Малд явсан, голд живсэн гурван иргэнийг хайж байна

Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.19-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл нийт 120 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.20-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороо, “Шугуй” гэдэг газар 1 хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан 17:00 цагт очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн байсан тул тухайн газраас “Шугуйн-Адаг” гэдэг газар хүртэл 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум. Өвгөд багийн “Бэлчээр толгой" гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь 09.18-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин Б/38 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.19-ний өдрийн 19:10 цагаас 21:45 цаг хүртэл “Бэлчээр толгой” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 15 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.20-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.