаж, нэлээн сандаргалаа. Гэвч баяр наадам өргөн дэлгэр сайхан болж хүн зоны сэтгэл санаа ч амгалан тайван наадаж эхлүүллээ.
-Харваачид чансаагаараа оролцож буйгаараа онцлог-
-Сур харвааны хувьд ямар онцлогтой байна вэ?
-Манай Монголын томоохон тэмцээнүүдэд мянган харваач оролцох бол их тоо биш. Ер нь Монгол наадмыг хоёр мянга хүртэлх харваачид өнгөлөх хэмжээний тамирчид бий.
Гэвч энэ жилийн наадамд харваачид чансаагаараа оролцож буйгаараа онцлог байлаа. Энэ нь Улсын чанартай тэмцээнүүдээс оноо цуглуулж үзүүлсэн амжилтынхаа дарааллаар эрэмбэлэгдсэн юм. Улмаар 600 гаруй тамирчин наадамд оролцлоо.
-Сур харваагаар хичээллээд хэдэн жилийн нүүрийг үзэв. Хэдэн удаа Үндэсний их баяр наадамд оролцсон бэ. Амжилтаасаа хуваалцаач?
-Би 1975 оноос хойш өнөөдрийг хүртэл сур харваагаар хичээллэж байна. Харваатай нөхөрлөөд 48 жил болсон үзсэн гэсэн үг.
Харин Үндэсний их баяр наадамд 20 гаруй жил оролцож буй. Хэдийгээр 80 насыг зооглож байгаа ч сур харваагаа орхиж чадахгүй байна. Үндэсний баяр наадамдаа оролцохгүй л бол сэтгэл дундуур санагддаг юм.
Миний хувьд Улсын холимог багийн тэмцээнд мөнгө, хүрэл медаль болон шагналт байруудад удаа дараалан орж байсан юм. Мөн аймаг сумын олон тэмцээнд амжилт үзүүлж байлаа.
-Шавь нараа хэрхэн харваж байгааг ойроос ажиж, багшийн хувьд заавар зөвлөгөөгөө өгч суугаа минь хамгийн чухал-
-Наадмын өглөөг хэрхэн угтсан бэ. Сая эхний өрөгт сум тавьсан. Ямар амжилтыг үзүүлэв?
- Наадмын өглөө догдлолтой босож ирлээ. Ер нь жилийн жилд л догдлол дүүрэн байдаг даа. Сая эхний өрөгт сум тавилаа. Үндэсний бөхтэй адилтгаж харвал нэгийн даваандаа барилдсан гэсэн үг.
Найман сум тавихдаа дөрвийг нь онолоо. Ер нь 50 хувьтай л байна. Энэ л надад хангалттай. Гол нь оролцох шүү дээ. Үүнээс гадна энэхүү наадамд шавь нар минь оролцож байна. Тэднийгээ хэрхэн харваж байгааг ойроос ажиж, багшийн хувьд заавар зөвлөгөөгөө өгч суугаа минь хамгийн чухал ажил болоод байна.
-Шавь нар нь хэрхэн оролцож байна. Бэлтгэлээ сайн хангасан гэж бодож байна уу?
-Наадмын бэлтгэлд бүх харваачид гардаг. Бидний хувьд Өвөрхангай аймгийн “Их Өв” клубийн хүрээнд тусгайлан бэлтгэлд гарсан. Харваачид маань бэлтгэлээ хангалттай базаасан гэж бодож байна.
Үндэсний баяр наадмаас гадна аймгийн наадмуудад оролцож буй шавь нар бий. Зарим нь түрүүлсэн гэж дуулдсан. Тэднийхээ баярт мэдээг сонсоод давхар баярлаж суух сайхан байна.
-Үндэсний баяр наадамд хэнийг түрүүлээсэй хэмээн хүсэж байна вэ?
-Хэн нь ч түрүүлж болно. Гэхдээ Даян мэргэн н.Пунсалдуламаа даяар дурсагдах мэргэн болчих ч юм билүү гэж бодох шиг. Цолоо ахиулах байх хэмээн харуулдаж сууна даа.
-Наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Үндэснийхээ баяр цэнгэл наадамд ёс зүйтэй, өндөр үзэл сурталтай оролцож, сайхан наадаарай гэж ерөөе дөө.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадмаар Ганц будлиангүй болдог зүйл нь энэ юм даа