Энэтхэг улс нарыг зорилоо

Наймдугаар сарын 23-ны өдөр Энэтхэг улс “Chandrayaan-3” хөлгөө сар дээр газардуулж, сар дээр хөлөг буулгасан дөрөв дэх улс, сарны хойд туйлд газардсан анхны орон болж түүхэн амжилт гаргасан.
Тэгвэл тус улс нарыг судлах “Aditya-L1” онгоцоо өчигдөр хөөргөсөн байна. Ингэснээр Энэтхэг сансар судлалын тал дээр дэлхийн томоохон гүрнүүдтэй эн тэнцэх чадварлаг улс гэдгээ харуулав. Тус хөлөг бямба гарагт (2023.09.02) Энэтхэгийн цагаар 11:50 минутад Шрихарикота баазаас хөөрсөн байна.
“Aditya-L1” нь дэлхийгээс 1.5 сая км зайд байрлан нарны бүтцийг судлах аж. Дэлхий нарнаас 150 сая км-ийн зайд оршдог билээ.
Одон орон судлаачид нарыг олон жилийн турш судалж ирсэн ч одоог хүртэл тайлагдаагүй асуултууд бий. Тухайлбал нарны хамгийн гаднах давхарга буюу, титэм гэж нэрлэгддэг бүтэц нь хэрхэн 1 сая цельс градус хүрдэг гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нарны гадаргуу 5,500 цельс градус температуртай байтал титэм 1 сая хэм хүрдэг нь хачирхалтай. Эрдэмтэд “Aditya-L1” хөлөг хэдэн арван жилийн турш тайлагдаагүй тус асуултын хариултыг олно гэж найдаж буй.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.