21-р сургууль: Ачааллаас болж, 4-р ангийн бүх бүлгийг түрээсийн байранд хичээллүүлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тэгвэл энэ хугацаанд улсын зарим сургуулиуд ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал бий болсон тул түрээсийн байранд хичээллэх шийдвэрийг гаргаж эхэлсэн байна.
Тодруулбал, нийслэлийн Ерөнхий Боловсролын 21 дүгээр сургууль сурагчдын ачааллаа дийлэхгүйд хүрч, дөрөвдүгээр ангийн 500 орчим сурагчийг түрээсийн байранд хичээллүүлэх шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар тус сургуулиас тодруулахад ”Хүүхдүүдийн багтаамж хэтэрч, дөрөвдүгээр ангийн бүх бүлгээ түрээсийн байранд хичээллүүлэх гэж байгаа нь үнэн. Энэ асуудлыг холбогдох яам болон удирдах газрууд нь хүртэл мэдэж байгаа” гэв.
Тэгвэл, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “21 дүгээр сургууль бол ачаалал өндөртэй сургуулийн нэг. Өнгөрсөн хавар дүүрэг, нийслэл бүрээс сургалтын зориулалтаар ашиглаж болох байрнуудад судалгаа хийсэн. Ингэснээр “Эко Ази” сургуулийн байрыг түрээслэх боломжтой байсан учир түрээсийн зардал шийдэж өгөөч гэх хүсэлт ирүүлсэн. Тиймээс тухайн сургуулийн асуудалд ажлын хэсэг ажиллаж, түрээсийн байрыг нь шийдвэрлэж өгсөн” гэсэн юм.
Тус сургууль нь 1956 онд байгуулагдсан бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд хичээлийн шинэ байрныхаа нээлтийг хийж байсан билээ. Ташрамд дурдахад, тус сургуулийн шинэ байрны нээлтэд одоогийн Ерөнийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа оролцож байсан юм. Энэ үеэр нээлтийн үйл ажиллагаанд "Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудад гурван ээлжээр хичээллэх явдлыг халах зорилготой байгаа. Тиймээс энэ сургуулийн барилга ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн дөрвөн сургуулийн гурван ээлжийг халж байна" хэмээн ярьж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.