Томилолт: Куб дэх G77 хуралдаанаар баталгаажсан гадаад бодлогын амбиц
Eguur.mn сайтын сурвалжлах баг БНКУ-ын Хавана хотод ажиллаж байна.
Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг” энэ өдрүүдэд БНКУ-ын Хавана хотод хуралдаж байна. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, есдүгээр сарын 15-ны өдөр (Кубийн цагаар) “Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт хуралдаанаар үг хэлсэн.
Ерөнхийлөгч “Хөгжиж буй” тодотголтой 134 орны төлөөллийн, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешийн өмнө зогсоод хэд хэдэн чухал агуулгыг дурдсаны дээр өөрийн улсын цахим хөгжлийн туршлагыг онцолсон.
Энэ бүхнийг бичихээс өмнө урьдач хоёр мэдээлэл өгөх нь зүйтэй байна.
Нэгт, “77-гийн бүлэг” гэж юу вэ?
Хоёрт, Куб улсын нөхцөл байдал хэрхэн уялдах вэ?
Гуравт, Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канель манай улсыг хэрхэн чухалчлав?
1.
“77-гийн бүлэг” анх байгуулагдсанаас хойш өдгөө 134 орныг өөртөө нэгтгээд байна. НҮБ-д хамгийн хүчтэй бүлэг. Дэлхий дээрх улсуудын хэдхэн нь хөгжиж, дийлэнх олонх нь хөгжлийн гарцаа эрэлхийлсээр буй. “77-ийн бүлэг”-т тийм улс орнууд ихэвчлэн хамаарна. Гэхдээ, геополитик хүрээндээ бол хөгжингүй орнуудаас тулгадаг элдэв сорилт, нөхцөл байдлуудыг хамтдаа давах, тэднээс эргээд амлалт, хариуцлага нэхэх цаад агуулгатай.
Энэ бүлгийн орнууд нэг нэгийнхээ эрх ашгийг харилцан дэмжих, дэмжүүлэх, аливаа асуудалд нэгдмэл байр сууринаас хандахыг чухалчилна.
Манай улсын хувьд 1989 оноос хойш “77-гийн бүлэг” буюу G77-гийн хуралдаанд тасралтгүй оролцож, байр сууриа илэрхийлсээр иржээ.
2023 онд “77-гийн бүлэг”-ийг Бүгд найрамдах Куб улс даргалж байна.
2.
Харин Куб бол үндсэндээ хөгжингүй орны тулгасан нөхцөл байдлын эсрэг өөрийн эрх ашгийг дэмжүүлэхээр мэрийж, мачийж байгаа улс.
Эхлээд Испанийн колони байв. 1868 онд Испанийн дарлалаас гарсан. Үүнд АНУ-ын сонирхол ч дэмжих байр сууринаас нөлөөлсөн нь мэдээж. Улмаар АНУ-ын шууд удирдлага, ашиг сонирхол бүхий газар нутаг болж хувирсан. Дараа нь 1959 онд Фидель Кастрогийн хувьсгалаар мөн чөлөөлөгдсөн. Түүнээс хойш тэд Бүгд найрамдах Куб улс гэсэн тусгаар нэрээ олон улсад тунхаглан, өөрсдийн зам жимээр хөгжихөөр хичээж байна.
АНУ-аас одоо хүртэл Кубд олон тооны хориг тавьдаг. Энэ хоригийн улмаас Куб хөгжлөө тушуулсан. Ам.долларын гүйлгээ гэдэг хүчин зүйлээс эхлээд далайн дамжсан гадаад худалдаа эрхлэх боломжгүй зэрэг нь энэ ард түмэнд хүндээр тусаж байгаа. Газар зүйн байршлын хувьд АНУ-ын нөлөөнөөс ангид оршино гэдэг тэдэнд хэцүү, бараг боломжгүй. Их гүрэн хүчирхэг байдгийн жишээгээр АНУ ч зангараг заасаар, даяарших бус дангаарших моодонд орж байгаа өнөө цагт Куб ч сэргэн мандах замын эхлэлдээ зогсохыг эрмэлзэж байна.
Тэд сүүлийн олон арван удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд, АНУ-ын хоригийг цуцлуулах асуудлыг олон улсын дэмжлэг авах зорилгоор хэлэлцүүлж байгаа юм. Энэ жил ч тэгж таарна.
“77-гийн бүлэг”-т ижил хэлбэрийн нөхцөл байдалд буй орнууд цөөнгүй.
G77 хуралдаж буй энэ өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ч чуулж байгаа билээ.
3.
Энэ жил Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канель манай улсын Ерөнхийлөгчид өөрийн гарын үсэг бүхий урилга илгээсэн. G77-гийн хүрээнд чуулах 134 орон бүрд тийм урилга илгээгээгүйг дурдах нь илүүц биш биз.
Мөн түүнчлэн, есдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хавана хот дахь айлчлал албан ёсоор эхэлж, хоёр улсын төрийн тэргүүн уулзсан билээ. Энэ уулзалтыг мөн Хавана хотоос сурвалжилснаа дээр дурдсан.
Тэдний уулзалтаас таван онцлох нюанс ажиглагдсаныг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр ярилцлагынхаа үеэр нэрлэлээ.
Нэгт, Равол Кастро 1970 онд манай улсад айлчилсан тухай ярихад Мигель ерөнхийлөгчийн сэтгэл их хөдөлсөн
Хоёрт, АНУ-ын хоригийг цуцлах асуудлыг НҮБ-аар хэлэлцүүлэхэд манай улс үргэлж дэмждэг, үүнд талархдагаа илэрхийлсэн
Гуравт, Кубд аливаа гамшиг тохиолдоход манай улсын талаас үргэлж эмгэнэл илэрхийлдэг. Үүнд ч мөн талархаж явдгаа онцолсон
Дөрөвт, ямар салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой талаараа шуудхан илэрхийлсэн
Тавт, Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгчийн урилгыг шуудхан хүлээн авч, дараа жил хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн.
Куб манай хоёр хөрштэй давгүй сайн харилцаатай. Монгол Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон, урьдын, уламжлалт найрсаг харилцаа бий. Берлиний хана нурсны дараа зарим орнууд Кубээс ЭСЯ-даа нүүлгэсэн ч манайх тэгээгүй. Ямартай ч “77-гийн бүлэг” хуралдахаас өмнө Мигель Диаз-Канель манай улстай илүү сайн харилцаа тогтоох өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлчихсэн.
Ийм урьдач нөхцөл байдлуудад үндэслэн, есдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх G77-гийн хуралдаанд үг хэллээ.
Эхэнд дурдсанчлан, түүний эхний өдрөө оролцсон хурлын сэдэв нь “Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг”.
Ерөнхийлөгч юу гэв. Онцлох эшлэлүүд түүе.
...бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна. ...НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна.
...Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт зориулагдах учиртай.
...Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм.
Энэ бол олон улсын тавцанд онцлогдох өгүүлбэрүүд. Бусдаар бол сэдэвтэйгээ уялдуулан, “Инновацын зорилт тогтвортой хөгжлийг хангахад чухал үр дүнтэй гэдэгт итгэж байна” гэсэн нам дуу өгүүлбэр хэлээд, Монгол Улсын хэрэгжүүлсэн хэд хэдэн туршлагыг онцлон дурдсан юм.
Дээр эшилсэн нь хөгжиж буй орнуудыг эв санаагаа нэгтгэхийг чухалчилж, мөн тодорхой зорилтууд үр дүн багатай байгааг тэмдэглэснээрээ манай орны үүднээс нэлээд жинтэй бууж байна.
Ташрамд,
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешийн хувьд “77-гийн бүлэг”-ийн хуралдааныг нээж үг хэлэхдээ, хөгжингүй орнуудыг нэлээд ил тодоор шүүмжилсэн. Тэднийг хөгжиж буй орнуудын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй хэмжээнд хэрэгжүүлж байна гэж онцолсон юм.
Тэмдэглэл:
Монгол Улсын гадаад бодлого хийгээд олон улсын тавцанд эзлэх байр суурь сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдэж байна. Энэ жил л гэхэд манай улс хоёр хөршдөө ээлжлэн айлчлаад, гуравдагч хөршийн хамгийн том төлөөлөл АНУ-тай “уулзсан”. Үүний дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айлчилснаар Монголын гадаад бодлогын үзэл баримтлал бүрэн утгаараа бусад улсуудад ойлгогдсон, илэрхийлэгдсэн.
Үүний араас, хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-т даргалж буй орны нь ерөнхийлөгчийн “тусгай” урилгаар хүрэлцэн ирж оролцоод, өөрсдийн туршлагаа ч хуваалцаж, НҮБ-ын дэргэдэх хамгийн том бүлэгт жинтэй үг хэлэхүйц нөхцөл байдал хэдийнэ үүссэн байгааг анзаарч болж байна.
Нөгөө талаас геополитикийн ертөнцөд тоглогчид ээлж, байраа сольж эхлээд буй эгзэгтэй цаг үед, эгзэгтэй ситуац бүхий Кубийн сонирхол ч манай руу чиглэж эхэлжээ. Тэд манай тэнцвэртэй бөгөөд нээлттэй гадаад бодлогын цаад философи хийгээд холын амбицыг олж анзаарсан болов уу. Мэдээж Хавана хотод байрлан сурвалжлахад тэдний цахим хөгжил манайхаас лав хол хоцорсныг анзаарч болж байв. Тэр утгаар бид хөгжиж буй орнуудынхаа зэрэг зиндаанд бол сайн туршлагаар (инновац, цахим хөгжил) манлайлж эхэлснийг ч харж болохоор. Эдгээрийг дурдах нь монгол хүний хувьд таатай хэрэг юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “77-гийн бүлэг”-ийн хуралдааны хоёр дахь өдөр мөн оролцох хуваарьтай.
Куб улс, тэндхийн ард иргэд дунд нэжгээд өдөр “амьдарсан” тэмдэглэлээр удахгүй уулзъя.
Хавана хотоос бэлтгэсэн өмнөх мэдээллүүд,
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд яг юу хэлсэн юмбдэ
Куба гэж бичнэ. Тэгэхээр Куба дахь шүү