НИЙГЭМНийгэм ярилцлага

Олон улсын сэтгүүлч К.М.Грималди: Пап Францисын Монгол дахь айлчлал дэлхийн анхаарлыг татаж байгаа

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд айлчилж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр дэлхийн 23 улсын 56 хэвлэл мэдээллийн 150 орчим сэтгүүлч эл айлчлалыг дамжуулахаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэдний нэг болох 14 жилийн турш сэтгүүлчээр ажиллаж буй К.М.Грималдитай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Кристиан Мартини Грималди гэдэг. Би Япон улсад сэтгүүлчээр ажилладаг. Ихэвчлэн Италийн хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонин болон радиотой холбоотой ажилладаг юм. Мөн би Азийн католик шашны томоохон хэвлэл мэдээллийн сайтад тоймч хийдэг. Бичдэг материалуудын маань дийлэнх нь Япон орны тухай байдаг.

-Та сэтгүүлчээр ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-Миний бие 2009 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Италийн католик шашны хэвлэл мэдээллийн газраас гараагаа эхэлж байсан юм. Мөн Ватиканы хэвлэл мэдээллийн газар 10 жил ажилласан. Ерөнхийдөө бол Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Монгол гэх мэт улсаар аялж, зочилж сурвалжилсаар байна.

-Яагаад сэтгүүлч, тоймч болохоор шийдсэн бэ?

-Их сургуульд байхад манай профессор миний бичгийн ажлыг хараад их үнэлж байсан юм. Профессор маань өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Тиймээс надад сэтгүүл зүйг таниулж өгсөн хүн хэмээн тодорхойлж болно. Ерөнхийдөө бол би шууд зорьж сэтгүүлч мэргэжилтэй болоогүй, харин бичээч, зохиолч л болохийг хүсэж байлаа.

-Сэтгүүлч байхын хэцүү болон сайхан зүйл нь таны хувьд юу вэ?

-Мэдээж бичиж байгаа бүх түүх мэдээнүүдэд олны мэдэхгүй зүйлс их бий. Тэр бүхнийг нарийвчлан бичиж, уншиж, тайлж, судалж мэдэх хэрэгтэй болдог. Байнгын суралцаж байдаг. Энэ маань л хүмүүст хүрж байгаа нь хэцүү хийгээд хамгийн сайхан нь юм.

-Та өмнө нь монголд зочилж байсан гэлээ?

-Олон жилийн өмнө аялахаар ирж байсан. Тухайн үед одоогийн нөхцөл байдлаас ондоо байсан юм. Өндөр барилга байшингүй, машин ч ийм их байгаагүй. Мөн агаарын бохирдол ч нэмэгдсэн байна. Эдгээр нь их хэцүү санагдаж байгаа.

-Одоо танд Монголд байх хугацаандаа хийж үзэхийг хүсэж байгаа зүйл бий юү?

-Тийм ээ. Би монгол хоол илүү их идэж үзмээр байна. Мөн өмнө нь ирж байхдаа хийж байсан шигээ морь унахыг хүсэж байна.

-Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айлчилж байгаа онцгой үе тохиож байна. Таны хувьд өмнө нь түүнтэй сэтгүүлчийн хувьд уулзаж байсан уу?

-Тийм ээ. Би өмнө нь түүнтэй уулзаж байсан. Ватиканы сонинд нийтлэл бичдэг байх үедээ уулзаж байлаа. Ер нь бол түүний тухай ном ч бичиж байсан юм. Энэхүү ном маань “бест селлер” буюу хамгийн их борлуулалттай ном болсон. Тиймээс испани, португал болон солонгос хэлээр орчуулж, хэвлүүлсэн.

-Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг Монголд айлчилж буйд таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж энэ бол Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж байгаа анхны тохиолдол юм. Тэр ч утгаараа их онцлог үйл явдал. Учир нь өмнө нь өөр пап Монголд айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч хөрш хоёр улс болох Орос, Хятадын талын эсэргүүцэлтэй тулгарсан хэрэг. Гэвч одоо ийнхүү айлчлал хийж байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button