Дэлхий даяар ковидийн шинэ давлагаа эхэлсэн үү
Японы Эрүүл мэндийн яамны сайд Кацүнобү Като даваа гарагт /2023.09.11/ Осака хотноо үг хэлэхдээ улсад нь коронавирусийн ес дэх давлагаа эхэлсэн гэсэн.
Тэрбээр “Засгийн газар халдварыг 1, 2, 3-р давлагаа гэж тоолж байгаагүй. Гэхдээ зарчмын хувьд ярихад 9-р давлагаа эхэлсэн байгаа. Ихэвчлэн халдвар зуны улиралд ихсэж, 8-р сарын дундуур болон Обон амралтын өдрүүдээр оргил цэгтээ хүрдэг. Бид халдвар дэгдэлтийн дээд цэгтээ хүрээгүй байгаа” хэмээсэн юм.
Өнгөрсөн зун коронавирусийн омикрон төрлөөс мутацилагдаж үүссэн хувилбар бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан долоодугаар сард дэлхий даяар бүртгэгдэх шинэ халдварын тоо 80 хувиар нэмэгджээ.
ДЭМБ өнгөрсөн тавдугаар сард ковидийг олон улсад тулгарсан эрүүл мэндийн онцгой байдал байхаа больсон гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ коронавирус цаашид тархан, мутацид орж үе үе халдварын тоо нэмэгдэнэ гэдгийг ДЭМБ нэмж хэлсэн юм.
Тэгвэл долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 6-ны хооронд 1.5 сая тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өмнөх сараас 80 хувиар өссөн үзүүлэлт байсан. Харин нас баралт 57 хувиар буурч 2,500 бүртгэгджээ.
Дэлхий даяар коронавирусийн шинэ давлагаа эхлэж байна уу
ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебресүс өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр “Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал эхлэх гэж байгаатай холбогдон Ковид-19-ийн халдварын чиг хандлага санаа зовниулж байна. Ойрх Дорнод, Азийн зарим хэсэгт нас баралт нэмэгдсэн. Европт эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн тоо бас нэмэгдэж байна” гэж хэлжээ.
Олон орнууд коронавирусийн халдвар, нас баралтын тухай мэдэгдэл хийхээ зогсоосон. Ийм учраас энэ асуудал дээр мэдээлэл хомс байгаа юм. Иймд мэргэжилтнүүд улс орнууд ковидтой холбоо бүхий статистикийн мэдээлэл тогтмол хийх нь чухал гэдгийг анхааруулж байна.
Гэхдээ яг таг тоо баримт нийтлэхгүй байгаа ч халдварын тоо нь нэмэгдэж байгааг мэдэгдсэн улсууд байгаа юм. Тэдгээр орнуудаас заримыг нь харцгаая.
Их Британи
“Zoe Health Study” сайтаас харвал одоогийн байдлаар Их Британид нэг сая гаруй хүн коронавирусийн халдвартай байгаа аж. Тус сайтыг Лондон дахь Хааны коллежоос эрхэлж явуулдаг байна.
Халдварын тоо долоодугаар сараас хойш ихэсжээ. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн зөвлөх, профессор Сюзан Хопкинс нийт халдварын тоо сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдсэн ч олон жилийн дунджаас бага байгаа гэв.
Коронавирусийн шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт 15 хувиар өсжээ. Хопкинс үүний талаар ”Sky News”-тэй ярилцахдаа “Энэ нь мэдээж бага тоо. Гэхдээ мэдээж маш бага тооны шинжилгээ авч байгаа тул энэ тоо нь жинхэнэ хэмжээнээс бага” гэж хэлсэн байна.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өвөл эхлэхээс өмнө ковидийн тандалтыг дахин эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ олон нийтээс шинжилгээ авах ажлыг эхлүүлэхгүй аж.
Япон
Япон улсад шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Тус улс ковидийг зэрэглэлийг томуутай ижил түвшинд буруулснаас хойш долоо хоног бүр нэгж эмнэлгийн байгууллагад бүртгэгдэх ковидийн халдварын тоо анхны удаа 20 давжээ.
Өнгөрсөн гурван долоо хоногийн турш долоо хоног бүр Японд бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн аж. Мөн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрийн хооронд 5 мянга гаруй эмнэлгийн байгууллагуудад коронавирусийн 101,289 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Бүртгэгдэх тохиолдлыг мужаар нь авч үзвэл, Иватэ мужид долоо хоногт нэгж эмнэлэгт бүртгэгдсэн тоо дунджаар 35.24 байгаа нь Япон дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Нийтдээ 37 мужид шинэ тохиолдлын тоо нэмэгдсэн байна.
Испани
Ковид-19-ийн халдварын тоо Европт нэмэгдэж байгаа шинжтэй. Гэхдээ тус тивийн ихэнх улс орнууд коронавирусийн талаар статистик мэдээлэл өгөхгүй байгаа. Ийм учраас бодит нөхцөл байдлыг мэдэхгүй байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Испани мөн адил коронавирусийн статистик гаргахгүй байгаа. Гэхдээ тус улс даяар эмийн сангуудаар ковидийн түргэвчилсэн шинжилгээ худалдаалагдах нь ихэсжээ. Тодруулбал наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдөр түргэвчилсэн тестийн худалдаа 556 хувиар нэмэгдсэн байна.
Шинэ хувилбараас болсон уу
Сүүлийн үед дэлхийн хэвлэлийн агентлагууд EG.5 буюу “Eris”, BA.2.86 буюу “Pirola” гэх хувилбаруудын талаар мэдээлэх болсон. EG.5 нь омикроны XBB.1.5 хувилбараас үүсэлтэй коронавирус юм.
ДЭМБ-ын мэдээлснээр энэ хувилбар нь дунд зэргийн халдварлах чадвартай, вакциныг дунд зэргээр эсэргүүцэх чадвартай, ерөнхий эрсдэл багатай гэж анхан шатны дүгнэлт хийж байсан.
BA.2.86 нь мөн омикроны хувилбар, гэхдээ урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний мутацитай юм. Ийм учраас зарим эрдэмтэд тус хувилбарыг анхааралтай ажиглаж буй. Гэхдээ BA.2.86 хувилбар дэгдээд удаагүй байгаа тул хэр хүнд халдвар үүсгэдэг гэх мэт асуудал нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хүнд өвчлөл үүсгэх магадлал бага гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Дан ганц шинэ хувилбаруудыг коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж байгааг буруутай гэж хэлэхэд хэцүү. Мэргэжилтнүүд зуны аялал, вакцины дархлаа буурах, шинэ хувилбар нь бүгд тохиолдол ихсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв энэ намар, өвлийн улиралд коронавирусийн эсрэг бүтээсэн шинж вакциныг хийлгэхийг зөвлөжээ. Иймдээ ч тус төв пүрэв гарагт /2023.09.14/ “Moderna” болон “Pfizer”-ийн бүтээсэн шинэ вакцинд зөвшөөрөл олгосон.
Эх сурвалж: Reuters, France24, NBC News, CTV Canada, Murcia Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za odoo bol yadrgaa shvv
май шүү ковид бол одоо зүгээр хөх инээд хүргэж хөхний толгой загатнуулхаас цаашгүй