Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж: Нүүрсний хэргээр 60 гаруй хүнийг шалгаж байсан ч миний үйлчлүүлэгч л үлдлээ

"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09.00 цагт товлогдсон билээ. Улмаар шүүх хурал түр завсарлаж, 13.30 цагаас үргэлжилсэн юм. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлаад байна.
Энэ үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж "Шударга шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүх нь хүртэл нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэрэг гэж тодорхойлсон байна билээ. Тодотгол гэсэн ойлголт эрүүгийн хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэгт дугаар гэж бий, холбогдогч гэж бий. Тиймээс хууль бус нэршлийг прокурорын газар бий болгож, шүүх нь үүнийг даамжруулж, өөрсдийн албан ёсны сайт дээр нүүрсний гэх тодотголтой гэсэн. Энэ хэрэгт нүүрс гэж байхгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй.
Миний үйлчлүүлэгчийг 10 сар хорьж байгаа нь үнэн. Сүүлийн 4-5 сарын хугацаанд миний бие өмгөөлөгчөөр нь ажилласан. Б.Халиун шүүгч миний үйлчлүүлэгчийн есөн удаагийн хуралд оролцсон байдаг. Ингэхдээ цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй. Миний үйлчлүүлэгчийн хэлсэн асуудал бол 60 гаруй хүнийг барьж, хорьсон явдал. Тэгсэн атлаа одоо ганцхан хүн үлдсэн нь миний үйлчлүүлэгч юм. Түүнийг ямар учиртайгаар хорьсон нь ойлгомжгүй байгаа.
Шүүх хуралдаанаар хэргийн ээдрээтэй төвөгтэй байдлын улмаас цагдан хорьж байгаа гэх мөртлөө хууль зүйн талаас нь хэргийн ээдрээт нөхцөл байдал арилаагүй гэх шалтгаанаар л цагдан хорьсоор байгаа гэх мэдээллийг өгсөн" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.