Гадаад мэдээДЭЛХИЙ

Тойм: Пап Францисын айлчлалаар БНХАУ иргэддээ хориг тавьсан ч байр сууриа зөөлрүүлжээ

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис есдүгээр сарын 1-нээс 4-ний хооронд Монгол Улсад айлчлаад буцсан. Монгол руу ирэх замд, БНХАУ-ын агаарын бүсэд явж байхдаа Францис Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд зориулж мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Тус мэндчилгээнд  “Монгол Улсыг зорин, танай орны агаарын бүсээр нисэж байхдаа эрхэмсэг ноён танд болон Хятад улсын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад орны сайн сайхны төлөө залбирч буйгаа баталж, эв нэгдэл, амар амгаланг адисалъя” гэж бичсэн юм.

Мөн Францис ням гарагт (2023.09.03) болсон талархал магтаалын ариун мөргөлийн үеэр “Нийт ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсэж, урагш тэмүүлэн, үргэлж ахиц дэвшил гаргаж байхыг хүсье. Мөн Хятад католик шашинтнуудад хандаж хэлэхэд, би та бүхнийг сайн Христэд итгэгчид, сайн иргэд байхыг хүсэж байна” гэж хэлсэн нь анхаарал татсан юм. Хонконгийн бишоп Стивен Чоу, мөн тус хотын кардинал Жон Тон Хон нар Францистай хамт, нэгэн дуугаар “Эрхэм БНХАУ-ын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлье” хэмээсэн байна.

Гаднын хэвлэлүүд Францис Монголд айлчлах болсон нь Ватикан болон БНХАУ-ын хооронд үүссэн харилцааны асуудалтай холбоотой гэж үзэж байгаа юм. Тэгвэл ямар учраас харилцаа муудаж, Францисын айлчлалын үеэр БНХАУ-д юу болсон талаар харцгаая.

Бишоп томилох эрх

БНХАУ албан ёсны шашингүй улс ч төрөөс тавьж буй хатуу хяналтын дор шашин шүтэхийг хуулиар зөвшөөрдөг. Католик шашин нь Хятадын төрөөс хүлээн зөвшөөрсөн таван шашны нэг. Гэхдээ олон арван жилийн турш бишопыг Ватиканаас бус Бээжингээс томилж ирсэн юм. Энэ явдал 2018 онд БНХАУ, Ватикан тохиролцоонд хүрсний дараа зогссон байна. Бишоп нь сүмийн дүүргийг удирдах эрх мэдэлтэй номлогч. Сүмийн дүүрэг нь хэд хэдэн жижиг сүмийг нийлүүлсэн тойрог юм.

Тус тохиролцоогоор бол Пап лам болон БНХАУ-ын албаны хүмүүс хамтран хэлэлцэж, Хятад сүмүүдэд шинэ бишоп томилох ёстой аж. 2022 оны арван нэгдүгээр сард Ватиканаас сүмийн дүүрэг гэж хүлээн зөвшөөрдөггүй мужид Хятадын албан тушаалтнууд бишоп томилжээ. Тэгтэл 2023 оны дөрөвдүгээр сард Хятадын албан тушаалтнууд Шанхай хотын бишопыг ганцаарчлан сонгосон байна.

Энэ хоёр хэргийн улмаас Гэгээн ширээт улс болон БНХАУ-ын харилцаа мууджээ. Ватикан гурван сарын турш эсэргүүцсэн байр сууриа хадгалсны эцэст Шанхайн бишопыг хүлээн зөвшөөрсөн юм.

Францисын айлчлалын үеэр хориг тавив

Тэгвэл, БНХАУ-ын албан тушаалтнууд католик шашин шүтдэг Хятад иргэд, бишопуудыг Пап лам айлчлалаа явуулж байх үед Монголд очихыг хориглосон байна.

“America Magazine”-д мэдээлснээр Монгол руу явахыг хориглосон тушаалыг Хятадын Коммунист намын нэгдсэн ажлын хэлтсээс гаргажээ.

Ватикан болон БНХАУ-ын 2018 онд гарын үсэг зурсан тохиролцоо нь Хятад дахь бүх бишопуудыг Паптай албан ёсны холбоотой болгосон. Иймд бусад улсын бишопуудтай адил Францистай очих чөлөөтэй уулзах эрхтэй. Гэвч БНХАУ-ын албаны хүмүүс Хятад номлогч, итгэгч нарыг Монгол руу явахыг хориглосон байна.

Хонг Конгийн бишоп нар БНХАУ-ын хоригоос өмнө ирсэн байжээ

Тэгтэл Хонконг болон Макаогийн гурван бишоп Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Мөн хэд хэдэн Хятад иргэн Папыг харахаар Монголд хүрэлцэн ирсэн байв. Тэдний нэг нь Шанхай хотын оршин суугч 37 настай Ян Гуан юм. Тэрбээр Монголд амралтаараа ирсэн, Сүхбаатарын талбайд Папыг харсандаа баяртай байна гэж “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Мөн Хонконгоос ирсэн Сюзанна Уиллис Францисыг өөрийн нүдээр хараад нулимс урсгасан гэв. Тэрбээр найзуудтайгаа хамт Монгол ирж, Хонконг руу буцах нислэг нь хойшлогдсон тул айлчлалыг үзэж сонирхсон аж. Айлчлалыг үзсэн Хятад иргэд Францисыг газардахаас өмнө Монголд ирсэн хүмүүс байв. Үүнээс үзэхэд БНХАУ-ын тавьсан хориг хэрэгжилт сайн байсан бололтой. Гэхдээ Хонконг, Макаогийн гурван бишоп хүрэлцэн ирсэн нь сонирхол татаж байна.

Хоригоос гадна Францис айлчлалаа эхлүүлсэн өдөр буюу баасан гарагт /2023.09.01/ “Шашны үйл ажиллагаа явуулж буй газруудын зохицуулгын журам” нэртэй хууль БНХАУ-д хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дор гадна орчинд шашны бэлгэ тэмдгийг харуулахыг хориглож, бүх шашны үйл ажиллагааг засгийн газраас зөвшөөрсөн газруудад л явуулдаг юм. Хэдийгээр энэ хууль зөвхөн католик шашинтууд бус бүх шашинд хамаатай ч гэсэн айлчлалын эхний өдөр тус хуулийг хэрэгжүүлж эхэлсэн нь хачирхалтай.

Үүнээс харахад Хятадын албан тушаалтнууд бодлоо өөрчлөхгүй мэт байсан боловч...

 БНХАУ-ын байр суурь зөөлрөв

Пап Францис Монгол руу ирэх замдаа Ши Жиньпин болон БНХАУ-ын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний хариуд Хятадын гадаад хэргийн яам Ватикантай харилцан итгэлцлээ бэхжүүлэх хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн юм.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “БНХАУ Ватикантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, харилцан итгэлцлээ бэхжүүлэхэд бэлэн байна. Бээжин хоёр талын харилцааг сайжруулах үйл явцыг дэмжинэ” гэж хэлсэн.

Айлчлалын эхэнд Ван Вэнбин ингэж хэлсэн. Тэгвэл айлчлалын дууссаны дараа ч гэсэн Хятадын тал нааштай мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Францис Хятад иргэдэд хандаж ням гарагт /2023.09.03/ мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт /2023.09.04/ мэдэгдэл хийхдээ Ватикантай харилцаагаа сайжруулах тал дээр нааштай байр суурьтай байна гэв.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нингээс сэтгүүлч нар Пап ламын Монголд хийсэн айлчлалын талаар асуусан байна. Үүнд Мао Нин БНХАУ Ватикантай холбоо тогтоосон гэж хариулжээ.

Пап лам 2022 оны есдүгээр сард Казахстанд айлчилсан. Тухайн үед Ши Жиньпин мөн Казахстанд байж таарсан тул Ватиканаас тэднийг уулзуулж, хэлэлцээ хийлгэх арга чарга хайсан ч бүтэлгүйтсэн юм. БНХАУ Ватиканаас нүүр буруулсан ирсэн ч энэхүү айлчлалын дараа байр сууриа ийнхүү зөөлрүүлэв.

Эх сурвалж: Reuters, Catholic News, America Magazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2023 10:29

Хятад юм болгоныг эсэргүүцэж байхымаа

Зочин
Зочин
9 сар 5, 2023 12:43

том гүрний том бодлого шү дээ

Холбоотой мэдээ

Back to top button