Саудын Араб, Турк “Tesla” компанийн үйлдвэртэй болох хүсэлтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Tesla” компанийн захирал Илон Масктай зургаадугаар сард уулзсан. Уулзалтын үеэр Оюун-Эрдэнэ тус компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн хүрээнд дэмжихээ илэрхийлсэн билээ.
Дээрээс нь “Tesla” компанийн цахилгаан машин үйлдвэрлэхдээ ашигладаг гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх хүсэлт тавьсан.
Энэ уулзалтаас өмнө, тавдугаар сард Маск “Tesla”-гийн шинэ үйлдвэрийг хаана барихаа 2023 оны сүүлээр сонгохоо мэдэгдсэн юм. Одоогоор тус компани зургаан үйлдвэртэй, долоо дахь үйлдвэрээ Мексикийн хойд хэсэгт оршдог Нуэво Леон мужид барьж байгаа.
Маск байршлаа сонгох цаг ойртож байгаа тул шинэ үйлдвэрийг нь улсдаа бариулах гэсэн улсууд “Tesla”-д санал тавьсаар байна. Тэгвэл тус компани ямар улсуудад үйлдвэр барих сонирхолтой байгааг харцгаая.
Турк
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт /2023.09.19/ Маскийг улсад нь үйлдвэрээ барих хүсэлт тавьсан.
Туркийн харилцаа холбооны газар “Tesla” Туркийн хэд хэдэн нийлүүлэгч компаниудтай хамтран ажилладаг, Турк бол дараагийн үйлдвэр барих хамийн том нэр дэвшигчдийн нэг гэж Маскийн хэлснийг иш татаж мэдээлжээ.
Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоор Нью-Йорк хотод ирсэн байхдаа Масктай уулзсан байна. Тус уулзалтын үеэр Эрдоган хиймэл оюун ухаан болон Маскийн “SpaceX” компанитай “Starlink”-ийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн аж.
Энэтхэг
Үүнээс гадна наймдугаар сард “Tesla” компани Энэтхэг улсад хямд үнэтэй цахилгаан машин үйлдвэрлэх үйлдвэр барих сонирхолтой буйгаа мэдэгдсэн юм. Тус компанийн удирдах албаны тушаалтнуудтай Энэтхэгийн Худалдааны сайд Пиюуш Гоял хаалттай уулзалт хийж, үйлдвэр байгуулах талаар хэлэлцсэн байна.
“Tesla” Энэтхэгт 24,000 ам.долларын үнэтэй цахилгаан машин үйлдвэрлэх үйлдвэр барих сонирхолтой буйгаа тус уулзалтаар илэрхийлсэн юм. 24,000 ам.долларын үнэтэй гэдэг нь тус компанийн ердийн загварын машинаас 25 хувиар хямдхан зарагдана гэсэн үг.
Саудын Араб
“Tesla” компани Саудын Араб улстай үйлдвэр байгуулах хэлэлцээг хийж байгаа гэж “Wall Street Journal” эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Гэвч тус нийтлэл гарсны дараа Маск үүнийг үгүйсгэн өөрийн Твиттер дээрээ “WSJ дахиад л огт худал мэдээлэл хийлээ" хэмээн жиргэсэн байна.
Саудын Араб цахилгаан машинд шаардлагатай газрын ховор металлуудыг Бүгд Найрамдах Конго гэх мэт улсуудаас худалдаж авах эрхтэй гэдгээрээ “Tesla” компанийг ятгахаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэтхэг сонгогдох нь гарцаагүй, турк юу л бол??