УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд бүтээгдэхүүнээ гаргана"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ боллоо. Энэ үеэр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан "Газрын тос боловсруулах үйлдвэрт үүсээд байсан гацааг цаашид хэрхэн хэвийн үргэлжлүүлэх талаар Ерөнхий сайдын баг газар дээр нь хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаа өнөөдөр шийдвэр болгож баталгаажууллаа.

Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилт нь 2016 оны АСЕМ-ын үеэр Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр шийдвэрлэснээс эхлэлтэй. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын хурлаар 1.3 тэрбум ам.доллароор баталсан. Харамсалтай нь зээл батлагдсан ч цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Улмаар 1.3 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч ашигласан.

Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн юм. Тодруулбал, нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөрийн асуудал гэрээний дагуу үүсэж эхэлсэн хэрэг. Улмаар зээлээ төлөөгүй тул дараа дараагийн санхүүжилт байхгүй болсон.

Дөрвөн хэсэг бүтээн байгуулалтаас эхний бүтээн байгуулалт нь санхүүжилтийн улмаас гацаанд орсон юм. Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажилласан. Манай яамны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн.

Манай улсад суугаа Энэтхэгийн элчин сайд энэ тал дээр сайн дэмжиж ажилласан. Үүний үр дүнд бидний тавьсан гэрээний дагуу өөрчлөлтөө амжилттай хийлээ. Наймдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн банкны удирдлагууд манай улсад ирэх үеэр гэрээнийхээ өөрчлөлтийг харуулсан. Ингэхдээ газрын тосны дөрвөн бүтээн байгуулалтын гэрээгээ тус тусад нь салгаж хийсэн. Аль нэгнээсээ хамаарахгүйгээр тусдаа санхүүжилтийг нь шийдсэнээр бүтээн байгуулалтын ажилд саад учрахгүй гэсэн үг юм. Тиймээс одоогоор баталсан 236 сая долларын хэмжээнд гэрээ хийгээд цаашид үргэлжлүүлэхээр боллоо.

Инфляцтай холбоотойгоор бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний өсөлт гарахаар байна. Тиймээс зээлийн гэрээний нэмэгдсэн дүнг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр оруулж баталсны дараагаар намрын чуулгаанаар хэлэлцэж, батласнаар төсөл цаашид үргэлжлэх юм.

2026 он гэхэд эхний байгууламж ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо" хэмээлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бүтээн байгуулалтын ажлууд хэдэн хувьтай байгаа вэ. Гэрээнээс болж эхлээгүй юү?

-Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын дөрвөн цогц ажлаа зэрэг эхэлсэн. Гэрээний саатлыг хүлээхгүйгээр эхэлсэн. Нэгдүгээр түвшний бүтээн байгуулалтын ажил нь 90 хувьтай багаа. 2, 3 дугаар хэсэг нь үйлдвэрийн гадна байдаг дэд бүтцийн цахилгаан станд 20 хувьтай байна.

-"Эрдэнэс Монгол"-ын талаас хэд орчим хувийг нь санхүүжилтээр гаргасан бэ?

-"Эрдэнэс Монгол"-оос гаргаагүй. Санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж байгаа. 250 тэрбум төгрөгийн бэлтгэл ажлыг манай талаас гаргаад явж байгаа. Төсөл эцэслээд зогсоогүй. Шат дараатайгаар явж байна.

-Дотоодоо газрын тосоор бүрэн хангах ТЭЗҮ-д өөрчлөлт орох уу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал одоогийн манай хэрэгцээг бүрэн хангаж чадна. Хүчин чадлын ТЭЗҮ-д өөрчлөлт ороогүй. Харин үйлдвэрийг барих ТЭЗҮ-д өөрчлөлт орсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-13 22:22

Ха ха удахгүй б�##�гас болно дөө. Хувааж иднэ үү гэхээс бусад нь хамаагүй болсон цаг

Зочин
Зочин
2023-09-13 22:28

Цахилгаан машин дэлхийд ноёрхоно
Зардлаа дийлэхгүй НБҮ баригдана

Зочин
Зочин
2023-09-14 08:36

Хугацаа �##�дах тусам хүү, өртөг нь өсч зардлаа буцаан төлөх хугацаа урт болно. Бас ирэх сонгуулийн дараа болон инфляц гэх мэт нь нөлөөлнө дөө

Холбоотой мэдээ

Back to top button