ЭнтертайнментЯрилцлага

Г.Анударь: МИНИМАЛИСТУУД цаг завтай, төвлөрч чаддаг, бүтээлч бас шуналгүй байдаг

“Юу амьдралд нь үнэ цэнэ нэмж буйг хүмүүст ойлгуулахад тусалдаг хэв маяг бол минимализм. Өөрөөр хэлбэл, эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, зөвхөн гарцаагүй чухал зүйлсээр өрөөгөө дүүргэх вэ хэмээх асуултын хариултыг минимализм танд өгдөг”

Минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж нэрлэдэг. Тэд ийм хэв маягаар амьдрах нь эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, зөв зүйлд анхаарал хандуулж, зорилго, зорилтуудаа илүү тодорхой болгоход тусалдаг гэж үздэг. Хамгийн наад зах нь нүүж суухад ч тун хялбар болдог байна. Сүүлийн үед олон оронд залуус энэ хэв маягийг сонгон, өөрийгөө минималист хэмээн тунхаглах болсон билээ” хэмээн “Минималим” арга хэмжээ эхэллээ.  

Энэ удаа бид Олон улсын алдартай зохиолч, “Минимализм” гэх ойлголтыг шинэ түвшинд аваачсан гэж дэлхийд үнэлэгдэх болсон, 23 хэл дээр орчуулагдсан amazon.com-ийн бестселлэр “Good Bye, Things” номын зохиолч, минималист Фүмио Сасакиг эх орондоо урьж “Minimalism” нэртэй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Г.Анударийг урьж ярилцлаа.

Тэрбээр уг арга хэмжээг аавынхаа элэгний эмчилгээнд хандив цуглуулахаар зохион байгуулсан бөгөөд алдарт зохиолчийн номыг уншиж дуусаад энгийн нэгэн и-мэйл бичсэнээр тэдний гайхалтай аялал эхэлжээ.

ХҮН БҮР ӨӨР ӨӨРИЙН ХУВЬД МИНИМАЛИСТ БОЛЖ ЧАДНА

-Минимализм хүмүүсийн амьдралд орж ирэх хэрэгцээ шаардлага юу байв аа? Яагаад хүмүүс энэ хэв маягт татагдах болсон тухай яриагаа эхэлье

-Юуны өмнө намайг урьж ярилцаж байгаа та бүхэнд баярлалаа. “Minimalism” эвенттэй холбоотойгоор та бүхэнд анх ярилцлага өгч байна. Уг эвентийг зохион байгуулснаас хойш долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд минимализмын талаар ном уншиж, минималист амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзаж, энэ талаар судалсан. Монголчуудын хувьд нүүдэлчин хэв маягтай амьдарч байсан, одоо ч хагас нүүдэлчин. Байнга нүүдэллэж явдаг байсан тул минимал хэв маяг аргагүй шаардагддаг. Тиймээс энэ бол бидний амьдралд байсан л зүйл. Гэвч одоо суурьшмал хэв маягт шилжчихсэн тул минимализм гэх ойлголтыг зайлшгүй ярих шаардлагатай болж. Минимализмыг бүр ухаад ярих юм бол маш их юм бий.

Хүмүүсийн амьдралд маш олон талын ач холбогдолтой. Ерөнхийд нь хэлбэл, энгийнээс энгийн л болно гэсэн үг. Байж болох хамгийн энгийнээрээ хүн амьдарна. Хүний амьдрал гэдэг энгийн, хүний хэрэглээ энгийн, хүний амьдралын чиг баримжаа зорилго өөр болчихоор хүнд нэгдүгээрт маш их цаг гарна. Хоёрдугаарт, маш их юм бодож толгой тархиа цэнэглэж, ихийг боддог болно. Мөн эрүүл мэндэд ээлтэй, байгаль дэлхийд ч ээлтэй юм. Учир нь тухайн хүн хог эд материалаасаа салж, түүнийг сонирхож цуглуулаад байхаасаа илүүтэй, хэрэгтэй эд зүйлдээ төвлөрч чаддаг болно гэсэн үг. Ганц эд материал бус оюун санааны хувьд өөрийгөө цэгцэлнэ. Тиймээс хүн их энгийн болно.

-Минималист болох хамгийн эхний алхам юу байх вэ? Тухайлбал, хүмүүс минималист болно гээд хамгийн түрүүнд хамаг юмаа гаргаж шидчихээд дараа нь оюун санааны хувьд бүрэн төлөвшөөгүй тул хайран юм болох тохиол бий. Тиймээс эхлээд яах ёстой вэ?

-Минималистууд их олон шалтгаанаас болж энэ хэв маягийг сонгон амьдардаг юм билээ. Тухайлбал, мөнгөтэй баян болоод хүссэн бүх л эд материалаа худалдан авч чаддаг болохоор тэр бүхнээсээ уйддаг гэх нэг шалтгаан. Хоёрдугаарт, маш их юм цуглуулсаар, түүнийгээ хянаж чадахгүй болох. Тухайлбал, би яг тийм хүн, жижигхэн цаасан дээр “баярлалаа” гээд бичээд өгсөн ч түүнийг нь цуглуулна, киноны тасалбар, зурагт хуудас гээд л нэг дор маш олон юм цуглуулсаар ядардаг. Хүний тархи тийм их зүйлийг хариуцаж явах чадвар муу. Яг л 1000 нохой тэжээж байна л гэсэн үг. Түүнийгээ тэжээж чадахгүй, тоосонд даруулаад л байлгаад байдаг гэсэн үг. Хэтэрхий их эд зүйлсээ хянаж чадахгүй болсон хүмүүс бий.

Нөгөөтэйгүүр аяладаг хүмүүс минималист болсон тохиолдол их. Аялаад байхаар авч явах юм нь их багасдаг, эд материалд шунах шунал нь багасдаг.

Япончуудын хувьд газар хөдлөлт ихтэй, байгалийн гамшиг их тохиолддог бүс нутагт амьдардаг. Тийм хүмүүс нэг удаа байгалийн гамшиг болоход хамаг л эд зүйлсээ алдаж үзэж байгаа тул бидний амьдралд эд материал тийм ч хэрэгцээтэй биш юм гэдгийг амьдралаараа ойлгосон байдаг.

Энэ мэт олон шалтгаанууд байдаг. Миний хувьд дэлгүүр орох бүртээ ямар нэгэн юм авдаг, сард нэг удаа даашинз худалдаж авдаг нэгэн байв. Гэсэн ч кино үзэхээр гарахад өмсөх юмгүй шиг санагддаг. Гэтэл маш их хувцастай, байгаа хувцаснаасаа зөв сонголт хийгээд өмсөж чадахгүй. Зарим авсан юмаа ч мартчихдаг, хаана байгааг нь ч мэдэхгүй гэх мэт контролгүй болчихдог.

Үргэлжилж буй тодорхой процессыг ойлгож чадаагүй хүн минимализмыг ойлгож чадахгүй. Яг маргааш нөгөөдрийнхөө ажлыг хийгээд, хоолоо залгуулаад явж байгаад шууд л өнөөдрөөс минималист болно гэвэл хэцүү шүү дээ. Тиймээс энэ бол тодорхой түвшинд эхлээд минимализмыг ойлгож байж дараа нь минималист болох ёстой юм болов уу гэж би ойлгодог.

Фүмио Сасаки ч мөн маш их эд зүйлс цуглуулдаг нэгэн байж. Тэр нь өөрт нь ямар ч хэрэггүй. Хэтэрхий их эд зүйл цуглуулсан тул аливаад төвлөрч чаддаггүй. Орой гэртээ очоод л нэг шил шар айраг уугаад унтана. Өглөө нь хөглөрсөн гэртээ босоод, ажилдаа явна. Энэ мэтээр хүн бүтээлч бус болдог юм байна гэдгийг онцлон ярьж байсан.

-Нөгөө талаас минимализмыг жаахан уйтгартай эсвэл маш их дурсамжийг шууд хаяхыг шаарддаг гэх сөрөг хандлага ч бий. Үүнийг хэрхэн тайлбарладаг вэ?

-Үнэхээр ч минималист хувцаслалт ихэвчлэн нэг болон хоёр өнгөөр дагнах нь голцуу. Хар цагаан, саарал болон биеийн өнгүүд хоорондоо маш сайн зохицдог тул минималистууд энэ өнгийг сонгож хэрэглэдэг. Миний хувьд Саруултөгс, Оюу гэх мэт монголд алдартай минималистуудын ярианаас сонсоход “Хүн бүр өөр өөрийн хувьд минималист болж чадна. Тэр нь заавал нэг чанга хатуу зүйлд баригдана гэсэн үг биш. Хамгийн гол нь зөв зүйлдээ л төвлөрч чаддаг болох хэрэгтэй” гэх. Дэлгүүрт цамц авах гэж ороод гутал аваад гарч ирэхээсээ илүүтэй, яг хэрэгтэй байгаа цамцаа л авдаг тэр ухааныг минимализм гэх.

Уйтгартай гэдгийн тухайд хөгжилтэй, сонирхолтой байх үүднээс өнгөөр дагнаж хувцасладаг минималистууд ч бий. Тухайлбал, ногоон, цайвар ногоон, номин ногоон зэрэг өнгүүдийг цагаантай хослуулж болно. Ингэж өөртөө кайф авах байдлаар минималист байж болно. Гол нь зөв зүйлдээ төвлөрч, зөвөөр ойлгох л ёстой.

Минималистуудаас анзаарсан өөр нэг зүйл бол тэд цаг зав сайтай байдаг. Дэлгүүр дэмий хэсэхийн оронд гоё юм үзэх, нэг илүү зүйл сурах, нэг хэл нэмж судалъя, өөрийгөө хөгжүүлье гэх мэтээр амьдралаас таашаал авах нь ихэсдэг. Мөн эд зүйлсийн хойноос хөөцөлдөж, байртай болохсон, машинтай болохсон, тийм гуталтай болохсон гэх мэт бодлууд ч багасдаг шиг санагдсан.

Таны амьдарч буй өрөөнд танд яг л хэрэгцээтэй 100 гаруй эд зүйл л байна. Хувцас, хэрэглэл, гал тогоо, ном дэвтэр нийлээд шүү дээ. Тиймээс өрөө тань маш цэлгэр бөгөөд цэмцгэр харагдана. Хоёрдугаарт, орой эрт унтаж, өглөө эрт сэрэх, найз нөхөдтэйгөө гэртээ уулзаж суух зэрэгт төвлөрөл нэмэгддэг юм гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

БИ 100 ХУВЬ ЭКСТРИМ МИНИМАЛИСТ АМЬДРАЛААР АМЬДАРЧ БАЙГАА ГЭЖ ХЭЛЭХГҮЙ, ГЭХДЭЭ МАШ ИХ ХИЧЭЭЖ БАЙГАА

-Минималистууд долоо хоногт дунджаар хэдэн хувцас өмсдөг вэ? Жирийн амьдралын хэв маягтай хүмүүс мэдээж өдөр тутамдаа 1-2 хувцас сольж өмсдөг шүү дээ?

-Яг долоо хоногоор тооцож үзэхгүй хэлбэл, дунджаар 30 орчим л хувцастай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд үдэшлэгт өмсөх хувцас гэж тусдаа байлгахаас илүүтэй өдөр тутамд өмсдөг хувцсаа гоёл чимэглэлээр өөрчлөх эсвэл хооронд нь зохицуулж өмссөнөөр уйтгартай байдлаас зайлсхийж, олон төрлөөр өмсөж болдог.

-Эдийн засгийн давуу тал их үү? Нэг худалдан авахдаа чанартайг авдаг тул эсвэл эсрэгээрээ юу?

-Эдийн засгийн давуу тал гайхамшигтай их. Минимализмыг ойлгочихсон хүн буцаад их эд зүйл цуглуулдаг хэв маяг руугаа ордоггүй юм билээ. Би тийм жишээ огт харж байгаагүй. Мэдээж маш чанартай, олон удаа хэрэглэгдэх зүйл авна. Түүнийгээ хэдэн жилдээ өмсөнө. Хоол хүнсний тухайд супермаркет руу ороод зөвхөн иддэг зүйлээ л авна. Гэрт хүн ирж магадгүй тул тавгийн чихрээ сольчихъё, хүн ирэхэд зүгээр юм үүнийг аваад хадгалчихъя гэх ойлголт тэдэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, ирээдүйг урьдчилан тааварлаж юм худалдаж авахаа больчихдог. Өнгөрсөнд биш, ирээдүйд биш, яг одоо цагтаа л амьдарч байгаа юм. Яг одоо надад юу хэрэгтэй байна, гутал байна уу, байна, тийм бол гутал авах хэрэггүй. Гэрт хонины, үхрийн, гахайн, тахианы мах бүгд байх шаардлагагүй, яг хэрэгтэй нь аль вэ, тэр л байна. Ийм л энгийн учир эдийн засгийн хувьд маш давуу талтай.

Миний хувьд 100 хувь экстрим минималист амьдралаар амьдарч байгаа гэж хэлэхгүй, гэхдээ маш их хичээж байгаа. Маш сайн ч ойлгодог болсон. Өнгөрсөн долоо хоногт Японоос ирсэн зохиолчтойгоо хамт амьдарч, удаан цаг хугацааг өнгөрүүлсэн тул энгийн амьдарч, хэрэглээ бага байх тусмаа л тайван амьдардаг юм гэдгийг ойлгосон.

-Минималистууд хэрэглэгээ хязгаарладаг гэдэг. Цахим орчны хэрэглээг хэрхэн зохицуулдаг вэ?

-Цахим орчны хэрэглээг маш их багасгана. Ялангуяа гар утсан дээрээ татаж авдаг хэрэгтэй, хэрэггүй аппликэйшнүүдийг устгаж, яг хэрэгтэй цөөн хэдэн платформыг хэрэглэнэ. Гэхдээ нөгөө талаар одоогийн минималистууд их бүтээлч тул цахим орчинг их ашигладаг. Влог хийнэ, блог хөтөлж, инстаграммд зургуудаа оруулна. Яг шаардлагатай үедээ л утсаа оролдохоос байнга ухаад суухгүй.

Миний анзаарсан бас нэг зүйл бол минималистууд маш их зураг авдаг. Юм цуглуулахгүй учир таалагдсан зүйлсийнхээ зургийг авч, өөрийнхөө дурсамжийг хадгалдаг.

Минималист гэхээр гуйлгачин шиг амьдарна гэж хүмүүс ойлгох хандлага заримдаа бий. Гэвч үгүй. Эд хогшилгүй гэдэг нь ядуу гэсэн үг биш. Яг л өөрт хэрэгтэй зүйлсээ авч, чанартай амьдрах гэсэн санаа. Би минималист гээд 3310 бариад явах биш, үнэхээр шаардлага байгаа юм чинь хамгийн сүүлийн үеийн утсыг ч барьж болно шүү дээ.

ФҮМИО САСАКИ РУУ И-МЭЙЛ БИЧСЭН. ГЭТЭЛ ӨГЛӨӨ НАДАД ХАРИУ ИРЧИХСЭН БАЙВ

-Сая таны зохион байгуулсан арга хэмжээний тухай цөөн хором ярилцъя. Та яагаад уг арга хэмжээг зохион байгуулах болов?

-Монголд минимализмын тухай гарын таван хуруунд багтах ном бий. Бусад улс орнуудад энэ тухай ном хэвлэл цөөнгүй байдаг. Манайд Мари Кондо, Фүмио Сасаки гэсэн хоёр хүнийг минимализмын төлөөлөгч гэдэг утгаар нь ойлгоод явж байгаа. Би Фүмио Сасакиг Монгол улсдаа урьсан. Түүний эхний ном нь дэлхийн 23 оронд, хоёр дахь ном нь зургаан хэл дээр орчуулагдан гарсан. Эхний ном нь Монголд орчуулагдаж Аз хур болон Интерном номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.

Урьсан шалтгаан минь нэгдүгээрт, манай улсад минимализмын төлөөлөгчид гаднаас ирж байгаагүй. Хоёрдугаарт, хандив босгох зорилготой байсан.

-Уучлаарай, хандивын талаар анх удаа сонсож байна. Ямар учиртай хандив байсан бэ?

-Манай аавын элэгний хагалгаанд зориулсан хандивын үйл ажиллагаа байсан. Би анх номыг нь сарын өмнө уншиж дуусгасан. Уншиж дууссан нь даруйдаа Фүмио Сасаки руу и-мэйл бичсэн. Гэтэл өглөө нь гэхэд надад хариу ирчихсэн байв. Би ч их шоконд орлоо. Энэ мундаг хүн над руу яагаад ийм хурдан хариу илгээв ээ гэж их гайхсан. Харин Фүмио Сасаки өөрөө Монголд ирэхийг маш их хүсдэг байсан төдийгүй хандив босгох үйл ажиллагаа тул дэмжихийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Ингээд долоохон хоногийн дотор тасалбараа захиалаад ирэхээр боллоо. Би ч монголд байгаа минималистуудыг судалж, хүмүүсийг хэнийг сонирхож уншиж буй талаар судалгаа хийж эхэлсэн. Ингээд партнер “Brainstorm” компанийн Одко ахтайгаа хамтарч илтгэгчдийнхээ жагсаалтыг гаргасан. Үүнд:

НЭГТ. Монголын комедиан, Фаро сургалтын төвийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Идэр-Од.

ХОЁРТ. Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгсийг урьж эмх цэгц талаас нь тухайлан ярив.

ГУРАВТ. Минималист Блоггер, Стилист Оюу эгч эмэгтэйчүүдэд дизайн талаас зөвлөгөө өгсөн.

ДӨРӨВДҮГЭЭРТ. Японы шинэ Минимализмын зохиолч Фүмио Сасаки миний саналын дагуу номынхоо талаар гэхээсээ илүүтэй минимализмаар дамжуулан хүн хэрхэн аз жаргалтай амьдарч болох тухай ярьсан.

Яг энэ арга хэмжээг зохион байгуулахаас өмнө би Монголд ер нь аз жаргалтай амьдрах боломж бий юу, тэр боломж нь минимализм буюу амьдралын хэв маяг мөн үү гэдэг асуултад хариулт авах санаатай санал тавьсан. Гэвч Фүмио Сасаки “Би Монголд амьдарч үзээгүй учир мэдэхгүй байна. Гэхдээ өөрийн өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд хэрхэн амьдарч байгаа тухай, аз жаргалтай байгаа талаараа илүү зөвлөгөө өгье” гээд маш шинэлэг арга хэмжээ болсон гэж үзэж байна.

ФҮМИО САСАКИ МОНГОЛЧУУДЫН ХЭЛНИЙ ЧАДВАРЫГ ИХ ҮНЭЛСЭН

2019.10.23

-Фүмио Сасакигийн хувьд Монгол улсад ирсэн сэтгэгдэл ямар байв?

-Ирсэн зорилго нь их сонирхолтой. Монголд ирж морь унаад, од хараад, гэрт хонох л хүсэлтэй байсан. Нөгөөтэйгүүр, энгийн нэг охин мэйл бичихэд хүсэлтийг нь хүлээж аваад шууд Монголд ирсэн нь дэлхий ертөнц өөрөө ямар минимал болсныг баталж өгсөн том жишээ шиг санагдсан. Фүмио Сасаки Монголчуудын хэлний чадварыг их үнэлсэн. Манай Монголчууд маш мундаг Япон хэлтэй болж, яг л Япончууд шиг төгс эзэмшсэн япон хэлтэй хүмүүс байна гэж надад хэлж байсан. Манай арга хэмжээнд ихэвчлэн залуус ирсэн тул тэр хүн мөн маш их баярлаж байгааг нь харж байлаа.

Бидний аав ээжийн үеийнхэн минимализмыг ойлгоход жаахан хэцүү. Учир нь айл болгоны тагтан дээр хураачихсан хог байдаг. Тухайн үед бид картын бараагаар амьдарч байсан тул минимализмыг ойлгуулахад төвөгтэй. Япон улсад ч мөн яг л манайхтай ижил нөхцөл байдалд минимализмыг хүмүүс амьдралынхаа хэв маягийг болгосон юм билээ.

https://www.facebook.com/parkrigi127/videos/814711705649621/

-Монгол улсын жилийн дөрвөн улиралтай, улирал бүрт өөр нэг хувцас сольж өмсөх шаардлагатайгаас эхлээд хөрсөн дээр буухад хүндрэлтэй гэж хүмүүс үздэг.

-Хүн бүр өөрийнхөө хувьд минималист байх нь зөв. Монголчуудад тохирохгүй, энэ бол гадны үзэл санаа, бид нүүдэлчид байсан учир угаас минималист, одоо ч тэгж амьдарч байна гэх зэрэг буруу ойлголтуудтай байдаг. Минимализмын гол утга учир бол оюун санаа, эд хогшлоо цэгцлэхдээ “Надад яг юу хэрэгтэй байна вэ” гэдгээ л ойлгох гэсэн санаа. Дөрвөн улиралд зориулсан дөрвөн гуталтай байж болно, гэхдээ түүн дээрээ нэмээд цуглуулаад байдаггүй, хэрэглэхгүй байж гэртээ хөглөрүүлээд байдаггүй л бол дөрөв эсвэл таван гуталтай байх нь таны асуудал.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-31 08:43

yamar huurhun egch ve amjilt

Зочин
Зочин
2019-11-23 22:36

Kkk, uuruu yuruusuu minim#list haragdahgui bn

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 14:16

Cialis In Apotheke http://buyciaonlinex.com/#12 - Buy Cialis Diflcan Cheap Cialis Amoxicillin Induced Rectal Impaction

StevSlarie
StevSlarie
2020-02-04 01:26

Levitra Prix En Medecine http://buycialisuss.com - cialis 20mg price at walmart Cialis Y Aspirina Cialis Prezzo Cialis 10 Mg Farmacia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-12 10:00

Assunzione Levitra http://cheapcialisir.com - Cheap Cialis Cialis 20mg Online Cheap Cialis Viagra Prix Conseille

Холбоотой мэдээ

Back to top button