Нефтийн үнэ 25 хувиар өсөж, энэ оны хамгийн дээд түвшинд хүрлээ
Дэлхийд нефтээр тэргүүлэгч орнуудын нэгдэл болох "OPEC+" цар тахлын улмаас их хэмжээний алдагдалтай ажилласанаа нөхөхийн тулд зах зээл дээрх нийлүүлэлтээ багасгахаар болсон билээ.
Тэгвэл үүний улмаас нефтийн үнэ 25 хувиар өсөж, сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, брент маркийн нефтийн үнэ мягмар гарагт баррель нь 90.04 ам.доллароор хаагдсан байна. Энэ нь он гарснаас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн явдал юм. Харин өнөөдөр /2023.09.08/-ийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 86.69 ам.долларт хүрч, 0.35 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан хэвээр байгаа юм.
Түүнчлэн ОХУ энэ жилийг дуустал экспортынхоо хэмжээг 300 мянган баррелиар бууруулсан билээ. Тиймээс "OPEC+"-т багтаж буй улс орнууд энэ жилийн эхний найман сарын байдлаар их хэмжээний ашигтай ажиллаж байгаа юм.
Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг судлаачид онцолж байна. Тэр дундаа газрын тосны үнэ эрэлтээс хамаарч буурах төлөвтэй байгаа гэдгийг тодотгов.
Сиэтл дэх АНУ-ын баялгийн удирдлагын ахлах стратегич Роб Хаворт "Европ, Хятад болон Японы эдийн засаг суларч буй явдал нь газрын тосны зах зээлийн үнийг буулгах хөшүүрэг болно" хэмээн "Yahoo Finance"-д мэдээлсэн юм.
Товчоор бол газрын тосны үнийн өсөлт нь томоохон эдийн засгийн өсөлтүүд суларч буйтай холбоотойгоор, эрэлт нь багассанаас үүдэж, энэ оны эцэс гэхэд буурах төлөвтэй байгаа ажээ. Тиймээс энэ удаагийн газрын тосны үнийн өсөлт нь түр зуурын өсөлт хэмээж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.