Ярилцлага

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр: Сүүлийн хоёр жилд манай гадаад бодлого эрс өөрчлөгдлөө

Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг” энэ жил Бүгд найрамдах Куба улсын Хавана хотноо болж байна. Тус хуралдаанд оролцохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Айлчлал эхэлсэн өдрөө тэрбээр Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канельтэй албан ёсны уулзалт хийсэн. Мөн орой нь Кубад суралцаж буй 11 монгол оюутантай уулзлаа. Уулзалтын дараа Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас зарим асуултад хариулт авлаа. 

-Кубийн улс төрийн нөхцөл байдал маш анхаарал татам юм. Мигель Диаз- G77-гийн хуралдаанд бусад улсын урьснаас илүү хүндэтгэлтэйгээр манай Ерөнхийлөгчийг урьсан гэж сонслоо. Бидний юу нь анхаарал татсан юм бол. Манай тэнцвэртэй гадаад бодлого уу. Эсвэл цахим хөгжил үү, энэ их энгийн санагдаж байна. Эсвэл түүхээ хүндэтгэж байна уу?

-Монгол Улсын гадаад харилцаа өнгөрсөн хоёр жилд эрс өөрчлөгдөн сэргэж байна. Бид идэвхтэй гадаад бодлого явуулж буй. 

Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал бол маш чухал баримт бичиг. Үүн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарчмын хоёр өөрчлөлт оруулсан. 

Нэг нь, айлчлалыг хоёр талын урсгалтай болгох. Хоёрт нь, харилцааны явцад хоёр талаар болон олон талаар хамтарч ажиллахдаа зээл тусламжийн бодлого ярихгүй. Харилцан ашигтай хамтын ажиллагааг ярьдаг байх зарчмын өөрчлөлт оруулсан. 

Та өөрөө санаж байгаа байх, сүүлийн хоёр жилд маш олон айлчлал болж өнгөрлөө. 

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш явуулж буй гадаад бодлого нь бүс нутагтаа тогтвортой, ардилсан, хоёр том хөрштэй мөртлөө гуравдагч хөршийн бодлогыг идэвхтэй явуулж ирсэн нь анзаарагдаж буй. Ийм учир бусад улс биднийг “тоож”, бас үнэлж байна. Мөн хүндэтгэж, бодит сонирхлоо илэрхийлж байна. Олон талт яриа хэлэлцээ, механизмыг монголчууд зөв, өгөөжтэй, эрчимтэй ашиглаж чадаж буй нь харагдаж байгаа болов уу. 

Дээрээс нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай гадаад бодлогын үзэл баримтлалын тольдсон хувилбар гадагш харагдсан. Хоёр хөршдөө айлчиллаа, хилийн болон шашин, цөөнхийн элдэв маргаан байхгүйг баталлаа. Үүний зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ ч тэнцвэртэй, амжилттай харилцаад явж байна. 

Та их зөв ажиглалт хийлээ. Бид өмнө нь социалист дэглэмтэй байсан, одоо ч байгаа, түүхэн уламжлалт найрсаг харилцаатай орнуудтай ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Иймд НҮБ дахь хамгийн хүчтэй бүлэгт биднийг гарын үсгээ зуран урьж байна. Хуралдаанд оролцож буй оролцоо маань өөрөө ихийг өгүүлж буй. 

Куба улсын ерөнхийлөгч өөрийн гарын үсэгтэй урилгыг хүргүүлсэн. Тэд биднийг уламжлалт найрсаг харилцаагаа хэвээр хадгалж байна уу, үгүй юу гэдгийг түншиж үзэх гэж байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ би тийм гэж хэлээгүй. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Куб андууд маань эдийн засгийн хоригт орсон, амаргүй байна. Энэ үед урилгын дагуу хүрэлцэн ирнэ гэдэг мөн бид яс чанар зааж буйнх. Ерөнхийлөгчийн уулзалтыг ажиглаж байхад цааш хоёр улсын харилцаа идэвхтэй хөгжихөөр байна. 

Мигель Диаз- -ыг Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсан. Өмнө нь урьсан ч цар тахлаас болоод очоогүй. Энэ удаад бол тэр заавал очно гэдгээ илэрхийллээ. Мөн шатахуун тээвэрлэгч машин дэлбэрсэн зэрэг эмгэнэлт үйл явдал бүрд манай ерөнхийлөгч захидал илгээж байсныг онцлон дурдаж байна. Тэр бүрийг анзаарч. 

-Газар зүй хувь заяаг тодорхойлно гэгчээр манай улсад бол хоёр хөршөө чухалчлах их асуудал болж явдаг. Энэ нь таны сая дурдсан гадаад бодлогын үзэл баримтлалд тод томруун туссан байгаа. Гэтэл энэ бодлогын дагуу аливаа харилцааны асуудлыг авч үзэхээр хуучин нийгмээ санаглзлаа гэж шүүмжлэх гээд байдаг. Ийм шүүмжлэлүүдийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийн хувьд та юу гэж хардаг вэ?

-Сошиалаар гадаад бодлого явуулж болохгүй. Нийгмийн амьдрал, магадгүй сонгуульд сошиалаар нөлөөлж болдог байж магадгүй. Зөвхөн Монголд биш, олон улсад ч тодорхой хэмжээнд ингэж явж байгаа. 

Гадаад бодлого бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Үүнд шийдвэр гаргах тусгай механизм гэж бий. Аливаа гадаад бодлогын шийдвэрийг шат дараатай судалж, бодож, дүгнэсний үндсэн дээр гаргадаг. “Хуучин социализмаа санагалзаж байна гэж шүүмжлээд байгаа, тэгвэл Куба руу явж болохгүй” ч гэдэг юм уу, ийм байдлаар хандаж болохгүй. 

Ер нь манай гадаад бодлогын үзэл баримтлал болох нээлттэй, олон тулгуурт гэдэгт маш том философи явж байгаа.

Нээлттэй гэдэг нь, аливаа нэг асуудалд “хэн нэгэн”-ийг тайван байлгах үүднээс “өөр нэгэн”-тэй харилцах ёсгүй гэдэг агуулга байхгүй гэсэн үг.

Тэгвэл, олон тулгуурт гэж юу гэсэн үг вэ. Тулгуурууд хоёрдогч болон гуравдагч хөршөөр тогтохгүй. Жишээ нь, гэгээн ширээт улс бол манай гуравдагч хөрш биш. Бид эдийн засгийн харилцаагүй, католик шашин шүтдэг хүн нь энд 1500 орчим байна. Харин энэрэл нигүүлсэл, энхийг эрхэмлэсэн философи нь бидний моральтай нэгддэг. Хоёрдугаарт Гүюг хааны үеэс улбаа бүхий түүхэн уламжлалтай. Плано Карпини бол Баруун Европоос Монголын эзэнт гүрэнд хүрэлцэн ирсэн анхны хүн юм. Ингэж загалмайтны ертөнц тэр даяараа монголчуудтай холбогдсон. 

Папыг урьсан нь гуравдагч хөршийн бодлого юм шиг боловч олон тулгуурт гадаад бодлогын нэг хэлбэр юм. Саяын айлчлалаар 55 орны 150 гаруй сэтгүүлч ирж, биднийг дэлхий нийтэд таниулж өглөө. Дээр нь Пап Францис “Эрх чөлөөний мэдрэмж эд эс бүхэнд нь оршдог учраас Монгол бол оюун санааны болоод шашин шүтэх эрх чөлөөний бэлгэ тэмдэг орон байхаас өөр аргагүй юм” гэж хэлсэн. Бидний өвөг дээдэс Хархорин хотдоо 12 шашны сүмийг зэрэгцүүлж байсан нь Ватиканы түүхэнд бичигдэж үлдсэн. Өнөөдөр ингээд хартал хэвээрээ байж байх жишээтэй. 

Бас нэг тулгуур нь Хойд Солонгос, Куба, Лаос гэх мэт социалист дэглэмтэй орнууд юм. Бид тэдэнтэй ахан дүүсийн, уламжлалт найрсаг харилцаатай байх хэрэгтэй. 

Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого гэдэг гурван үгийг дипломат бид шашны ном шиг давтаж, цусандаа шингэтэл ойлгодог. Тэгж байж гадаад бодлого ярина. Үг болгон нь учиртай. Аль болох Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлж ажиллах учиртай. 

-Саяын асуулт нь сошиал шүүмжлэлийг гадаад бодлогодоо тусгадаг уу гэсэн утгатай биш юм шүү. Харин олон нийтийн суурь ойлголтыг дээшлүүлэх, ялангуяа улсын язгуур эрх ашгийг чухалчлах учиртайг ойлгуулах чухал байгаад байна. Хөлсний жиргээчид гадаад бодлогод маш халтай зүйлс хийдэг. Энэ талаар тодруулсан юм?

-Яг тийм. Энэ бидний ажилд маш их хүндрэл учруулдаг. Саяхан л гэхэд “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч БНХАУ-д газар өгөх гэж байна” гээд л шуугилаа. Огт тийм юм болоогүй байх жишээтэй. Энэ бол гадаад харилцааны салбарт асар том шарх үлдээх боломжтой, осолтой. Биднийг албаар, бодлогоор тийм мэдээлэл явууллаа гэж асар том урд хөрш маань дүгнэхийг үгүйсгэхгүй.

Би бол шүүмжлэлд бага өртөх талаас нь харж, асуудлыг авч үздэггүй. Ер нь энэ хандлагыг үгүй хийхийн тулд гэгээрэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдлэг хэрэгтэй. Миний мэдэж байгааг тэр “бичигч” мэдэхгүй байна. Тэгэхээр би энэ талаар илүү их ярих ёстой юм байна. Жишээлбэл, төрийн айлчлалын үеэр заавал зам хаах хэрэгтэй болдог гэдгийг философийн түүхтэй нь ярьж өгч байж ойлгох байх. Бид долгинууртаа биш. Өнөөдөр биднийг Куб орон хэрхэн хүлээж авсныг харсан байх. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн норм юм л даа. 

Зам хаан хүндэтгэж угтлаа гээд иргэн Дорж, Дулмаагийн амьдралд ямар өөрчлөлт авчрах юм бэ гэж асууна. АНУ-ын ерөнхийлөгч ирлээ ч маргааш таны талхны үнэ бууна гэж байхгүй.Тийм байлаа гэхэд тэр аль нэг орноос хараат хэлбэр.

Хавана хотоос бэлтгэсэн өмнөх мэдээллүүд,

Хаванагаас мэдээлж байна: Хөгжиж буй орнуудын G77 хуралдаанд манай улс инновацын агуулгаар оролцононийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Куба дахь Монголын ЭСЯ-наас сурвалжлав: Монгол оюутнуудын тэтгэлгийг 200 ам.доллар болгож нэмлээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 18, 2023 04:38

тун ойлгомжгүй "ярилцлага" байна!

Холбоотой мэдээ

Back to top button