УЛС ТӨР

1.3 ИХ НАЯДЫН ЗОДООН: Урагшгүй УИХ, ухаантай АМНАТ төлөгчид

-ЦЭЦ ДЭЭР УНАСАН ЗААЛТУУДЫГ ТҮШИГЛЭЖ, 2020 ОНД 1.3 ИХ НАЯДЫГ ОЛОХООР ТӨСӨӨЛЖЭЭ-

Үндсэн хуулийн цэцийн  их суудлын хуралдаанаас /2019.10.30/ АМНАТ-ийг  тэр чигт ХҮЧИНГҮЙ болгох шийдвэр гаргав. Ингэснээр 2020 оны төсвийн АМНАТ-өөс олох 1.3 их наяд төгрөг сох дутах эсрдэл үүсч буй. Ийм эрсдэл үүссэн гол шалтгаан нь, УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа /2019.03.26/ зарим төрлийн татварыг давхардуулан ногдуулах зохицуулалт оруулсан байдаг.

Улмаар цэцийн дунд суудлын хуралдаанаар /2019.06.28/ уг заалтыг түдгэлзүүлж, УИХ хүлээж авахаас татгалзсан /2019.07.16/ билээ. Хачирхалтай нь үүнээс хойш уг хуулийн заалтуудыг засах ажлыг ГУРВАН САР гаруй хугацаанд УИХ хийгээгүй. Бүр 2020 оны төсөвтөө цэц дээр унасан заалтуудаа үндэслэн, 1.3 их наяд төгрөгрийг АМНАТ-аас олохоор төсөөлөөд байв.

Гэтэл цэц их суудлын хуралдаанаараа ирэх оны төсвийг боохоос ердөө 15 хоногийн өмнө хуулийн заалтыг хэлэлцэж, дунд суудлын шийдвэрийг хэвээр үлдэв. Ингэснээр өмнө нь давхардсан бус байдлаар АМНАТ төлж байсан ААН-үүд хүртэл татварын тэг хэлбэрт шилжиж, “башийх” нөхцөл байдал үүслээ.

АМНАТ-аас 2017 онд 847.7 тэрбум, 2018 онд 1.04 их наяд, 2019 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Уг тоон үзүүлэлт 100 тэрбум орчмоор өсч 2020 онд төсөвлөгдсөн нь давхар татварын ногдлоос үүдэлтэй юм.

ХАРДЛАГА: З.ЭНХБОЛДЫН ДҮҮГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛЬЧ ЦЭЦЭД ГОМДОЛ ГАРГАСАН УУ

Ийм хардлага сошиал орчин болон улс төрийн хүрээнд яригдаж буй. Цэцэд иргэн С.Баярмаа АМНАТ-ын асуудлаар хандсан. Иргэн С.Баярмаа нь ЕТГ-ын дарга З.Энхболдын дүү З.Хишигжаргалын хамаарал бүхий гэгддэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс угаах “СТРАТО” үйлдвэртэй хамааралтай эсэх баримт нотломжгүй билээ.

Нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН юм. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр юм.

АМНАТ-ийн  хуулийн өөрчлөлт нь нүүрс угаах замаар экспортод гаргагчдад  татварын хүндрэл үүсэх нөхцөл байдал бий болгосон. Улсдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийхээ  төлөө Монголын нүүрсийг түүхийгээр нь гаргаад, хилийн чандад угаагч гадны компаниудаас илүү ачаа үүрэхийг хэн ч  хүсэхгүй.

Яг энэ өнцгөөс монголд томоохон нүүрс угаах үйлдвэр барьсан З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийг цэцэд гомдол гаргасан гэж хардах нөхцөл байдал үүссэн бололтой.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

Мэдээж Засгийн газар улсын төсвийн орлогоо өм цөм дундлуулахыг хүсэхгүй. Тэгэхээр өнгөрсөн хавар нойрмог нүдээр батласан хуулиа эргэн харж, яаралтай дэгээр өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг.

Бүр тодруулбал, 2020 оны төсвийг эцэслэн боохоос өмнө хуулийн солиу гажуугаа засч,  АМНАТ-өөс чөлөөлөгдөх боломжийг хуулийн хүрээнд хаах өөрчлөлт хийгдэхээр яригдаж байна.

Их суудал дээр алх тас цохигдож, гэнэтийн нөхцөл байдал үүссэн нь нэг талаас УИХ хэт чадамжгүй, хайнга байдлаар хууль баталсны хор уршиг. Нөгөө талаас Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг авлига авсан, улс төрийн нөлөөлөлд өртсөн, улс орноо хорлосон гэх  хардлага нийгэмд үүсэв.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button