Украины дайн: Дани 45 танк өгнө, Зеленський НҮБ-ын уулзалтад оролцлоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцохоор даваа гарагт /2023.09.18/ Нью-Йорк хотноо хүрэлцэн ирсэн.
Түүнийг Нью-Йорк хотноо газардсаны дараа мягмар гарагт /2023.09.19/ ОХУ-ын арми Украины Львов хот дахь үйлдвэрийн гурван агуулахад агаарын цохилт өгсөн байна. Үүний улмаас нэг хүн нас барж, үйлдвэрүүдэд том хэмжээний гал гарчээ.
ОХУ мөн Херсон мужийн өмнөд хэсэгт оршдог хот руу пуужин харваж нэг цагдаагийн алба хаагч алагдан, хоёр энгийн иргэн бэртсэн байна.
Зеленський НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоосоо өмнө “Бидний хэлэх гэсэн үг холбоотон улсуудад маань хүрэх нь маш чухал юм. Хэрвээ НҮБ-д ОХУ-ын террористууд эзлэх байр суурь одоо хүртэл байгаа эсэх, үүнийг би НҮБ-ын бүх гишүүдээс асууж байна” гэж хэлсэн аж.
Украины цаг үетэй холбоо бүхий болсон бусад зүйлсийг жагсаавал
- Мягмар гарагт Украины шүүгч Антон Корыневич Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө үг хэлжээ. Тэрбээр “Дэлхийн улс орнууд Геноцидийн конвенцыг хүмүүсийг хамгаалахын төлөө үүсгэсэн. Харин ОХУ тус конвенцыг алан хядахын төлөө ашиглаж байна” гэсэн юм. Корыневич ОХУ-ыг Украинд явагдаж буй геноцидыг таслан зогсооно гэх шалтгаанаар дайн үүсгэсэн гэж Гаагийн шүүхийн өмнө хэлсэн байна.
- ОХУ Украины дайнд шаардлагатай хэрэгслийг армидаа хангахын тулд цэргийн техникийн үйлдвэрлэлээ арав дахин нэмжээ. Оросын хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч компани Ростек мягмар гарагт /2023.09.19/ мэдэгдэл хийхдээ пуужин, их бууны сум, дрон, байлдааны машин зэрэг хэрэгслийн үйлдвэрлэлийг арав дахин нэмсэн гэсэн юм.
- Дани улсын Батлан хамгаалахын сайд Троэлс Лунд Поулсэн Украинд 45 танк өгнө гэж мэдэгджээ. 30 ширхэг “Leopard 1” загвар, 15 ширхэг “T-72” загварын танк хандивлах болсон байна.
Эх сурвалж: The Guardian, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.