Африкийн Габон улсад төрийн эргэлт гарав

Габон улсын зэвсэгт хүчний офицерууд лхагва гарагт (2023.08.30) телевизийн өмнө мэдэгдэл хийхдээ одоогийн дэглэмийг зогсоон, төрийн эргэлт хийж буйгаа зарласан байна. Өнөөдөр тус улсын сонгуулийн төв Али Бонгог 64.27 хувийн санал авч гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж мэдэгдсэн юм.
Үүний хэдэн цагийн дараа офицерууд мэдэгдэл хийж тус сонгуулийн үр дүнг хүчингүй болгосон гэсэн байна. Габоны төрийг сүүлийн 14 жилийн турш Али Бонго удирдсан. Сонгуульд Бонгогийн гол өрсөлдөгч Альберт Онда Осса 30.77 хувийн санал авсан аж. Бямба гарагт (2023.08.26) болсон санал хураалтын дараа Онда Осса өөрийгөө зүй ёсны ялагч гэж мэдэгдэн, Бонгог сонгуулийн үр дүнг өөрчилсөн гэж буруутгажээ.

Санал хураалт явагдаж байх зуур Бонгогийн засгийн газар “худал мэдээлэл тарахаас сэргийлж” хөл хорио тогтоон, улс даяар интернэтийн хэрэглээнд хориг тавьсан. Даваа гарагт (2023.08.28) Ондо Оссагийн сонгуулийн кампанит ажлын менежер Майк Жоктане цус урсгалгүйгээр эрх мэдлээ шилжүүлж өгөхийг Бонгод хэлсэн юм.
Офицерууд мэдэгдэл хийхдээ “Манай улс институци, улс төр, эдийн засаг, нийгмийн ноцтой хямралыг даван туулж байгаа. Сая болсон сонгууль Габоны ард түмний хүсэн хүлээж байсан ил тод, найдвартай, хүртээмжтэй санал хураах нөхцөлийг хангаагүй. Бид одоогийн дэглэмийг таслан зогсоох замаар энх тайвныг хамгаалахаар шийдлээ. Ийм учраас 2023 оны наймдугаар сарын 26-ны өдрийн сонгуулийн санал хураалт болон үр дүнг цуцалж байна. Бүгд найрамдах улсынхаа бүх байгууллагыг татан буулгалаа. Үүнд Засгийн газар, Сенат, Үндэсний Ассамблей, Үндсэн хуулийн шүүх багтана” гэсэн хэлсэн байна.
Эх сурвалж: France24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.