Олена Зеленска: Нөхөр минь түүхэн хүн байх бус хажууд минь л хэрэгтэй

Украины тэргүүн хатагтай Олена Зеленска “BBC” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа дайн гэр бүлд нь сэтгэл зүйн ямар нөлөө үзүүлсэн талаар ярьсан байна. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Зеленска хувийн чанартай ярилцлага хийхдээ, ирээдүй тодорхойгүй нөхцөл байдалд хүүхдүүдээ амьдарч байгааг харахад хэцүү байсан гэв. Тэрбээр мөн гэр бүлээрээ өнгөрөөдөг байсан үеэ өгүүлэн санаж буйгаа ярилаа.
“Жаахан хувиа хичээсэн зүйл байх, гэхдээ нөхөр минь түүхэн хүн байх бус хажууд минь л хэрэгтэй” гэж Зеленска хэлэв. 2022 оны 2-р сард Орос Украиныг довтлоход Олена Зеленска хүүхдүүдийнхээ хамт олон сарын турш нууц газар амьдарсан байна.
Тэрбээр дайн эхлэх үед мэдэрсэн сэтгэл хөдлөлийнхөө талаар ярихдаа байнга түгшсэн мэдрэмж төрсөн гэж хэллээ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр Зеленска сэтгэлээ тайвшруулахад суралцаж, байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах нь шаардлагатай болохыг ухаарчээ.
Удаан хугацааны турш нуугдан амьдарсны эцэст тэрбээр өнгөрсөн жил анхны удаа олны нүдэнд гарч ирсэн юм. Энэ нь түүнийг олны анхаарлын төвд оруулсан бөгөөд тэр цагаас хойш Зеленска гадаадын улс орнуудын удирдагчидтай уулзан, илтгэл тавихаар дэлхийг тойрон аялсан байна.
Зеленска “ВВС”-д хэлэхдээ "Бид бие биетэйгээ уулзах боломж байгаа, гэхдээ тийм ч олон удаа уулзаж чаддаггүй. Хүү минь аавыгаа санаж байна. Гэхдээ бид хүчтэй хэвээр байгаа. Сэтгэл санааны болон бие махбодын хувьд илүү хаттай болсон. Бид хамтдаа үүнийг даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч ирээдүй тодорхойгүй, дайны нөхцөлд амьдарч байгаа нь хүүхдүүдийн сэтгэл санаанд нөлөөлсөн гэж Зеленска нэмж хэлэв. Үүний талаар ярихдаа "Хүүхдүүд минь ирээдүйдээ юу ч төлөвлөөгүйг хараад сэтгэл өвдөж байна. Охин маань 19 настай. Хүүхдүүд минь аялах, шинийг үзэж, мэдрэхийг хүсэж мөрөөддөг. Гэвч тэдэнд тийм боломж байхгүй” хэмээсэн байна.
Түүний сүүлд гаргасан ном нь украинчуудад дайны үзүүлж буй сэтгэл зүйн дарамтыг даван туулахад туслах зорилготой. Тэрбээр тун удахгүй Киевт сэтгэцийн эрүүл мэнд, тэсвэр хатуужлын сэдэвтэй арга хэмжээ зохион байгуулах юм.
Зеленска ярилцлагын төгсгөлд украинчууд маргаашдаа эсвэл ирээдүйд ямар зүйл болохыг мэдэхгүй ч тэдэнд итгэл найдвар бий гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.