Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Дайвар бүтээгдэхүүний ЭРЭЛТ НЭМЭГДЭЖ, энгийн үеийн махны үнэтэй ДҮЙЦЖЭЭ

Хаврын улиралд махны үнэ тогтмол өсдөг хэдий ч энэ жилийн хувьд мах килограмм нь 16 мянган төгрөг хүрч, тэнгэрт хадсанаараа онцлог байв. Махны үнэ өсөхтэй зэрэгцээд дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, кг нь 8000 төгрөгт хүрчээ.

Энгийн үед дайвар бүтээгдэхүүнийг гэр хорооллын иргэд ихэвчлэн нохойн хоол хийх зорилгоор худалдан авдаг. Гэвч энэ хавар махны үнэ огцом өссөн тул иргэд хүнсэндээ хэрэглэх нь түгээмэл болсон байна.

-ЗҮРХ, ГОЛ МАХ, ГҮЗЭЭ ЗЭРЭГ НЬ 8000 ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ-

Мах, махан бүтээгдэхүүн хамгийн хямдаар зарагддаг ”Хүчит шонхор” зах дээр биднийг очиход худалдагчид “Энэ долоо хоногоос дайвар бүтээгдэхүүний эрэлт арай багасч байна. Энэ нь махны үнэ бууж байгаатай холбоотой” гэж тайлбарлаж байв.

Тэдний хэлж буйгаар хэдхэн хоногийн өмнө гэхэд л үхрийн зүрх килограмм нь 8000, гол мах 8000, хонины гэдэс 10 мянга, гүзээ 8000 төгрөг хүрсэн байна. Биднийг очих үеэр үхрийн зүрх 5000 төгрөг, хонины зүрх 4000, хонины гэдэс 5000, умс хятай 3500, толгой ширхэг нь 3500, гүзээ 5000, гол мах 6000, хонины элэг 1000 төгрөг болж хямдарсан байлаа.  

Гэвч бүх мах махан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаачид уг захаас нийлүүлэлт хийдэг бөгөөд зөвхөн энд л үнэ буусан байсан юм.

-ЗҮРХ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАГДАХЫН ЗЭРЭГЦЭЭ УМС ХЯТАЙ ХОВРЫН БАРАА БОЛЖЭЭ-

Бид “Хүчит шонхор” захаас хөдөлж, нийслэлийн зүүн бүсийн зах “Амгалан” захаар ороход махны үнэ тэнгэрт хадсан хэвээр байсан юм. Мөн үүнтэй адил дайвар бүтээгдэхүүний үнэ өндөр байлаа. Тухайлбал,

Үхрийн зүрх 6000, хонины зүрх 5000, гүзээ 5000, гургалдай 6000, умс хятай 5000, хонины гэдэс 15000,  хонины элэг ширхэг нь 1500, үхрийн элэг 2500, толгой 3500, бөөр 2500 төгрөгөөр тус тус зарагдаж байв.

Өөрөөр хэлбэл, “Амгалан” захын дайвар бүтээгдэхүүний үнэ “Хүчит шонхор” захаас  төрөл тус бүр нь  нэг кг тутамдаа 1000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байлаа.

Худалдагчид “Умс хятай хамгийн хурдан дуусдаг. Гэвч сүүлийн гурав хоногт авчирч чадсангүй, бидэнд олдохгүй байна. Иргэд хонь, үхрийн зүрхийг маш их худалдан авч байгаа. Аргагүй дээ тэр чигтээ мах юм чинь хэмээн ярьсан юм.

-66 САЯ ТОО ТОЛГОЙ МАЛТАЙ Ч ГУРВАН САЯ ИРГЭН НЬ МАХ ХУДАЛДАН АВЧ ДИЙЛЭХГҮЙ ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ  ХЭРЭГЛЭЭГЭЭ НЭМЭХЭД ХҮРЧЭЭ-

Дайвар бүтээгдэхүүн  “Хүчит шонхор” захаас тээвэрлэгдэж, “Амгалан зах” хүрээд, лангуу дээр өрөгдөхдөө үнэ нь ингэж өсч байна. Захуудад эрэлт харьцангуй ижил түвшинд байгаа нь анзаарагдав.

Хамгийн гол нь, “Амгалан” захаас Улаанхуаранд дэлгүүр ажиллуулдаг иргэн Дорж дайвар бүтээгдэхүүн авахдаа цааш нь дахиад л нэмж зарна гэсэн үг. Тиймээс ч иргэд дайвар бүтээгдэхүүнийг энгийн үеийн махны үнээр худалдаж авахад хүрээд байгаа нь  энэ юм.

Иргэдийн хувьд “Махаа дангаар нь хэрэглэж чадахгүй байгаа учраас дайвар бүтээгдэхүүн, дотрын татсан мах болон толгойн махны татсан махыг хольж хэрэглэж байна. Яг үнэндээ нөөцийн мах гэж хөрөөдөөд тавьчихсан нэл яс байдаг учраас дайвар бүтээгдэхүүн хамаагүй дээр байна”  хэмээн ний нуугүй ярьж байсан юм.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button