Гадаад хэвлэлд: Ш.Энхийн-Од бол "NBA"-д тоглох ирээдүйтэй анхны Монгол хүн

АНУ-ын “San Franciso Chronicle” сонин Шаравжамцын Энхийн-Одыг онцолсон байна. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Ш.Энхийн-Од хоол идэж байхаа зогсоогоод өөртэй нь ярихаар ирсэн зөөгч залуу руу харлаа. Зөөгч хүү “Уучлаарай чи USF-ийн тоглогч мөн үү. Манай найзууд чиний тухай зөндөө ярьдаг” гэж бараг шивнэх шахуу хэлэв.
Энхийн-Од түүний өөдөөс инээмсэглэлээ. Хажуугаар нь өнгөрч буй ихэнх хүмүүсийн хувьд тэр зүгээр л нэг коллежийн оюутан шиг харагдаж болно. Гэхдээ энэ газар бол Сан Францискод Монголчууд цуглан эх хэлээрээ ярьж, хөөрдөг Ноб Хилл дэх Монгол кафе юм.
Энэ хавьд Энхийн-Одоос өөр их яригддаг зүйл гэж байхгүй. “NBA”-ийн драфтаас нэрээ татаж, Дейтоноос Сан Францискогийн их сургуульд шилжиж ирсэн тэрбээр энд буй монголчуудын хувьд хамгийн том бахархал нь билээ.
8-аас 10 мянга гаруй монголчууд Сан Францискод амьдардаг гэсэн тоо баримт бий. Тэдний ихэнх нь Фэйсбүүк дэх Энхийн-Одын фэн пэйжний дагагч. 203 сантиметр өндөртэй бөмбөг удирдахдаа авьяаслаг тэрбээр “NBA”-д тоглох ирээдүйтэй анхны Монгол тамирчнаас гадна Үндэсний Коллежийн Атлетикийн Холбооны нэгдүгээр зэрэглэлд өрсөлдөж буй анхны Монгол хүн юм.
2009 онд Энхийн-Од 7 настай байхад түүний аав Шаравжамц нь Монголын дээд лиг дэх хамгийн сүүлийн тоглолтоо дуусгажээ. Шаравжамц өөрийнхөө цүнх рүү гараа сунган, XXXL хэмжээтэй цамцаа гарган ирж хүүдээ өгсөн байна.
Тэр үед хоёрдугаар ангид байсан Энхийн-Од яг юу болж байгааг шууд ойлгожээ. Хоолоо идэж байх зуураа 2009 онд болсон зүйлийнхээ талаар ярихдаа “Аав минь бамбараа надад дамжуулж өгсөн. Одоо чиний ээлж гэж хэлж байгаа нь тэр үйлдэл байсан юм” гэв.
Дараагийн таван жилийн турш Энхийн-Од долоо хоногийн таван өдөр 08:00-аас 13:00 цагийн хооронд Спортын төв ордонд очиж, аавтайгаа хамт бэлтгэл хийдэг байжээ. 12 нас хүрээд төд удалгүй Ази гаралтай тоглогчдыг АНУ-д дасан зохицоход нь тусалдаг АНУ-ын Сагсан бөмбөгийн академид суралцаж эхэлсэн байна. Тухайн үед тэр Англиар “Сайн уу” гэдэг үг л мэддэг байсан юм.
Энэ нь түүний сагсан бөмбөгийн замналын эхлэл байжээ. Дараагийн зургаан жилийн турш Энхийн-Од Орегон мужийн Блю Ривер, Охайо мужийн Ксения, Напа хот мөн Улаанбаатарт амьдарч, бэлтгэлээ хийсэн юм.
Улаанбаатарт очиход коронавирусийн цар тахал гарсан тул тэрбээр Кевин Дурантын тоглолтуудаас онцлох зүйлсийг үзэж, суралцсан байна.
2021 оны зун дахиад АНУ-руу явах боломжтой болоход тэрбээр үеэлийнхээ хамт Охайо мужийн баруун өмнөд хэсэгт суурьшиж, Мидуэст сагсан бөмбөгийн клубт тоглож эхэлжээ.
Сонирхогчдын Атлетикийн холбооны тэмцээний үеэр дасгалжуулагч Дэйв Бриски Энхийн-Одын талбайн мэдрэмж, арга барилыг хараад гайхширсан байна. Бриски түүний талаар “Би нүдэндээ итгэж чадаагүй. Энэ хүүхэд талбай дээр байгаа бусад тоглогчдоос хавьгүй илүү чадварлаг, хамгийн сайн тоглогч гэдэг нь харваас илт байсан. Гэхдээ яагаад ч юм бас хэн ч нүдэндээ итгэхийг хүсээгүй” гэв.
2021 оны арван хоёрдугаар сард Энхийн-Од Дейтонд тоглож эхлэхдээ “ESPN”-ийн ахлах сургуулийн шилдэг тамирчдын жагсаалтын 95-д орсон байна. Одоо тэрбээр Сан Францискогийн их сургуульд тоглож буй. “On3.com”-оос харвал Энхийн-Од Сан Францискогийн бүс дэх тамирчид дундаа хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй сагсан бөмбөгчин болжээ.
Тэрбээр 117,000 ам.доллароор үнэлэгдэж Стэнфордын их сургуулийн довтлогч Андрей Стояковичийн дараа, хоёрдугаарт жагссан байна. Энхийн-Од бидэнтэй ярилцахдаа “Би зүгээр л мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Бусад зүйлийг нэг их боддоггүй” гэсэн юм.
Эх сурвалж: San Francisco Chronicle
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
muruudliinxuu tuluu duul, nis
Аав нь дарга болхоор Боловсролын зээлийн сангаас �##########�