Ливи: Үерт эндсэн хүмүүсийн тоо 11,300 хүрлээ
Ливи улсын Дерна хотод Даниел хар шуурганы улмаас хүчтэй аадар бороо орж, их хэмжээний үер буусан. Тэгвэл тус улс дахь Улаан хавирган сар нийгэмлэг пүрэв гарагт /2023.09.14/ мэдэгдэл хийхдээ үерийн улмаас эндсэн хүмүүсийн тоо 11,300-д хүрсэн гэсэн байна.
Тус нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Мари эль-Дрезе “Associated Press” агентлагт хэлэхдээ нэмж 10,100 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн хэмээжээ. Дерна хотын эрүүл мэндийн эрүүл мэндийн албан тушаалтнууд амиа өмнө нь амиа алдагсдын тоог 5,500 гэж мэдэгдсэн.
НҮБ-ын албаны хүн пүрэв гарагт /2023.09.14/ мэдэгдэл хийхдээ амиа алдсан ихэнх хүмүүсийг аварч болох байсан гэжээ. Дэлхийн цаг уурын байгууллагын тэргүүн Петтери Таалас “Хэрэв цаг уурын алба хэвийн ажилласан бол анхааруулга өгөх байсан. Онцгой байдлын алба нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх боломжтой байсан” гэж хэлсэн юм.
Нас барагсдын тоо их байгаа тул халдварт өвчин тархахаас сэргийлж, хүмүүсийн цогцсыг овоолж оршуулж байгаа аж. Ливи улсын зүүн бүсийн Эрүүл мэндийн сайд Отман Абдулжалиел пүрэв гарагт /2023.09.14/ мэдэгдэл хийхдээ “Пүрэв гарагийн өглөө 3 мянган хүнийг оршуулсан. Нэмж 2 мянган хүнийг оршуулах ажил явагдаж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.