Ливи: Грекийн аврах багийн 4 гишүүн авто ослоор нас барсан
Грекийн аврах багийн 4 гишүүн үерт автсан Дерна хот руу явж байх замдаа авто ослоор нас барсан талаар Ливи улсын зүүн бүсийн эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Ням гарагт болсон тус ослын улмаас гурван Ливи иргэн мөн харамсалтайгаар амь насаа алджээ.
Эрүүл мэндийн сайд Отман Абдулжалиел хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийхдээ Грекийн аврах багийн 15 гишүүнийг аварсан, тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байна гэсэн юм. Мөн хоёр Ливи улсын иргэний биеийн байдал хүнд байгаа аж.
Грекийн зэвсэгт хүчин энэ талаар мэдэгдэл хийхдээ эмнэлгийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус эсрэг чиглэлээс ирсэн машинтай мөргөлдсөн гэжээ.
Абдулжалиел нэмж хэлэхдээ “Ослын шалтгаан, нөхцөл байдлыг Ливи улсын эрх баригчид хамтран шалгаж байгаа. Бенгази хотод аврагчдыг цуглуулан, эх оронд нь буцаах ажил эхэлсэн” хэмээсэн байна.
Дерна хотод болсон хүчтэй үерийн улмаас 11,300 хүн нас барсан. Мөн үерт автсан газарт бохир ус хэрэглэсний улмаас 150 хүн хордлогод оржээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.