
Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийн зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ.
Тодруулбал, Өнгөрсөн оны есдүгээр сард зам тээврийн осолд 86 хүүхэд өртсөн. Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн. Ослын улмаас нийт 435 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, гэмтсэн тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээллээ.
Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд нийслэлийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үед хүүхдийн аюулгүй байдалд зайлшгүй анхаарах нь чухал гэдгийг Цагдаагийн байгууллагаас мөн анхааруулсан юм.
Бага насны хүүхдийн зам тээврийн ослын ихэнх шалтгаан хүүхэд харгалзах хүнгүй явах, хүүхдийг хүүхдээр нь зөөлгөх зэрэг эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүддэг талаар албаныхан хэлж байна.
Түүнчлэн их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс "Хичээл Эхэллээ" арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аян наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.