Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгод сүүлийн 139 жилийн хамгийн их хур тунадас орлоо

Хонконг хотод хэдэн өдрийн өмнө сүүлийн таван жилд тохиогоогүй хүчтэй далайн хар шуурга болсон. Саола далайн шуурганы улмаас тус хотод цахилгаан тасарч, олон зуун нислэг хойшлогдон 86 хүн бэртсэн юм.

Тэгвэл дайны дундуур дажин гэгчээр Хонконг одоо үерт автаад байна. Пүрэв гарагийн /2023.09.07/ оройноос эхэлж бороо тасралтгүй оржээ. Хонконгийн цаг уурын ажиглалтын төв пүрэв гарагийн /2023.09.07/ 23.00 цагаас шөнө дунд хүртэл 158 мм бороо орсон гэж бүртгэжээ. Энэ нь 1884 оноос хойших Хонконгийн бүртгэж авсан хур тунадасны хэмжээн дунд нэг цагийн дотор орсон хамгийн их хэмжээ болж бүртгэгдсэн байна.

“OGimet” цаг уурын мэдээллийн сайтаас харвал хотын зарим хэсэгт 24 цагийн дотор 500 мм гаруй бороо оржээ.

Өнгөрсөн зун дэлхийн олон улс орнуудад их хэмжээний бороо орж, олон хүний амь нас хохирон, дэд бүтцийн гэмтэл учирсан билээ.

Түүхэнд байгаагүй их хэмжээний бороо орсны улмаас баасан гарагт /2023.09.08/ хотын ихэнх хэсэг усанд автсан байна. Метроны буудал, газар доорх машины зогсоолууд усаар дүүрч, эрх баригчид сургуулиудын үйл ажиллагааг зогсоон, олон нийтийг аюулгүй хоргодох газарт очихыг анхааруулжээ.

Хонконг дэлхийн санхүүгийн томоохон төв хотуудын нэг. Саола хар салхи олон бизнесүүдийн үйл ажиллагааг тасалдуулсан. Тэгтэл тус хар шуурга Хонконгоор дайрч өнгөрснөөс хэдхэн хоногийн дараа үер бууж санхүүгийн салбарт дахин тасалдал үүсгэв.

Үерийн талаар Хонконг хотын оршин суугч Стюарт Харгривс машинтайгаа усанд боогдсон талаар ярьжээ. Тэрбээр замууд машинтай хүртэл явахын аргагүй болж усанд автсан байсан гэв. Үерийн ус түүний машины хамрыг давж гарч ирсэн тул Харгривс мотор усанд автах вий гэж айж байсан юм.

Түүний харснаар зарим машин үерийн усанд түлхэгдэн урсжээ.  Харгривс усанд бүхэл бүтэн есөн цаг боогдож, зогссоны эцэст гэртээ харьсан байна.

Хонконгтой ойролцоох Шэньжэн хотод мөн их хэмжээний бороо орсон талаар Хятадын төрийн өмчит телевиз мэдээлжээ.

Пүрэв гарагийн /2023.09.07/ 17:00 минутаас баасан гарагийн /2023.09.08/ 06:00 цаг хүртэл Шэньжэн хотод 469 мм бороо орсон байна. Үүний улмаас тус хотод сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Эрдэмтэд хүний нөлөөнөөс үүдэлтэй цаг уурын өөрчлөлт нь дэлхий даяар үерийн гамшгийн тохиолдлыг ихэсгэж, хүчийг нэмж байгаа гэж үзэж буй. Иймд судлаачид энэ зун дэлхийн олон орнуудад урьд өмнө нь байгаагүй их хэмжээний бороо орж, хүчтэй үер буусныг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button