Гвиней эрэгтэй мөрөөдлийн сургуульдаа сурахын тулд 4 мянган км дугуйтай явжээ
Гвиней улсын иргэн 25 настай Мамаду Сафаю Барри мөрөөдлийн их сургуульдаа сурахын тулд 6 улс дамжин, 4 мянган километр газраар дугуйтай явсан байна. Тэрбээр тавдугаар сард Гвиней улсаас гараагаа эхлэн, Баруун Африкийг дөрвөн сарын турш дугуйтай туулсны эцэст Египет улсад хүрэлцэн иржээ.
Барри Египетийн нийслэл Каирт үрэлцэн ирж, Аль-Азхар их сургуулиас тэтгэлэг авч чадсан байна. Тэрбээр “BBC” агентлагт хэлэхдээ Каирт хүрч ирээд тэтгэлэг авсандаа маш их баяртай байна гэж хэлжээ. Аль-Азхар бол Исламын шашны сунни урсгалын хамгийн нөлөө бүхий төвүүдийн нэг. МЭ 670 онд үүсгэн байгуулагдсан их сургууль юм.
Гэрлэсэн, нэг хүүхэдтэй түүнд Аль-Азхар сургуульд суралцах төлбөрийн чадамж, Египет рүү нисэх онгоцны зардал байгаагүй юм. Гэсэн хэдий ч алдартай их сургуульд суралцах боломж хайж Мали, Буркина Фасо, Того, Бенин, Нигер гэх мэт улсуудаар дугуутай аялан Египетэд очсон байна.
Мали, Буркина Фасо, Нигерт Исламын экстремист үзэлтэй бүлгийнхэн энгийн иргэд рүү дайрах хэрэг их гардаг. Энэ талаар Барри “Эдгээр улсуудаар аялах нь маш хэцүү, учир нь тэдэнд одоогоор аюулгүй байдлыг хангах тогтолцоо байхгүй. Мали бас Буркина Фасод хүмүүс над руу муу хүн шиг хардаг байсан. Дугуйтай явахдаа том буу, машинтай хүмүүсийг хаа сайгүй харсан” гэж ярьжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.