Франц iPhone12-ийг цацраг хэт их ялгаруулдаг тул худалдаалахыг хоригложээ

Францын засгийн газрын агентлаг iPhone 12 утсыг хэтэрхий их цахилгаан соронзон цацраг ялгаруулдаг тул улсад нь худалдаалахыг хориглосон байна. Үндэсний давтамжийн агентлаг “Apple” компанид энэ доголдлыг хурдан ариглахын тулд боломжтой бүх арга хэрэгжүүлж эхлэхийг тушаажээ.
Энэ агентлаг нь радио тоног төхөөрөмж, олон нийт хэрхэн цахилгаан соронзон долгионд өртөж байгаад хяналт тавих үүрэгтэй. Хэрвээ арга хэмжээ хурдан авахгүй бол Францад зарагдсан бүх iPhone 12-ийг эргүүлэн татна гэж тус агентлаг мэдэгдсэн байна.

Давтамжийн агентлаг саяхан Францад худалдаалагддаг 141 гар утасны тусгай шингээлтийн түвшнийг (SAR) шалгажээ. “SAR” нь хүний биед шингээх радио долгионы энергийг хэмждэг нэгж юм.
Утаснаас биед шингэх цацрагийн энергийн дээд хэмжээ нь килограмм жинд 4 ватт. Гэвч iPhone 12-ийн хэмжээ килограмм жинд 5.74 ватт байжээ. Франц улсын цахим асуудал хариуцсан сайд Жан-Ноэль Барро Твиттер дээрээ “Энэ хэмжээ нь эрүүл мэндийн асуудал үүсгэх цацрагийн түвшнээс 10 дахин бага. Гэхдээ хууль бол хууль. Apple дагах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.