Өөрийг нь үхсэн гэх цуурхлыг Кадиров үгүйсгэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн, Чечень мужийн удирдагч Рамзан Кадыровыг нас барсан гэх цуурхал сүүлийн өдрүүдэд гарах болсон. Түүнийг хувийн эмчээ амьдаар нь булж хөнөөж, дараа нь эмнэлэгт команд орсон байдалтай хэвтэж байгаа, бүүр нас барсан гэж яриа сошиал орчноор их явсан билээ.
Тодруулбал ОХУ-ын батлан хамгаалах салбарт дотоод эх сурвалжтай гэх “VChk-OGPU” нэртэй Телеграм суваг энэ яриаг анх эхлүүлсэн байна. Тус суваг есдүгээр сарын 10-ны өдөр Чечений Ерөнхий сайдын орлогч асан, Кадыровын хувийн эмч Эльхан Сулейманов руу халдсан гэж мэдэгджээ.
Сошиал медиа дээр Сулейманов өөрийг нь хордуулсан тул Кадыров түүнийг амьдаар нь булсан гэх зүйл яригдаж буй.
Энэ талаар “Newsweek” сэтгүүл тус сувгаас иш татан мэдээлэхдээ “Сулейманов амьдаараа булшлагдан үхсэн эх яриа явж байгаа” гэж бичсэн байна. Мөн Украины хэвлэл мэдээллүүд, дотоод хэргийн өвлөх Антон Геращенко тэр Телеграм сувгийн мэдээллийг иш татсан аж.
Мөн Кадыров бөөрний архаг дутагдал эсвэл хордсоны улмаас эмнэлэгт команд орсон байдалтай хэвтэж байгаа гэж Геращенко Твиттер дээрээ бичсэн байна.
Тэгвэл эдгээр таамаглалыг үгүйсгэсэн бичлэг Кадыров ням гарагт /2023.09.17/ өөрийн Телеграм хуудас дээрээ нийтэлжээ. Тэрбээр тус бичлэгээ “Интернэт дээрх үнэн худлыг ялгаж чаддаггүй хүмүүст хандаж зөвлөхөд цэвэр агаарт зугаалж, бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй” гэсэн тайлбартай оруулсан юм.
Гэхдээ Кадыровын эрүүл мэнд сайнгүй байгаа гэх мэдээлэл үүнээс өмнө гарч байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Кадыров АНЭУ-ын ахлах бөөрний эмчийг Чечень руу авчирч эмчлүүлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Мөн түүнийг бөөр шилжүүлэн мэс засалд орж, тэр нь бүтэлгүйтсэн гэх яриа явсан.
ЗХУ нурж унасны дараа Чечень хоёр удаа ОХУ-тай дайтсан. Путин тус бүс нутагт тогтвортой байдлыг хадгалж, үймээн самууныг дарах ажлыг Кадыровоор гүйцэтгүүлдэг. Кадыров Чеченийг төмөр нударгаар удирдаж, тэд эрх баригчдыг шүүмжилсэн хүмүүст баривчлагдах, ял сонсох бүр цаашлаад алагдах аюул тулгардаг байна.
Хэрвээ Кадыровын биеийн байдал муудсан нь үнэн бол Чеченийг төмөр нударгаар зандрах хүн байхгүй болно.Энэ нь Путиний хувьд тийм ч таатай бус нөхцөл байдал үүсгэх билээ.
Эх сурвалж: Newsweek, New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.