Top StoriesСурвалжилга

Монголд цор ганц БӨӨГИЙН МУЗЕЙ: Гавлын яс, эхэсээр хийсэн аяга, 300 жилийн түүхтэй хэрэглэлүүд

Дэнжийн 1000-ын эцсийн буудал орчим, уул өөд нарийхан жалгаар өгссөөр Монголын анхны бас цор ганц Бөөгийн музейд ирэв. Даруухан үл анзаарагдам 130 м.кв талбай бүхий энэ жижигхэн байшинд 18 дугаар зуунаас хойшхи бөө мөргөлийн түүхийг өгүүлэх 200 гаруй эд өлгийн зүйлсийг цуглуулан дэлгэжээ.

Шилэн хоргонд бүхий л дагалдах хэрэгсэлтэй нь өлгөсөн эдгээр хувцас бол 100-300 жилийн настай бөөгийн дээл. Хамгийн олон жилийн түүх өгүүлэх арьсан дээлийг удган хүн хэрэглэж байжээ. Оёдол шаглаа, уяа бүч, зан үйлтэй холбоотой чимэглэл нь сүрдмээр аж. Харин энэ хоргоос урд байрлуулсан шагайн чимэглэл бүхий дээл харын бөөгийнх. Хажууд нь дархад нутагт ид шидээ гайхуулж явсан Баглаан удганыг түүх домог, эд өлгийн зүйлсийг ийн харуулж.

Цаашлаад энд гавлын ясаар хийсэн аяга, эрхи, хүний эхэсээр урласан аяга, 200 жилийн настай бөөгийн тэвш, 100-300 жилийн түүхтэй шар, хар бөөгийн хувцас хэрэглэл, сэтэр, толь, хатавчны онго он цагаараа төрөл бүрээрээ байна. Бахархах бас хүндлэх бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөх аж, энд.  

-Т.Ангар зайран: Бөө гэдэг амьдрал өөрчилдөг бирд, салгаж, нийлүүлж, баян болгодог засал огт биш-

Энэ бүхнийг Т.Ангар зайран 2018 оноос эхлэн цуглуулж, бөөцийлсөөр өдгөө монголын бөө мөргөлийн түүхийг бүрэн дүүрэн өгүүлж чадах “Mongolian shaman” музейг бүтээн байгуулжээ. Бид түүнтэй товч ярилцлаа.

-Юуны өмнө танд баярлалаа. Бид сонсож, харж байгаагүй үүх түүхийнхээ өв соёлыг эндээс харах боломж бүрдүүлжээ. Энэ бүхэн тийм ч амархан бүтээгүй л болов уу?

-2018, 2019 онд миний бие санаачлан, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үлэг гүрвэлийн музейтэй хамтарч “Балар эртний цадиг” 1, 2 гээд үзэсгэлэн гаргасан. Ингэхдээ 21 аймгаас бөөгийн дээл хувцас, эд хэрэглэл цуглуулж олон нийтэд дэлгэж харуулсан. Учир нь монголчуудын соёл уламжлал, тэнгэр шүтлэг бол бүх нутагт байсныг харуулж, говьд бөө байдаггүй, ганцхан Хөвсгөлд л бий гэх мэт ойлголт нийтлэг байсныг залруулах, уламжлалт тэнгэр шүтлэг ямар баялаг, ямар уран нарийн, дэг жаягтай байсныг мэдрүүлэхийг зорьсон.

Миний багш есөн үе дамжсан зайран хүн байсан. Надад өвөг дээдсээс ирсэн нандин шүтээн, эд өлгийн зүйлс байсан. Тэгээд үзэсгэлэнгээс хойш өөрөө нэмж цуглуулж эхэлсэн. Ингээд 4-5 жил цуглуулж байгаад ийм нэг байшин барьж, музей болголоо.

Та хэцүү байсан уу гэж асуулаа. Хийж эхэлж байхдаа багшаасаа асуусан. Тэгэхэд чам шиг энэ олон онгод тэнгэр орхигдсон, эзэнгүйдсэн эд зүйлсийг цаг зав, мөнгө төгрөгөө зориулаад цуглуулж, тахих хүн ховор. Олон мянган онгод тэнгэр миний хүүд баярлаж байгаа. Чи сайн явна. Чам руу эзэнтэй, эзэнгүй эд зүйлс өөрсдөө ирнэ гэсэн. Нээрээ ч тэрнээс хойш санаандгүй тохиолоор олон сайхан үзмэртэй болсон. Энэ музейн онцлог бол хувь хүмүүсээс, хандив тусламж, сүсэг бишрэлээр ч гэдэг юмуу нэг ч үзмэр аваагүй. Бүгдийг нь эртний эд цуглуулдаг хүмүүс болон дэлгүүрээс сураглаж хайж худалдаж авсан. Жилдээ нэг удаа бүгдийг нь тахиж, идээ будаа бэлдэж ёсолдог.

-Маш их он цагийг илээсэн дээл хувцас, эд зүйлс харагдаж байна. Яг энэ л байдлаараа хадгалагдаж ирэв үү, та засч янзлав уу?

-Бөө мөргөлийн хэрэглэл, эд зүйлсийн онцлог нь дийлэнхдээ даавуу, арьс, ноос байдаг учраас он цагийн явцад элэгдэж үгүй болох эрсдэлтэй. Яг одоо энэ гурван танхимд 200 гаруй үзмэр дэлгэсэн байгаа. Мэдээж уяа зангилааг бөхөлж тогтоох, хагарсан хугарсныг эвлүүлж залах жижиг сажиг ажил хийгдэнэ. Хамгийн гол зүйл нь монголчуудын уламжлалт тэнгэр шүтлэг бөө мөргөл амьдрал ахуй, өдөр тутамд өргөн дэлгэр хэрэглэгдэж, энэ соёл нь нүүдэлчдийн оюун ухаан, зан суртахууныг төлөвшүүлж байсан. Бөө мөргөл хамгийн өндөр соёл ёс суртахуунтай буюу төрт ёсны шүтлэг болтлоо хөгжсөн газар монгол улс. Тэгэхээр үүнтэй холбоотой соёлын биет болон биет бус өвийг авч хадгалж, хамгаалья гэж зорьсон. Яг ингээд музейгээ байгуулаад ирсэн чинь монголчууд өөрсдөө бус гадаадын судлаачид, эрдэмтэд, оюутнууд зорьж ирэх болсон. Энд гадны ертөнц төдийгүй монголчууд бидний хайгаад байгаа олон асуултын хариулт бий.

-Үнэхээр маш сонирхолтой юм. Тэнгэр шүтлэгтний хувцас хунар, онго шүтээн ийм юм байдгийг олон хүмүүс ирж үзээсэй гэж бодож байна?

-Яг эртний уламжлалаараа олдсон эд зүйлс л дээ. Өнөөдөр бөө мөргөлийн үндсэн том соёл нь алга болж, янз янзын зохиомол хувцас, зан үйлийг гаргаж ирж байна. Гэгээн саруул оюун ухаанаар судлаад үзвэл үнэхээр гайхамшигтай өв уламжлалтай ард түмэн шүү дээ, бид. Монголчуудын уламжлалт сургаал ямар ч шашнаас илүүтэй ёс суртахууны хүмүүжил өгнө. Нүүдэлчин монголчууд энэ соёл уламжлалаараа хүмүүжиж ахуйн болоод нийгмийн боловсрол олж авч байсан. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг чинь монгол түмний ёс суртахууны дээд хэмжүүр нэгэн төрлийн том соёл. Улс төр, нийгэм, мал аж ахуй, дом ширэг, анагаах ухаан гээд зүйлтэй нь холбогдсон уялдаатай тэнгэрлэг ухаан байсныг бид ойлгох хэрэгтэй.

Түүнээс биш хэн нэгний амьдралыг өөрчилдөг бирд, мөнгө төлөнгүүт баян болгодог салгадаг засал ном хийдэг зүйл огт биш. Ийм өчүүхэн багаар хөгжиж буй нь харамсалтай санагддаг учраас үүх түүх, өв соёлоо таниулахаар өөрийн хэмжээнд ажиллаж байгаа минь энэ.

-Танд хайгаад ч олдохгүй байгаа эд зүйлс олон уу. Бас хав дарсан үзмэрүүд бий юу?

-Түүхтэйгээ холбоод судлаад үзэхээр устаж үгүй болсон эд хэрэглэл их байна. Заримыг нь орлуулж хийж үзмэрт гаргаж байна. Бас үйл ажиллагаагаа өргөжихөөр гаргах эд зүйлс бас бий, бий. Одоо Өвөрмонголоос Тангийн үеийн толь ирнэ. Унгараас бөөгийн дээл ирнэ. Гадаадын олон оронд хувь хүмүүст ч, музейд монголын бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой эд өлгийн зүйлс бий. Боломжоороо эргүүлж олж авахыг хичээж байна. Бөөгийн нэг таяг 5 сая, нэг ширээ 500 мянган төгрөгийн үнэтэй, авах уу гээд л асууж байна. Нэгэнт л зориод явж байгаа учраас өр зээл тавиад л авна. Өөр арга байхгүй. Эртний эдлэлийнхэн намайг андахгүй мэднэ. Бөөгийн холбогдолтой зүйл гараад ирэхээр л залгаж хэлдэг.

“Mongolian shaman” музейг үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Монголчууд өөрсдөө тэр бүр зорин ирээд байдаггүй эл музей гадаадын олон орны судлаачид, эрдэмтдийн зорин ирэх дуртай газар аль хэдийн болжээ.

ОХУ-ын эрдэмтэд, Унгар улсын угсаатны музей, Унгарын түүхийн ухааны доктор, Израйлын их сургуулийн угсаатны танхимын профессор, БНТУ-ын эрдэмтэн, Казахстаны сэтгэл судлалын хүрээлэнгийн доктор, Англи, Америк, БНСУ, Франц, Тайланд, ХБНГУ, Польш, БНХАУ зэрэг дэлхийн орон орноос сэтгэл судлал, угсаатан, түүх судлаач, оюутнууд нийслэл Улаанбаатарын Дэнжийн 1000-ын уулын энгэрт орших энэ жижигхэн гайхамшигт байшин руу ирсээр байна.

Мөн Т.Ангар зайрантай дөрвөн улсын телевиз ирж, нэвтрүүлэг бэлдээд явж. Тэрбээр удахгүй дэлхийд нээлтээ хийх Монгол хааны тухай кинонд урилгаар бөөгийн зөвлөхөөр ажиллаад иржээ.

Өөрөөр хэлбэл монголдоо магадгүй бүр дэлхийд цор ганц бөөгийн музейг, монгол бөөгийн соёл уламжлалыг хадгалж, тахин шүтэж яваа Т.Ангар зайрангийн бүтээсэн энэ үзмэр цуглуулга гадаад ертөнцийн анхааралд хэдийн оржээ.

Дашрамд дурьдахад, "Mongolian shaman" музейг Т.Ангар зайран үнэ төлбөргүй үзүүлдэг юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 1, 2023 09:10

Мундаг сайхан мэдээ байна. Мөнх тэнгэр ивээг...

Зочин
Зочин
8 сар 1, 2023 23:12

Бузар нүгэл шүгэлсэн эд юмс

ТангоТанго
ТангоТанго
8 сар 2, 2023 10:20

Очиж үзнэ. Бөө мөргөлийн тухай сонирходог.

Uynga
Uynga
8 сар 2, 2023 19:29

Haana baidag we vzej nolohuu

Амар
Амар
8 сар 4, 2023 08:10

Чөтгөрүүдийг нь очиж хөөж �######�уулъя даа

Зочин
Зочин
8 сар 4, 2023 09:42

Хаяг хаана вэ

Зочин
Зочин
7 сар 18, 2024 21:48

байршил хаана вэ?

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
9 сар 20, 2024 11:31

Очиж үзнэ ээ

Зочин
Зочин
10 сар 10, 2024 05:49

Сайн байна уу бөөгийн музей хэд дахь өдөр хэдээс хэдэн цагийн хооронд онгойдог вэ?

Холбоотой мэдээ

Back to top button