Спортын тэмцээнийг дэмжих нэрийдлээрх сонгуулийн сурталчилгаа
Наадмын дараа аймаг, сумдын ойн баяр болж, гэнэт л тойргоо санасан улстөрчид энд тэндгүй яваа зургаа цахим орчинд постолсоор. Зарим нэг нь идэвхтэйгээр хаана явж, хэнтэй уулзсанаа мэдээлэх бол зарим нь усанд хаясан чулуу шиг ор сураггүй.
Мөн өөр нэгэн хэсэг нь өчигдрөөс албан ажилдаа орж эхэлсэн бололтой. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Хотын дарга Д.Сумъяабазарын 1000 өдрийн ажлын тайлан дээр байсан билээ.
Тэгвэл орон нутгаар яваа УИХ-ын гишүүдэд нийтлэг ажиглагдсан хэдэн зүйл бий. Ойн байр, наадам, шагнал гардуулж, иргэдтэй уулзахаас гадна спортын тэмцээн, өдөрлөг зохиох явдал байв. Тодруулж хэлбэл, эрүүл мэнд, спортыг дэмжих нэрийдлээрх сонгуулийн шинэ сурталчилгааны арга юм.
УИХ-ын 73 гишүүнээс дараах найман гишүүн тодорхой шагналын сан бүхий спорт тэмцээнүүдийг зохион байгуулжээ.
Ж.Батжаргалын Адуучин тэмцээн.
Тэрбээр адуу дагасан өв соёлыг хөгжүүлэх үүднээс адуу маллах арга ухааныг өвлөж яваа залуусын дунд Аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.
Ч.Хүрэлбаатарын хамгийн өндөр шагналын сантай гар бөмбөгийн тэмцээн.
Ч.Хүрэлбаатар Үндэсний их баяр наадмын дараагаар нутгаа зорихдоо хамгийн өндөр шагналын сантай волейболын тэмцээнийг зохион байгуулсан байна. Тодруулбал, нэгдүгээр байр 10, хоёрдугаар байр 7.5, гуравдугаар байр таван сая төгрөгийн шагналын сантай байжээ. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд дээрх хэмжээний шагналыг өгчээ.
Ж.Батсуурь болон Н.Ганибал:ын иргэдтэй уулзах үеэрээ хурдан морины уралдаан зохион байгуулна.
Тэдний хувьд тойрогтоо ирэх сард ажиллах бөгөөд хуваариа ч хэдийн цахим хаягаараа олон түмэнд мэдээлэв. Энэ үеэр тойргийнхоо Баяндэлгэр сумын Хонгор багт төвийн барилгын нээлт, Түвшинширээ сумын Дэлгэрхаан баг, Баяндэлгэр сумын Баян баг, Онгон сумын Нүдэн багийн төвд Хүндэтгэлийн хөшөөний нээлт болохтой холбогдуулж хурдан морины уралдааныг зохион байгуулах ажээ.
Г.Дамдиннямын 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн.
Г.Дамдинням тойрогтоо буюу Дархан-Уулдаа Спрайт 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулах болсон гэдгээ мэдээлэв. Эл тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ.
Б.Жавхлангийн унадаг дугуйн тэмцээн.
Сангийн сайд Б.Жавхлан ч эл аргыг сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг болгон ашигласан бололтой. Түүний сонгосон спорт бол унадаг дугуйн спорт юм. "Дархан-88" наадамд энэ жилийн хувьд 50 гаруй клубын 400 орчим тамирчин өрсөлдсөн ажээ. Наадамд 12-75 насныхан өрсөлдсөн байна. Зарим оролцогчдын хувьд түрүүлсэн багт 100 мянган төгрөг өгсөн хэмээж шүүмжлэлтэй хандаж байсан юм. Ямартай ч Сангийн сайд Б.Жавхлан эл тэмцээнийг дэмжин ажилладаг ажээ.
УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг.
Дээрх эрхмүүд дундаа хамгийн урт хийгээд сүржин цол гуншинтай нь Ц.Мөнхцэцэг гишүүн юм. Түүний хувьд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаач дугуйн спорт сонирхогчдын дунд Сонирхогчдын улсын аварга шалгаруулах засмал замын тэмцээнийг зохион байгуулсан байдаг.
Ц.Тувааны байт харвааны тэмцээн.
Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд Гавьяат дасгалжуулагч Л.Жамъяансүрэн болон Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл нарын нэрэмжит байр харвааны тэмцээний үеэр шагнал гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Туваан орсон байдаг. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр түүнийг эл арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан гэх мэдээлэл байгаа юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.