Ливи: Үерийн улмаас 2 мянган хүн амь үрэгдэж, 10 мянган хүн сураггүй алга болсон
Ливи улсын Дерна хотод аадар бороо орж, их хэмжээний үер буусны улмаас 2 мянган хүн нас барж, 10 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон байна. Газар дундын тэнгист үүссэн хүчтэй шуурга эргийн ойролцоо оршдог Дерна хотод далан эвдэлж, байшин, барилгуудыг нураажээ.
Албаны хүмүүс Дерна хотын зүүн хэсгийн 25 хувь сүйтсэн гэж тооцоолж буй. Тус хотын эмнэлгийн ахлах ажилтан нас барсан хүмүүсийн тоог 2 мянга гэж мэдэгдсэн юм. Харин Ливи улсын албаны хүн 5 мянга гаруй хүн нас барсан гэж тооцоолсныг орон нутгийн телевиз иш татан мэдээлсэн байна.
Хотын зүүн хэсгийг удирддаг захиргааны сайд Хичем Абу Чкиуат Дернад очиж нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр үерийн дараах нөхцөл байдлыг “Reuters” агентлагт хэлэхдээ “Цогцсууд хаа сайгүй хэвтэж байсан. Далайд, хөндийд, барилгын хажууд. Хотын 25 хувь нь алга болсон гэж би хэтрүүлж яриагүй. Олон олон барилга нурсан” гэж хэлсэн юм.
Ливи улсын зүүн хэсэгт оршдог Бенгази гэх мэт томоохон хотууд ч гэсэн шуурганд нэрвэгджээ. Тэнд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн төлөөлөгч Тамер Рамадан амиа алдагсдын тоо асар их байх болно гэж хэлсэн байна.
Үерийн дараа НҮБ-ын Хүмүүнлэгийн эрхлэх газар яаралтай тусламжийн багийг дайчлан илгээжээ. Турк гэх мэт бусад орнууд мөн адил Ливид аврах багаа илгээж, цахилгаан үүсгүүр, хоол хүнс гэх мэт тусламж илгээсэн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.