Сурвалжилга, Нийтлэл

ГАЗРЫН МАРГААН: Өндөр настан “Номин”-гийн захиралтай уулзахгүй гэсний маргааш хаалганд нь ХӨӨС, ХҮНИЙ ЯЛГАДАС түрхсэн байжээ

Хан-Уул дүүргийн  нэгдүгээр хорооны  120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид орон сууцныхаа урд талын ногоон байгууламж бүхий 2194 м.кв газрыг нийтийн эзэмшилд үлдэхээр “Номин Холдинг” ХХК-тай 2004 оноос хойш тэмцэж байна.

-ЭХЛЭЭД ТУС ГАЗАР ХЭРХЭН ХУВЬ ХҮН, ААН-ИЙН ӨМЧ БОЛСНЫГ ХҮРГЭЕ-

НЭГ: 2004 оны 01 дүгээр сарын 28-ны 30 дугаар захирамжаар иргэн Г. Баттөмөрт 800 м.кв талбайтай газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар,

ХОЁР: 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот захирамжаар “Цаст консракшин” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр  сарын 25-ны өдрийн 463 тоот захирамжаар газар эзэмших эрхийн талбай хэмжээг 2194 м. кв болгон нэмэгдүүлсэн.

ГУРАВ: 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  671 тоот захирамжаар “Номин холдинг” ХХК-д тус газрын  эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талбайн  хэмжээг 1970 м. кв болгож үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

ДӨРӨВ: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшил газрын талбайн хэмжээг 2194 м.кв болгон нэмэгдүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/677 тоот захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

ТАВ: 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А/ 532 дугаар захирамжаар  “Номин холдинг” ХХК-ийн газар эзэмших эрхийн  зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилсөн байна.

ИРГЭД ЮУНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭВ?

Энэ газарт “Номин реалтор” ХХК  “120К”  төслөө эхлүүлснээр дараах хүндрэл асуудал иргэдийн амьдралд тохиолдоно гэж оршин суугчид үзэж байна. 

НЭГ: Дөрвөн давхар байрны нарыг хааж 16 давхар байшин баригдсанаар бид нар үзэхгүй мөнхийн харанхуйд амьдрах  болно. Үүний уршгаар байр 4-5 жилийн дараа доороосоо мөөгөнцөрт идэгдэнэ.

ХОЁР: 16 дугаар байрны урд талд 2944 м.кв зүлэгт талбай, 14 ширхэг хар мод, 43 ширхэг улиас, 64 м урттай явган хүний зам болон дугуйн зам байгаа. Энэ моднуудыг “Цаст констракшин” болон “Номин холдинг” ХХК-ийн нөхдүүд устгаж сүйтгэсэн. Одоо ч сүйтгэсээр байна. Дүүрэг хороо СӨХ-ноос мод тарихаар нүх ухуулахад “Номин”-гоос буцааж булуулдаг.

ГУРАВ: Агаарын бохирдол тоосжилт их болсон Улаанбаатар хотод олон арван жил улсын болон иргэдийн хүч хөрөнгөөр бүтээж бий болгосон энэхүү ногоон байгууламжийг устгаснаар зөвхөн манай 2 байрны иргэд биш дүүрэг, нийслэлийн иргэдийн эрх ашиг хохирох аюулд учраад байна.

ДӨРӨВ: Номингийн сүлжээ дэлгүүрүүдэд зөвхөн бараа түгээх гэж өдөрт 100-130 харилцагч байгууллагуудын машинууд ирж очдог. Энэ тоон дээр нэмэгдээд шинэ орон сууцны болон дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдийн автомашин гээд тооцоолохоор түгжрэл, аваар осол, хорт хий хэрээс хэтэрнэ.

ТАВ:Шинээр орон сууц баригдвал сургууль цэцэрлэгийн хүртээмж улам багасна.

-ӨВЧТЭЙ ШҮД СУГАЛЖ БАЙГАА ЮМ ШИГ ИРГЭДИЙГ НЭГ НЭГЭЭР НЬ СУДАЛЖ ТАНДАЖ УУЛЗДАГ-

Амьдрах орчнынхоо аюулгүй байдлыг сүйдлүүлэхийг хүсээгүй иргэд Даваа гарагаас эхлэн тус талбайг хамгаалахын тулд майхан барьж ээлжээр “газраа” хамгаалах ажлыг эхлүүлээд байна.

Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хандаад байна. Манай сурвалжлах баг Майхантай цуглаан зохион байгуулж буй иргэдтэй уулзлаа. Энэ тэмцэл он удаан жил үргэлжилж иргэд болон компанийн хооронд үл ойлголцол, иргэдэд халдах байдал хэд хэдэн удаа давтагдсан учир тэд нэрээ хэлж, нүүрээ харуулж ярихаас татгалзаж байв. 

Харамсалтай нь иргэд ийнхүү тууштай тэмцэж ирэхэд газар эзэмшигч компаниас нэг ч удаа албан ёсны уулзалт хийгээгүй байна. СӨХ дахин дахин зөвшилцөж хүсэлт тавьсан ч тэд өнгөн дээрээ цаг нар тохирч найрсаг ханддаг ч хэзээ ч хэлсэн амандаа хүрч байгаагүй аж.

Эндхийн оршин суугчтай “Номин реалтор” ХХК гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан гэж хүн уулздаг юм байна. Гэхдээ иргэдийн ярьж буйгаар байнга ганцаарчилсан уулзалт хийдэг гэнэ.

Иргэд ийнхүү ярилаа.

ИРГЭД: “Энэ Энх-Амгалан гэж хүн яг л өвчтэй шүд сугалан эмчилж байгаа юм шиг загнадаг. Айлуудтай дандаа нэг нэгээр нь уулзана. Доржийнтой уулзаад хэсэг юм ярина. Дараа нь Батынд ороод Дорж гуай зөвшөөрчихлөө, та яах гэж байна гэнэ. Тэр хоёрын араас Дулмаа дээр очоод оршин суугчдын 80 хувь зөвшөөрлөө, та л үлдээд байна гэх мэтээр ажилладаг.

Тэр ч бүү хэл бидний хэдэн айлыг маш сайн тандсан, судалсан. Иргэд бидэнтэй тэр хүн бөөнөөр нь уулзахгүй ч бид хоорондоо байнга уулзаж ярилцаж байна. Тэгэхэд айл бүрийг нэг бүрчлэн судалсан нь тодорхой болж байгаа юм. Манай зарим настай хүмүүс одоо айгаад гэрээсээ ч гарахаа больсон. Тэгээд за бөөнөөрөө байна та хүрээд  ир гэхээр ирдэггүй.

Нөгөө талаас хотны нохой хээрийн боохойтой нийлдгийн үлгэрээр тэмцье нэгдье гэж байгаа хэр нь дотроосоо цаад компанид үйлчилдэг хүмүүс ч бас мэр сэр байх шиг байна. 21 дүгээр зуунд эрдэм боловсролтой залуу хүмүүс ийм хар технологиор ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай.

 Ямар ч байсан бид нар Хотын дарга С.Амарсайханыг энэ асуудлыг анхааралдаа авч, шийдтэл газраа манаж тэмцлээ үргэлжлүүлнэ. Эрх мэдэлтэй дарга нарын үзгийн үзүүр ганцхан хөдлөхөд иргэдийн амьдралд ямар хор хохирол учирч байгааг энэ дарга нар нүдээр үзэж мэдрэх хэрэгтэй” гэж тэд ярилаа. 

-МАНАЙХ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГГҮЙ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ Л ЗАРДАГ-

“Номин реалтор” ХХК-тай үүсгэсэн эл харилцаанаас үүдэж иргэдийн амьдралд янз бүрийн зүйл тохиолдох болжээ. Үүнийг тэд хар технологи гэж нэрлэх болж.

Жишээ нь, Г.Энх-Амгалан захирал нэгэн өндөр настай оршин суугчийг ганцаарчлан уулзъя гэхэд уулзвал бөөнөөрөө уулзана,ганцаараа бол уулзахгүй гэсэн хариу өгчээ.

Үүний дараа өдөр тухайн айлын цоожны нүхийг бөглөж хөөсөдсөн байж. Ингээд хөгшин хүүхдүүддээ хэлж цоожны голоо сольтол маргааш нь цоожинд нь хүний ялгадас түрхсэн байсан гэнэ. /Иргэнд нь баримт болгон хадгалсан зураг нь байгаа/

Бид энэ талаар тодруулга авахаар “Номин холдинг”-ийн 1800-2888 дугаарт 14:24 минутад холбогдоход мэдээллийн ажилтан “Номин констракшн” компани бол манайд хамаагүй гэлээ.

Тэгвэл группийнхээ барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрынхаа холбогдох дугаарыг өгөөч гэхэд “Манайх барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэггүй. Барилгын материал л зардаг” гэхтэй нь зэрэгцэн “Тэгвэл тийшээ холбогдох дугаараа өгчих” гэхэд “Ямар материал авахын би асуугаад өгий. Утасны дугаар өгч болдоггүй юм” гэж хэллээ. Үүний дараа “Номин реалтор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалантай холбогдох гэсэн боловч гар утас хариу өгсөнгүй. 

Гэвч газарт шунаж бүтээн байгуулалт хийхээр шийдсэн тус компанийн иргэдийг намнах, судлах, турших бас айлгах ажиллагаа үргэлжилж байна.

ИРГЭН: НАСТАЙ ЭМГЭН РҮҮ ЗАНАСАН МЕССЕЖ ЯВУУЛСАН БАЙСНЫГ АЧ ОХИН НЬ УНШСАН

Бид эцэст нь нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн сүлжээгээр та бүхнийг утсаар айлган сүрдүүлдэг, зурвас бичиж дарамталдаг тухай бичсэн. Энэ талаар танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Манай нэг настай оршин суугч руу хүүхдийнх нь амь насанд заналхийлсэн зурвасууд танихгүй дугаараас бичсэн байсан. Өөрөө настай хүн учраас мессеж уншиж мэдэхгүй, нэг удаа гэрт нь ач охин нь ирэхдээ ийм муухай мессеж танд иржээ гэж хэлсэн байгаа юм. Нөгөө хөгшин гадаа нарлаж суухдаа ч юм уу олны дунд байхдаа над руу  ийм муухай мессеж бичжээ гээд ярихад нь хэн нэгэн нь үзье гэж утсыг нь аваад нийгмийн сүлжээнд тавьсан байгаа юм. Тавихдаа “Номин”-той холбоод оруулчихаар баталгаагүй мэдээлэл тараасан асуудлаар тэр хөгшин буруутан болох  нөхцөл үүсээд байгаа. Тэр хүн энэ мессежийг бичсэн эзнийг олуулахаар цагдаад хандаад байгаа.

- Одоо энэ хөдөлгөөнд хэдэн оршин суугч нэгдээд байна?

-“Номин”-гийнхон 16-р байрны иргэдтэй тохиролцчихсон, гэрээ хийгээд шинэ байрандаа оруулахаар болсон гэж төрийн бүх  байгууллагыг хуурч байгаа. Манай 16 дугаар байр 32 өрхтэй. Нэг тоот байранд  Номингийн Eco express дэлгүүр ажилладаг. Үлдсэн 31 айлаас 30 айл нь “Номин холдинг” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц барихыг эсэргүүцэж байгаа.

Г.ҮҮЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button