Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: "Үерт урссаны дараа 127 дугаар сургууль руу орж үзүүлэх гэсэн ч үзэж өгөөгүй"

Дарь-Эхийн шинэ эцэст үерийн дараах ажил ид өрнөнө. Халдвараас сэргийлж цагаан хувцас өмсөж, гартаа хүрз барин ажиллах алба хаагчид энд тэндгүй. Тэдэнтэй зэрэгцэн өөрсдийн амины орон сууц, хашаа, зам дагуух хог, лаг шавраа цэвэрлэх иргэд хамт ажиллана. Тэдэнд алба хаагчид шиг халдваргүйжүүлэх хувцас өмссөн тохиолдол байсангүй. Иргэдийн хувцас шаварт будагдаж, хааяа нэг уртаар санаа алдаж, цэвэрлэгээ хийнэ. Тэдэнд одоогоор бохир, цэврийг ялгах сэхээ авах завдал үгүй.

Үерт урссан гэрүүдээс бүрэн бүтэн нь үгүй. Цагаан эсгий ч шавартай хутгалдаж, хаалга, тооно, хана, унь угсарсан тоглоомыг нураасан аятай энд тэндгүй цацарсан байв. Модон, төмөр төрөл бүрийн хашааг ч үерийн ус ялгаж харьцаагүй ажээ.

Иргэд урсалгүй үлдсэн тавилга эд зүйлсээ хашааныхаа ойролцоо овоолж цуглуулсан зураглалтай. Гадна 25 хэмийн халуун. Өдөржингөө шавар шавхайтай зууралдах алба хаагчид болон иргэд хувцсаа ч бүрэн гүйцэд өмсөхөө болив. Хувцасныхаа цээжин хэсгийг бүсэлхийгээрээ уяж, хөлсөө арчсаар дахин шавар хүрздэж эхэлнэ.

Эргэн тойронд ачааны машин, ковш, ус цацаж, тоосжилтыг багасгаж байлаа. Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын гэх мэт 20 гаруй машин цувж, хамгаалалтын хувцастай 200 гаруй алба хаагчид ажиллах, дуу чимээ ихтэй энэ зураглал зөвхөн Дарь-Эхэд бий.

-Я.Пүрэвжав: 127 дугаар сургуульд үзүүлэхээр очиход хөлөөрөө зүгээр алхаж байна хэмээн үзэж өгөөгүй-

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэдийг Нийслэлийн 127 дугаар сургуулийн түр хороонд байрлуулж байгаа хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Тэгвэл тухайн хорогдох байранд хүн байсангүй. Тиймээс гудамжинд байх зарим иргэдтэй ярилцав. Өөрт байх бүхий л хөрөнгөө алдсан, олон жилийн хөдөлмөр нь урссан гэх мэт асуудлыг ярих хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол Я.Пүрэвжав билээ. Тэрбээр цайны газраа нээгээд хоёр дахь сартайгаа золгосон байлаа.

-Та цайны газраа хэзээ нээсэн бэ?

-Би зургаадугаар сараас эхэлж, цайны газраа ажиллуулсан. Эгч нь энэ орчмын байгууллагуудаас өдрийн хоолны захиалга авч, өдөрт 300-500 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байсан юм. Нээгээд удаагүй гэхэд хангалттай санагдаж байв. Хувь хүнээас хүү багатай мөнгө зээлж, 10 сая төгрөгөөр цайны газраа байгуулж байсан юм. Мөн зургаан сая төгрөгөөр гал тогооны хэрэгслээ авсан. Сандал, ширээтэй болтлоо айлын ширээ сандал ашиглаж байлаа. Тэр маань хүртэл урсаад алга болчихсон. Хүнээс авсан л юм чинь буцаагаад төлж л таараа. Яадаг ч юм байгаа юм. Цайны газар байгуулах гээд төсөлд хамрагдахад "Ажлын байраа эхлээд барьчих улсаас хоёр жилийн баталгаатай гурван төхөөрөмж өгнө" гээд хөргөгч, бууз жигнэгч, печь гурвыг өгсөн.

­-Өөрийн газартаа цайны газар барьсан уу?

-­Үгүй ээ. Энэ газрыг сарын 600 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм.

-­Хэчнээн ажилтантай байсан бэ?

-­Хоёр хүн ажиллуулдаг байсан. Нэг нь зааландаа, нөгөө нь гал тогоондоо ажилладаг байлаа.

- Бороо ордог өдөр та өөрөө хаана байсан бэ? Ажилчид нь байсан уу?

-Бороо ордог өдөр би ажил дээрээ байсан. Үерлэхэд сэндвичин барилгатайгаа хамт урссан юм. Ширээн дээрээ гарч суугаад ч ус хүзүүгээр татаад байсан. Үер болдог өдөр орлого муу байсан тул ажилчдаа буулгачихсан, ганцаараа байсан хэрэг.

-­Үерийн улмаас өвдөж байгаа болон бэртэж гэмтсэн газар байгаа юу?

-­Нэг талын хөл гар өвдөж байгаа. Тэр өдрөөс хойш толгой эргэж, өвдөж, даралт ихсэх шинж тэмдэгтэй байна. "127‑р сургууль руу ороод хөл болон гар өвдөөд байна аа" гэхэд "Хөлөөрөө зүгээр л алхаад явж байна шүү дээ" гээд үзэж өгөөгүй.

­ -Үерийн улмаас учирч буй хохирлоо та нэг тодорхойлбол?

-Хүнээс зээлэн барин хамгийн хямд төсвөөр гээд арван саяар босгосон цайны газар маань тэр чигтээ урсаад байшин нь 2 хуваагдаад дотор нь байсан бүх зүйлс урссан. Өнөөдрийн 500 гаруй мянган төгрөгийн орлоготой цүнх, банкны пос машин, ширээ сандал, гал тогооны хэрэгсэлүүд, хоол зээлж бичүүлсэн хүмүүсийн өрийн дэвтэр, өчигдөрхөн авсан 800 мянган төгрөгийн хоолны материал, халбага сэрээ гээд бүгд урссан. Үлдсэнээс гэвэл хоёр хөргөгч нэг хөлдөөгч л байна.

­-Цайны газар ажиллуулахаасаа өмнө та юу хийдэг байсан бэ?

-­Би өөрөө тогооч мэргэжилтэй. Урьд нь улсын байгууллагад тогооч хийдэг байсан.

­-Таны гэр хаана байдаг вэ. Хэдүүлээ байдаг вэ?

-­Манайх энүүхэнд холгүй байгаа. Айлын хашаанд сарын 200 мянган төгрөгийн түрээс төлж, дөрвөн ханатай гэртээ нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Айл нь заримдаа хөөнө, тогоо төлж чадалгүй гурав хоноход л тасалчихдаг нь жаахан хэцүү. Манайх хотод 2011 онд орж ирээд 2014 онд нөхөр маань автомашины осолд орсноор нурууны суулттай болж, нэг нүд нь их бүдэг хардаг болсон. Нөхөр маань хүнд хүчний ажил хийж чадахааргүй болсон бөгөөд бичиг үсэг мэддэггүй, боловсролгүй гээд ажил олддоггүй. Том хүүхэд маань 11 настай, бага маань хоёр нас хүрч байгаа. Манай бага хүүхэд төрөхийн хүндрэлээр төрсөн болохоор дандаа эмнэлгээр явдаг. Эмнэлгийн хяналтанд байдаг, сэхээнээс саяхан гарч ирээд арай гайгүй болоод ажил хийж байгаа нь энэ байсан юм.

­-Мөнгө зээлүүлсэн хүн нь мөнгө яаралтай нэхэж байна уу?

-­Зээлүүлсэн л юм чинь авах цагтаа авна л гэсэн дээ. Өдөр өдрөөр хүүгээ бодоод өгөөрэй л гэсэн. Одоо надад ажлын байр байхгүй болчихлоо. Хэрвээ тусламж өгч болдог бол ажлын байрыг маань босгоод өгчихвөл боллоо. Би ажилтайгаа эргээд залгачихвал хүмүүсийн өрөө төлж, амьдралаа залгуулаад явна даа.

‑Зохих ёсны байгууллага болон хорооноос өгч буй туслаж, дэмжлэг бий юу?

­-Хүнсний талонд уйлан барин орж байсан. Гэтэл цайны газартай болсны дараахан талоноос хасна гэж байв. Одоо арай ч хасчихгүй байлгүй дээ. 68 мянган төгрөг ч гэсэн хүнд их мөнгө шүү дээ. Ард иргэд болон төрөөс ажлын байрыг маань л босгоод өгчихвөл ажлаа хийгээд амьдармаар л байх юм. Одоо хүүхдүүдэд маань идэх хоол хүнс байхгүй. Өчигдөр арын айл маань хоол хийж өгсөн. Хүн чинь нэг удаа хоол хийж өгнө, хоёр удаа хоол хийж өгнө, гурав дахь удаагаа хийж өгнө гэж байхгүй шүү дээ.

‑Ярилцсанд баярлалаа

-"Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн"-

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ш.Мөнхцэцэг дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр "Манай дүүргийн 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар ажиллаж байна. НОК-ын Шуурхай штаб болон үерт өртсөн иргэд байрлаж байгаа 127 дугаар сургууль дээр нэг баг ажиллаж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 5-наас хойш гурван ээлжээр гурван баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Мөн дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд өндөр настан, хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг гэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүн бүрд хүрч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 20 гаруй айлаар орж, тусламж үзүүлсэн" хэмээлээ.

-А.Дашням: Бид 85 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна-

Тэгвэл Дарь-Эх дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн ОБГ-­ын дарга, хурандаа А.Дашнямтай үерийн голомтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Тэрбээр “Үерийн гамшиг үүссэнээс хойш хоёр дахь өдрөө ажиллалаа. Хор уршгыг арилган сэргээн босгох ажлыг мэргэжлийн алба, байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. Мөн зэвсэгт хүчний анги байгууллагаас 200 гаруй алба хаагч, цагдаа, онцгойгын алба хаагчид ажиллаж байна. Үерийн усанд нийт 300 гаруй айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага өртсөн ба 32 га газрыг хамраад байна. Бидний хувьд үндсэн төлөвлөсөн ажлынхаа 85 хувийг гүйцэтгээд ажиллаж байгаа.

Одоогоор айлуудын хашаанд байгаа лаг шавруудыг зайлуулах, зөөвөрлөх, ариутгал халдаргүйжүүлэлт хийх, орон гэргүй болсон айлуудыг орон байраар хангах, үерийн эсдэлтэй бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж эрсдэлгүй бүсэд буулгах гэсэн ажлуудыг төлөвлөөд бэлтгэл ажлууд явагдаж байна” хэмээлээ.

Ц.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 8, 2023 12:45

Иймхэн юмнаас болоод нийт эрүүл мэндийн ажилчдын нэр хүнд ундаг ганц хүнийг үзээд явуулчихгүйдээ бас л үерт хохирсон нэгэн бсан бнашдээ

Холбоотой мэдээ

Back to top button